Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 0372

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

           улсын яллагч Д.Туяана,

            шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Гийн Бд холбогдох 2008008560481 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа автомашины кузов засварын газар ажиллуулдаг гэх, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Гийн Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжинд Г.Тг тодорхой шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславч мурийлт, дээд уруулд хавантай” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Г.Тгийн мэдүүлэг /хх-ийн 13-14х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2423 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18х/, гэрч Г.Нын мэдүүлэг /хх-ийн 27х/, гэрч С.Бий мэдүүлэг /хх-ийн 31х/, шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/, шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжинд “өөртэй нь уулзахаас зайлсхийж, зугтаалаа” гэх шалтгаанаар Г.Тг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Г.Тгийн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө өөрийн гэртээ дүү нар болон найз охины хамт унтаж байсан чинь 02 цагийн үед ээжийг нас барснаас  хойш холбоогүй байсан найз Б гар утас руу залгаад гараад ир гээд байсан. Тэгэхээр нь би чадахгүй нь гэж хэлээд гар утсаа тасалсан чинь удалгүй хашааны гадаа машин сигналдаад байхаар нь би босоод хашааны үүдэнд гарахад Б ... УНХ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн автомашинтай Т, Б болон өөр хоёр залуугийн хамт ирсэн байсан. Тэгээд Б машинаас бууж ирээд надтай мэндлэхээр нь би зөрүүлээд мэндэлсэн чинь “чи хүн танихаа байсан юм уу” гээд миний хамар руу духаараа хоёр удаа мөргөсөн. Тэгэхээр нь би Бд хандан “чи намайг яасан гэж зодож байгаа юм” гэж асуухад машин авчхаараа өөрийгөө юмтай болсон гэж бодоод байгаа юм уу гээд гараараа толгой дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Энэ үед машинаас хамт явж байсан Б гэх залуу бууж ирээд салгасан. Тэгэхэд манай найз охин Н гэрээс миний араас гарч ирээд Бд хандан цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд машинтайгаа яваад өгсөн. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Бдухаараа хоёр мөргөж, гараараа 2-3 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2423 дугаартай:

“Г.Тгийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, дээд уруулд хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/,

Гэрч Г.Нын: “...Би Ттэй үерхэн дотносоод хоёр жил болж байгаа бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой Тгийн 2 дүүгийн хамт гэрт нь байж байхад Т орой таксинд явж байгаад 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед гаднаас орж ирсэн. Тэгээд унтах гээд байж байхад гар утас нь дуугарсан чинь Т аваад би гарч амжихгүй, одоо унтлаа гэж хэлсэн. Би хэн залгасан талаар мэдэхгүй байна. Тэгээд удалгүй гадаа машин сигналдаад эхлэхэд Т гэрээс гараад явсан бөгөөд удалгүй гаднаас хүмүүс муудалцаад байх шиг чимээ гарахаар нь араас нь гарсан чинь Т газар унасан байсан бөгөөд Б гэх залуу татаж босгож байсан. Харин Б “чи өөрийгөө машин авчхаараа томорсон гэж бодоод байна уу” гэж хэлээд духаараа 2 удаа хамар руу нь мөргөсөн. Тэгэхэд Б гэх залуу салгасан бөгөөд намайг цагдаа дуудах гэхэд бүгдээрээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

Гэрч С.Бий: “...Б хүнтэй уулзана гээд буугаад явчихсан. Тэгээд бид нарыг машин дотроо юм яриад байж байхад Б хүнтэй муудалцаад байгаа юм шиг надад сонсогдохоор нь би машинаас буугаад очиход Б миний зүс таних Т гэх залууг гэрээс нь дуудаж гаргаж ирээд барьцалдсан байсан. Би явж очоод Бийг салгахад Т нүүрээ дараад доошоо тонгойгоод сууж байсан. Би тэгэхээр нь Бийг салгаж аваад машинд суулгаад явцгаасан бөгөөд би салаад өөрийн гэртээ харьж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

Шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид нар пивоо уугаад сууж байгаад би найз Г.Тгийн гэр ойрхон болохоор нь хашааных нь гадаа очсон. Тэгээд би машины сигнал дарчхаад машинаас буугаад Тгийн хашааны гадаа очиж зогсоход Т гараад ирсэн бөгөөд би надаас яагаад өөрөө зайгаа бариад уулзахгүй, сонин зан гаргаад байгаа талаар бодохоор гомдоод Тг барьж аваад гараараа нэг удаа алгадаад нэг удаа духаараа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

                  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Б нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

                  Иймд шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...150.000 төгрөг авсан, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 14х/, хүсэлт /хх-ийн 62х/ зэргийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяана нь Г.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагчид танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул дээрх байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б овогт Гийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ