| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 151/2016/0024/э |
| Дугаар | 2017/ДШМ/24 |
| Огноо | 2017-05-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2017/ДШМ/24
Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг
Шүүгдэгч Т.Дэлгэрбаярын өмгөөлөгч Т.Амгаланбат
Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Алтанцол
Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлоор Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Дэлгэрбаяр, Л.Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн 2016 1900 0085 дугаартай 2 хавтас 492 хуудас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын харъяат, Дундговь аймгийн Мандалговь суманд 1988 оны 05 сарын 08-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн 4-р баг Хадад толгой гэх газар оршин суудаг, /Иргэний үнэмлэхний хаяг: Дундговь аймгийн Сайнцагаан сум 1-р баг Наран гэх газар/, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Төгрөг овогт Лхагванямын Болдбаатар, /РД:ЗФ88050815/.
Монгол Улсын харъяат, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1995 оны 05 сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Цагаан ус 1-14 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ, /РД:ЕЙ95051110/.
Монгол Улсын харъяат, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1996 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн 4 дүгээр баг Улаан ус гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрбаатарын Дэлгэрбаяр, /РД:ЕЙ96081517/.
Монгол Улсын харъяат, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1999 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан ус 1 гудамж 9 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Лхагвасүрэнгийн Тэмүүжин, /РД:ЕЙ99010115/.
Шүүгдэгч Л.Болдбаатар, Т.Дэлгэрбаяр нар нь бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-даар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ханан гэх газраас иргэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн духан дээрээ сартай хар зүсмийн сувай үнээ, сарман зүсмийн хязаалан насны эр үхэр, эвэртэй ягаан судалтай бэдэртэй эр бяруу зэрэг 3 тооны үхрийг 14-97 ГСА улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3-р багийн нутаг Модонгийн Шивээний худаг гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн улаан халзан, хар сарман халзан зүсмийн 2 тооны соёолон гунан үхрийг 14-97 ГСА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нар нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Авдар уулын энгэр гэх газраас иргэн Д.Бат-Итгэлийн өмчлөлийн мухар улаан халзан гуна, эвэртэй улаан халзан зүсмийн 2 тооны соёолон насны гунан үхрийг 14-97 ГСА улсын дугаартай Хьюндай портер тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас хязаалан насны 2 тооны үхрийг 64-08 ГСА улсын дугаартай Хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны хооронд Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан Ухаа 2 дугаар багийн нутаг Сайн хөөт гэх газраас иргэн Ч.Батцэрэнгийн өмчлөлийн эвэртэй улаан зүсмийн, эвэргүй улаан зүсмийн хязаалан насны 2 тооны үхрийг 64-08 ГСА улсын дугаартай Хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1-р багийн нутаг Элгэн гэх газраас иргэн Б.Ганзоригийн өмчлөлийн мухар улаан алаг зүсмийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн өмчлөлийн бэлхүүс алаг, улаан зүсмийн хязаалан насны үхэр зэргийг 64-08 ГСА улсын дугаартай Галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны 99 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас хязаалан насны 2 тооны үхрийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,
Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Шүүгдэгч Төгрөг овогт Лхагванямын Болдбаатарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж, 2.100.000 төгрөгийн, иргэн Т.Дашдаваагийн 2 тооны соёолон гунан үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн, иргэн Д.Бат-Итгэлийн 2 тооны соёолон насны гунан үхрийг 3.000.000 төгрөгийн, иргэн Ч.Батцэрэнгийн хязаалан насны 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн, иргэн Б.Ганзоригийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн хязаалан насны үхэр зэргийг хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнх-Эрдэнийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Т.Дашдаваагийн 2 тооны соёолон гунан үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн, иргэн Д.Бат-Итгэлийн 2 тооны соёолон насны гунан үхрийг 3.000.000 төгрөгийн, Ч.Батцэрэнгийн хязаалан насны 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн, иргэн Б.Ганзоригийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн хязаалан насны үхэр зэргийг хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Дэлгэрбаярыг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Б.Бат-Эрдэнийн 3 тооны үхрийг хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Бэсүд овогт Лхагвасүрэнгийн Тэмүүжинг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Д.Бат-Итгэлийн 2 тооны соёолон насны гунан үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн, иргэн Ч.Батцэрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн, иргэн Б.Ганзоригийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн хязаалан насны үхрийг хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дэлгэрбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Л.Болдбаатарыг 3 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Л.Тэмүүжинг 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Болдбаатарт оногдуулсан 3 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн, ялтан Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн, ялтан Л.Тэмүүжинд оногдуулсан 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нараас хувь тэнцүүлэн 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,
Энэ хэрэгт хураагдаж ирсэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Болдбаатарт буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас алдагдсан гэх хязаалан насны 2 тооны үхрийн хууль ёсны эзэмшигч нь нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний нэхэмжлэгч Ш.Батмөнх нь Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж,
Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 64-08 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01092317 тоот гэрчилгээ, Л.Болдбаатарын №1053779 дугаартай В ангилалын жолооны үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож,
Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын цагдан хоригдсон 14 хоног, шүүгдэгч Л.Тэмүүжингийн цагдан хоригдсон 3 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нар нь хохирогч Б.Бат-Эрдэнэд 2.100.000 төгрөгийн, хохирогч Т.Дашдаваад 3.000.00 төгрөгийн, Д.Бат-Итгэлд 3.000.000 төгрөгийн, Ч.Батцэрэнд 2.000.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн, хохирогч Б.Ганзоригийн 1.000.000 төгрөгийн, хохирогч Ш.Төмөрхуягийн 1.200.000 нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нараас хувь тэнцүүлэн 733.333 /долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Ганзориг, Ш.Төмөрхуяг нарт тус тус олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үзүүр хэсэг нь хугархай цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, улаан эрээн өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр
зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Т.Дэлгэрбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Алтанцол давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 27-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч миний өмгөөлөлд байгаа шүүгдэгч Т.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201619000085 тоот хэргийг хэлэлцээд, тэднийг ЭХ-ийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар гэм буруутайд тооцон, эд хөрөнгө хураахгүйгээр, Л.Болдбаатарыг 3 сар 20 хоног, Б.Мөнх-Эрдэнийг 3 сар 10 хоног баривчлах ял оногдуулан, гэмт хэргийн учруулсан хохирол, гэм хорыг гаргуулах, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 64-08 ГСА болон 14-97 ГАС авто машиныг битүүмжлэлээс чөлөөлсөн ба авто машины үнийг ЭХ-ийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 99 тоот шийтгэх тогтоол гаргасан юм.
Уг шийтгэх тогтоолын 9-р заалтыг буюу ЭХ-ийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасан заалтыг зөрчин авто машины үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргахаар заасан тул бид энэ заалтыг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Хэрэгт авто машинуудыг өмчлөгч, эзэмшигч нарын зөвшөөрөлгүй үйлдсэн гэмт үйлдлүүдэдээ ашигласан нь тогтоогдсон байхад өмчлөгч, эзэмшигч нарт олгох эсэх асуудлыг шийдвэрлэлгүй, түүнийг үнийг нь шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулж, уг мөнгийг улсын орлогод оруулахаар заасан нь ЭБШХ-ийн 284-р зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг зөрчиж байгаа ба шүүх ЭХ-ийн 49-р зүйлийн 49.2-д заасныг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэн үзэж байна.
Иймд уг шийтгэх тогтоолын 9-р заалтыг хууль болон УДШ-ийн 2006 оны 2-р сарын 20-ны өдрийн 01 тогтоолын 09-д заасны дагуу шийдвэрлэн, миний өмгөөлөл дор байгаа Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарыг үндэслэлгүй төлбөрөөс чөлөөлөх тухай шийдвэр гарган өгөхийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас бид хүсэж байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Болдбаатар, Т.Дэлгэрбаяр Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-аас 2016 оны 05 сарын 12-ны хугацаанд Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн нутгаас 6 удаагийн үйлдлээр иргэдийн 13 тооны үхрийг машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумаас хязаалан насны 2 үхэр хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Шүүгдэгч Л.Болдбаатарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 5 удаагийн үйлдлээр иргэдийн 11 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж, 4 удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Дэлгэрбаярыг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж, 1 удаагийн үйлдлээр иргэдийн 3 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.Тэмүүжинг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж, 3 удаагийн үйлдлээр иргэдийн 6 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дэлгэрбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарт баривчлах шийтгэл оногдуулан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас хх-03-08, 72-78/, эд зүйлийн үнэлгээ /1 хавтас xx-23, 54, 67, 2 хавтас хх-55/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас хх- 38-39/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас хх-46-48,49,58-61/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас хх-165-167/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн №115,116 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас хх-14-17, 19-25/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас хх-26-29/, хохирогч иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг шалган тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.
Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Алтанцолын “...авто машинуудыг өмчлөгч, эзэмшигч нарын зөвшөөрөлгүй үйлдсэн гэмт үйлдлүүддээ ашигласан нь тогтоогдсон байхад өмчлөгч, эзэмшигч нарт олгох эсэх асуудлыг шийдвэрлэлгүй, түүнийг үнийг нь шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар заасан нь ЭХ-ийн 49-р зүйлийн 49.2-г буруу тайлбарлан хэрэглэсэн тул Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарыг үндэслэлгүй төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
Шүүгдэгч нар хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн Д.Анхцэцэгийн эзэмшлийн 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн автомашин, Ц.Дашзэгвийн эзэмшлийн 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн автомашиныг эзэмшигч нарт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ /нийт 5.800.000 төгрөг/-ийг шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нараас хувь тэнцүүлэн 1.450.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Болдбаатар Т.Дэлгэрбаяр нарыг 2014 оны 12 сарын 10-даар бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Б.Бат-Эрдэний өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт буруутайд тооцож, шүүгдэгч Т.Дэлгэрбаярт холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч Л.Болдбаатарын тухайн үйлдэл болон шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын 2015 оны 06 сарын 14-с 15-нд шилжих шөнө бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг орхигдуулсан байна. Дээрх үйлдлүүд нь өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дах хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал орхигдуулсан,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дах заалтанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийн, 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгохоор заасан атлаа тэдгээр тээврийн хэрэгсэлүүдийг хэнд олгохыг заалгүй орхигдуулсан,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтанд хохирогч Ш.Төмөрсүхийн нэрийг Ш.Төмөрхуяг гэж буруу бичсэн байна.
Иймд дээрх байдлаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцолын “Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарыг үндэслэлгүй төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дах заалтын “...Тэмүүжин...” гэсний дараа “...нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,
-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дэлгэрбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Л.Болдбаатар Т.Дэлгэрбаяр нарын бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлсан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дах заалтын “...битүүмжлэлийг тус тус хүчингүй” гэсний дараа “...болгож, 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Анхцэцэгт, 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Дашзэвэгт буцаан олгосугай” гэж,
-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтын “...Ш.Төмөрхуяг...” гэснийг “...Ш.Төмөрсүх...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нь магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Г.БОЛОРМАА