Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 611

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Д-д холбогдох 1908 0104 50457 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 27 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Грэйт” салонд үсчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. Б овогт Н-ын Д, регистрийн дугаар:**********

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” нэртэй бааранд “бүжгийн талбай дээр түлхлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн Б.Э-ийн толгой хэсэгт пивоны шилээр цохиж түүний эрүүл мэндэд “духанд шарх, цээж, баруун гарын сарвуунд шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” нэртэй бааранд “бүжгийн талбай дээр түлхлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн Б.Э-ийн толгой хэсэгт пивоны шилээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан болох нь:

-хохирогч         Б.Э-ийн цагдаагийн байгууллагад гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны ойролцоо 02 сарын 12-ны өдөр 888 бааранд бүжиглэж байгаад үстүүлж, шилээр цохиулсан тус хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх гомдол /хх-4/,

- хохирогч Б.Э-ийн:...2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ...Баянхошууны тойрогт байрлах 888 нэртэй бааранд орж пиво ууж бужиглэж байгаад миний ардаас хажууд байсан эмэгтэй түлхээд байсан. Тэрнээс болж маргалдсан...суух гээд явж байтал ардаас энэ Д гэх эмэгтэй хөөе гэж дуудаад миний зүүн нүдний дух орчимд пивоны шилээр нэг удаа цохиж толгой хагалсан...Миний зүүн нүдний, дух орчим хавдаж цус гарсан. Цээж орчмоор хумсны шарх үүсчихсэн байсан. Бүжгийн тайлбай дээр намайг түлхэхээр нь би больчих гэсэн чинь хажууд байсанэмэгтэй нь манай найз согтуу байна гээд холдуулсан...гэх мэдүүлэг/хх-8-9, 15-16/,

-шинжээчийн дүгнэлт :1.Б.Э-ийн биед духанд шарх, цээж, баруун гарын сарвуунд шалбаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-12/,

- гэрч М.Б-гийн:..2019 оны 02 дугаар сарын 11-нд Э эгч, манай эхнэр Ш, миний төрсөн дүү Б болон түүний нөхөр бид нар бааранд орж жоохон сууцгаасан. Бид нар бүжгийн талбай дээр байхад Э-ийн араас хүн түлхээд байсан ба маргалдаад байх шиг байсан...Тэр Э-тэй маргалдаад байсан эмэгтэй ширээн дээрээс пиво авч ууж байгаад шилээр нь Э-ийн толгой руу цохисон, тэгтэл толгойноос нь цус гарч байхад тэр үл таних эмэгтэй үснээс нь татаад зулгаагаад байхаар нь би салгасан...би эрүүл байсан...гэх мэдүүлэг/хх-18/,

- шүүгдэгч  Н.Д-ын:...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Б.Э-ийн биед духандахь шархыг би пивоны шил шидэж үүсгэсэн, цээж, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтлийг Э-тэй гараараа ноцолдож байхдаа үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Д-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь хохиролд 400,000 төгрөг авсан, гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн /х-45-46/ байх тул  шүүгдэгчийн хувьд хохирогчид төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:                   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ урьдчилан төлөвлөөгүй буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчгэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үсчин ажилтай, нөхөр 2 хүүхэдтэй зэрэг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Н.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Д-д оногдуулсан 500.000төгрөгийн торгох ялыг 3сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгохялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Д-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Д-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР