Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0357

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

            улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б-Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гын Б-Өд холбогдох эрүүгийн 2008003760122 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүрэг ... дугаар хороо ... хэсэг гудамж ... тоотод хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 25-25 тоотод түр оршин суух, Урьд

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Гын Б-Ө /РД:..../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б-Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо Мал тууврын ... тоот буюу иргэн Д.Аы нүүрс зардаг цэг буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, аккумулятор, аккумулятор цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Аы мэдүүлэг /хх-ийн 15х/, гэрч Х.Мийн мэдүүлэг /хх-ийн 25х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7х/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-20х/, шүүгдэгч Г.Б-Өгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40х/, шүүгдэгч Г.Б-Өгийн мэдүүлэг /хх-ийн 31-34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б-Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Мал тууврын ... тоот, иргэн Д.Аы нүүрс зардаг цэгийн /гараашийн/ цонхоор нэвтэрч, аккумулятор, аккумулятор цэнэглэгч зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7х/,

Хохирогч Д.Аы: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө манай Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо Их нарангийн МТ-ын ... тоотод байрлах нүүрс зардаг газар /гарааш/ ирээд орой 22 цаг гэж хаагаад маргааш өглөө нь ажил дээрээ 07 цаг гээд ирэхэд гараашийн цонхоор хулгай ороод аккумулятор, аккумулятор цэнэглэгч хоёр алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ба манай гараашид урьд шөнө нь ажил хийж байсан Г.Б-Ө нь хууль бусаар орж хулгай хийсэн гэдгийг мэдээд орой Буян-Өлзийг цагдаа нарт барьж өгсөн. Манайхаас хулгайлсан аккумулятор цэнэглэгчээ Ханын материалын эцсийн буудал дээр 15.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсныг би өөрийн мөнгөөр буцааж авсан. ...Хулгай орохын өмнөх өдөр Б-Өманай нүүрсэн дээр ажил хийсэн бөгөөд тэрбээр аккумулятор, аккумулятор цэнэглэгч зэргийг хаана байсныг мэдэж байсан. Мөн хулгай ороод гарсан цонхны доод талд Б-Өийн гутлын мөр нь байсан болохоор Б-Ө гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

Гэрч Х.Мийн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-нд зүс таних Б-Ө гэх залуу манай Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороон дээр байрлах авто засвар дээр ирээд шар өнгийн аккумулятор цэнэглэгчийг 15.000 төгрөгийн барьцаанд үлдээгээд явсан ба маргааш хоёр залуугийн хамтаар Б-Ө ирээд 15.000 төгрөг өгөөд аккумулятор цэнэглэгчээ аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дугаартай дүгнэлт: “нийт 270.000 төгрөг” гэх /хх-ийн 18-20х/,

Шүүгдэгч Б-Өгийн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би найзтайгаа таараад их нарангийн эцэст хоёулаа нэг шил архи хувааж уугаад тэндээсээ бид хоёр салсан. Тэгээд ганцаараа явж байгаад А гэх таньдаг хүнийхээ гэрийнх нь хажуугаар явж байгаад гэрт нь хүн байхгүй болохоор нь байшинтайгаа залгаа байдаг гараашийн цонхоор нь ороод дотроос нь 90 ампертай аккумулятор 1 ширхэг, аккумулятор цэнэглэгч зэргийг аваад эргээд цонхоор нь гарч яваад аккумуляторыг гадаа нэг хашааны буланд түр нууж орхичхоод цэнэглэгчийг нь хүнд 15.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгөөр нь архи, тамхи аваад дууссан. Харин аккумуляторыг өвсөн дотор нуусан байсан нь алга болсон байсан. Хохирлоо төлж барагдуулсан байгаа. Би өмнө нь Аы гараашид байдаг нүүрсийг нь хамт зардаг байсан, надад уг гарааш руу зөвшөөрөлгүй орох эрх байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хохирогч Д.А нь тус гараашийг сайжруулсан нүүрс хүлээн авч, хэрэглэгчдэд зарж борлуулах үйл ажиллагааг явуулахдаа ашигладаг болох нь хохирогч Д.Аы мэдүүлэг, мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Г.Б-Өгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул тухайн гараашийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Г.Б-Өнь хохирогчийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд Г.Б-Өнь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Б-Өг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Ад тус гэмт хэргийн улмаас 270.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Б-Өнь уг хохирлыг барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-Өд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...гэм буруу, зүйлчлэл дээр маргах зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.Б-Өгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б-Ө нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг барагдуулсан, мөн түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-Өд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б-Өгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Гын Б-Өг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-Өд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б-Өгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Б-Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ