Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 0251

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Ж.Отгончимэг,

            шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Ж овогт Бийн Од холбогдох 2008004130317 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Дунд дарь Эхийн ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Алтайн ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Бийн О /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Алтайн ... тоотод гэртээ хамтран амьдрагч А.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зурагтын удирдлага нүүр лүү шидэж, толгой, нүүр нь тус газар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Огийн мэдүүлэг /хх-ийн 22х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1367 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29х/, аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 34-40х/, шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51х/, шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Онь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Алтайн .... тоотод гэртээ хамтран амьдрагч А.Ог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч А.Огийн өгсөн: “...Би О гэх хүнтэй хамтран амьдраад 8 жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй 8 настай хүү, 6 настай охинтой, гэрлэлтийн баталгаа байхгүй. Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Алтайн ... тоотод аавынхаа хашаа байшинд амьдраад 2 жил гаруй болж байна. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би гадуур ажилтай явахдаа нөхрийнхөө ... дугаарыг аваад гадуур явсан ба өдөр 14 цагаас эхлээд танихгүй дугаараас /одоогоор дугаарыг нь санахгүй байна/ эмэгтэй хүн манай нөхөртэй ярина гээд 3-4 удаа залгасан. Орой 22 цагт гэртээ ирээд Од юун хүн ингээд залгаад байгаа юм бэ гэж хэлтэл уурлаад зурагтын удирдлага нүүр рүү шидэж үстэж байгаад хоолой боож нүд, хамар, эрүүний тус газар цохисон. Өвдөглөж сууж байгаад дандаа толгой руу олон удаа цохиж зодсон. Үүнээс болоод миний зүүн гар зулгарч хэвлий орчмоор өвдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1367 дугаартай: “...А.Огийн биед баруун нүдний зовхи, хамрын нураанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалга, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29х/,

Аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 32-40х/,

Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 8 жил болж байна. Дундаасаа 8 настай хүү, 6 настай охинтой гэрлэлтийн баталгаа байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ хоёр хүүхдээ хараад байж байтал орой 21 цагийн үед гаднаас О орж ирээд “чиний гар утас руу танихгүй эмэгтэй хүн залгасан, чи намайг араар тавьсан байна” гэж бид хоёр хоорондоо маргалдсан. Эхнэр О уурлаад над руу сав суулга шидээд байхаар нь миний уур хүрээд 2 гарнаас дарж унагаагаад дээр нь гараад нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,

Шүүгдэгч Б.О, хохирогч А.О нар нь гэр бүлийн баталгаагүй ч 8 жил хамтран амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй болох тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул Б.О, А.О нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзэх ба шүүгдэгч Б.Онь эхнэр А.Ог “өөрийг нь хардлаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Онь хамтран амьдрагчаа зодож хөнгөн гэмтэл учруулсан идэвхтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Онь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар хохирол шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэг нь Б.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Од танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Онь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Бийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ