Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 636

 

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүгчГ.Ганбаатардаргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х овогт Д-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээряллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн1908 0236 30801 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Х овогт Д-ын Ц, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, 62 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 11 дүгээр гудамжны 04 тоотод байнга оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 6 дугаар гудамжны ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар **********.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо “Хөхий” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Г.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхад нь “над руу чулуу шидлээ” гэх шалтгаанаар толгой, нүүр, мөр хэсэгт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо “Хөхий” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Г.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхад нь “над руу чулуу шидлээ” гэх шалтгаанаар модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь :

- хохирогчГ.М-ын:...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай ажлынхан бид архи уусан...Би эхнэр Э-г дагуулаад тэндээс гарсан, гэрт очоод эхнэрээ оруулчихаад “би дэлгүүр ороод тамхи аваад ирье” гээд гараад засмал замын тэнд үл таних 2 хүнд зодуулсан байсан. Би толгой болон шанаан хэсэгтээ оёдол тавиулсан, тархины зургаа авахуулахад 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг нийт 128.000 төгрөгийн зардал гарсан...гэх мэдүүлэг /хх-11/,

- шинжээчийн дүгнэлт : Г.М-ын биед зулай, дух, уруулын гадна хэсэгт шарх зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дал шуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-24/,

-“Мөндөөхөй” цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:...Г.М 2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой зодуулсан бичлэгийг уншуулахад...согтуу бололтой хүн урд явж байгаа хүн рүү газраас нэг зүйл шидэх мэт гараа савж байх ба...малгайтай хүн гартаа мод мэт зүйл барьж газар сууж буй хүний дээрээс 6-7 удаа цохиж хажууд хамт явсан эрэгтэй хүн салгаж болиулж байв.../х-8/, 

- гэрч Т.Г-ийн:...Ц бид хоёр 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өрийн 23 цаг өнгөрөөгөөд Суурийн гэрээс гараад зам дагаад урагшаа алхаж явж байтал нэг согтуу хүн дэлгүүрийн үүдэнд сууж байсан. Тэр залуу бид хоёрыг харснаа хоёр хулгайчаа гээд дагаад орилоод байсан. Тэгээд араас гүйцэж ирээд намайг түлхээд Ц руу чулуу шидсэн чинь нөгөө чулуу нь Ц-ын зүүн тал руу оносон юм шиг байсан. Тэгтэл Ц газраас нөгөө согтуу залуугийн зүүн мөр хавьцаа руу цохичихсон тэр залуу газар суучихаад орилоод байсан. Тэгтэл цаанаас нэг залуу цагдаа болон түргэн дуудсан. Тэгээд түргэний эмч ирээд нөгөө залуу бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг дээр очсон...”гэх мэдүүлэг /хх-18/, 

- шүүгдэгч Д.Ц-ын:...2019 оны 4 дүгээр сарын 28-ны орой 22 цагаас 23 цагийн орчим Баянхошууны зүүн салаанд байдаг Суурь гэдэг найзындаа Гансүх бид хоёр очсон, гэрээс гараад гудамжаар доошоо уруудаад явж байтал хохирогч М согтуу “Энэ хоёр пиздаг ална” гэж хашгарч бид хоёрын ардаас гэнэт гарч ирээд хөөсөн...гэтэл М гүйцэж ирээд Г-ийн хувцаснаас нь барьж зодох гэхээр нь би найз Гансүхийг өмөөрч урдаас нь яваад очтол М миний урдаас газраас чулуу аваад шидсэн. Тэр чулуу нь миний цээж орчим оносон...би уурлаж ойр орчмоос эд зүйл хайж байгаад тарьсан мод хамгаалсан модон хайсыг сугалж аваад М-ын толгой, нүүр хэсэг рүү нь модоороо 2-3 удаа цохисон. М доошоо толгойгоо бариад хэвтчихсан...би М-ыг зодож биед нь гэмтэл учруулсан. Миний буруу их гэмшиж байна...Би дэлгүүрийн камерын бичлэгийг очиж үзсэн. Тэр бичлэг дээр би М-ыг нэлээн хэдэн удаа модоор цохиж байгаа бичлэг байгаа юм. Би тухайн үед уур хүрчихсэн байсан болохоор зарим юмыг дутуу хэлсэн байна лээ. Миний нүдээр харахад М-ын нүүр цус болчихсон байсан. М өөр хүнд зодуулсан эсэхийг мэдэхгүй байна. М-ын эмчилгээний бодит хохирлыг төлнө...гэх мэдүүлэг /хх-36-37/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Ц нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохиролд 238.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн ба хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.  

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :          . 

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь ганцаараа амьдардаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Ц-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ц-т оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгохялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Д.Ц-т мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР