Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0232

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

            улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Цийн Бөд холбогдох эрүүгийн 1808019541564 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Хутаг Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр ... дугаар баг, Баянбулаг, баян өндөр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 264 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 245 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял болгож өөрчилсөн, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан, Ө овогт Цийн Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С х” караокены хаалгыг эвдэн орж караокены 2 ширхэг төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Б.Цийн мэдүүлэг /хх-ийн 24-26х, 153-154х/, тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29х/, шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/,  шүүгдэгч Ц.Бийн мэдүүлэг /хх-ийн 158-159х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С х” караокены хаалгыг эвдэн орж караокены 2 ширхэг төхөөрөмжийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Цийн өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С х нэртэй караоке зочид буудалд ...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуучны танил Б буюу Б гэдэг залуутай хамт засвар хийж байгаад 17 цагийн үед хаалгаа цоожлоод маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр караокены урд хаалгаар дотогш ортол караокены арын хаалга эвдэрсэн байдалтай байхаар нь эд зүйлээ шалгатал манай караокены вип өрөөнд байсан хоёр ширхэг караокены төхөөрөмж хулгайд алдсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Уг төхөөрөмжийн нэг ширхэг нь 750.000 төгрөгийн үнэтэй ба одоо нийлүүлээд 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Би Эрдэнэтийн багын найз Б буюу Бийг сэжиглэж байна. Б нь надтай хамт уг караокед 2-3 хоног засвар хийж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн үеэс эхлэн алга болчихсон, надад нэг л сэжигтэй санагдаад байна. Мөн Б нь урьд өмнө хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан гэж сонсож байсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ээ, Б нь их ядарсан хүн байдаг юм. Хохирол барагдуулаагүй. Одоо юу ч авах билээ. Тэгээд ч таньж мэддэг улсууд учраас хуулийнхаа дагуу л шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 153-158х/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...920,000 төгрөг” /хх-ийн 27-29х/,

Шүүгдэгч Ц.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын үеэр буюу цагаан сарын үеэр Эрдэнэт хотод байх гэрээсээ Улаанбаатар хотод ажил хийх санаа зорилготой орж ирсэн. Би 2018 оны 04 дүгээр сарын үед бөхийн өргөө хавьцаа ажил хайгаад явж байхад Ц гээд нэг нутгийн танил найзтайгаа тааралдаж, би ажил хайж байгаагаа хэлж байсан, тэгээд 04 дүгээр сарын 08-ны өдөр гэж санаж байна, над руу залгаад “барилгын дотор заслын ажил байна, ирж будаг шаврын ажил хийх үү, цалин мөнгөө тэгж байгаад тохироод өгнө” гэж хэлж байсан. ...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн автобусны буудлын баруун талд байх хоёр давхар ягаан өнгийн барилга дотор нь караоке баар буудал байсан бөгөөд нийт 3 хоног замаск хийж, хашааг нь цэвэрлэж, хашааны хаалгыг нь янзалж байсан. Тэгээд 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой Ц бид хоёр ажлаа дуусгаад гарч яваад надад нэг шил 0.33 литрийн архи авч өгсөн. Би тэр архийг нь ойролцоох гудамж руу орж уугаад тэгээд дахиж архи уумаар санагдаад мөнгө байхгүй байсан учир тухайн барилгын хойд хаалгыг нь хөшиж байгаад татаж онгойлгоод дотогш орж нийтийн том заалны текен дээр байсан хоёр ширхэг саарал өнгийн караокены төхөөрөмжийг дангаар нь авсан. Би утас залгуур, микрофон зэргийг аваагүй. Ингээд уг төхөөрөмжийг аваад орсон хаалгаараа гарч яваад урагшаа уруудаад бариад явж байтал нэг явуулын хүн зарах гэж байгаа юм уу гэхээр нь тиймээ гэж хэлээд 50.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд мөнгөө аваад хэд хоног архи уугаад дахиж Цтэй уулзаагүй, яриагүй, сураггүй болсон. Би уг хэрэгт холбогдсондоо гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-160х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь ихэвчлэн нууц, далд аргаар үйлдэгддэг ба шүүгдэгч Ц.Бийн хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хэрхэн тус караоке баарны хаалгыг хөшиж эвдэн нэвтэрсэн тухай, юу авч гарсан, ямар хүнд зарсан талаараа  мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт харилцан зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч Б.Цийн алдсан эд зүйлийн шинж, тоо ширхэг, нэвтэрсэн гэх газрын байрлал, эвдэлсэн гэх эд зүйлтэй тохирч байх тул шүүгдэгч Ц.Бийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжтой байна.

Үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий бусдын эзэмшлийн объект руу хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжийг хангаж байх тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд Ц.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Ц.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг гаргасан боловч дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон, өмгөөлөгчийн гаргасан саналын үндэслэл нь дээрх үйл баримтаар үгүйсгэгдэж, няцаагдсан тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуульзүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Бийг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Ц.Бийн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цэд 920.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “...Надад одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж, нэхэмжлэлээсээ татгалзсан /хх-ийн 153-154х/ байх тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бөд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү ” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ц.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр зохицуулагдсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч нь прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон тул шүүгдэгч Ц.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бөд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялаас хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Ө овогт Цийн Бийг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Ц.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ