Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 009

 

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... багийн оршин суугч Б овогт  Х.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Х газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ”Ажилд томилох тухай” 41 дугаартай тушаалыг хүчингүй болгох, тус газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоог нийтэд мэдээлэх, сул орон тооны захиалгыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэхийг газрын даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, гуравдагч этгээд тус аймгийн Х газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Би аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд одоогоор нөөцөд байгаа иргэдээс  онооны дэс дарааллаар эхэнд нь байгаа юм.  2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан байх ба хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний  ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Өмнө нь би дээрх орон тоо шинээр бий болно гэдгийг сонсож, уг орон тоонд ажиллах тухай хүсэлтээ газрын даргад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын эхээр дахин хандсан боловч дарга Е нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц,  орон тоо одоогоор албан ёсоор батлагдаагүй, аймгийн Засаг даргын захирамж гарна, үүний дараа нийтэд зарлана гэж  итгэл  үнэмшил төрүүлж томилгооны асуудлыг хойшлуулсаар ирсэн юм. Гэтэл тус газрын дарга  нь байгууллагын бүтэц, орон тоо  батлагдсаны дараа хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд  анх орох  иргэний нөөцийн  жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд сонгон шалгаруулж авах тухай  хүсэлтээ салбар зөвлөлд хүргүүлээгүй, сул орон тооны талаар нийтэд мэдээлээгүйгээс гадна төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны тухай хуульд заасан тухайн ажлын байранд тавигдах  ерөнхий болон тусгай  шаардлагыг хангаагүй иргэн  Мыг маргаан бүхий орон тоонд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай тушаалаар шууд томилсон  шийдвэр гаргасан нь  хуульд нийцээгүй болно. 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, зохих журмын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, нөөцөд  бүртгэгдсэн  одоогийн байдлаар тухайн чиглэлийн орон тоонд онооны дарааллаар эхний ээлжид байгаа О  намайг Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн  эрх бүхий этгээдийн хууль ёсны шийдвэрийн үндсэн дээр тухайн орон тоонд томилох ёстой байсан. 

Хариуцагчийн дээрх хууль бус шийдвэр, эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан ил тод байх, 4.2.4-т заасан иргэн хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд анх орох адил тэгш боломжтой байх гэсэн зарчимтай тус тус нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч миний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, төрийн албаны баталгаагаар хангагдах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань зөрчсөн гэж үзэж байна. 

Би анх Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Мыг ажилд томилох тухай 29 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан ба хэргийн материалтай танилцаж үзэхэд, Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай тушаалаар М-ыг жинхлэн томилсон байна.

Иймд ажил олгогч хууль зөрчиж, төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албанд ажиллаж байгаагүй, нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол гараагүй хүнийг маргаан бүхий орон тоонд томилсон нь хууль бус гэж үзэж байгаа. 

Иймд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Мыг ажилд томилох тухай 29 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Мөн  аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох О намайг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд томилуулахаар нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг даалгах тухай шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэлийн бусад шаардлага хэвээр, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  “Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” А/34 дугаартай  захирамжаар хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний 1 орон тоо шинээр нэмэгдсэн билээ. Энэхүү орон тооны талаар нийтэд мэдээлэх, нөөцөөс нэр дэвшүүлэх тогтоол хүргүүлэх талаар хуульд заасан боловч ажлын зайлшгүй шаардлагаар ажил хүсэж өргөдөл ирүүлсэн Мын материал нь уг  ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тул түр орлон гүйцэтгэгчээр томилон авч ажиллуулсан. 

Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл албан ёсны бүрдсэний дараа хуулийн дагуу уг орон тоог нийтэд мэдээлж, сул орон тооны захиалгыг хүргүүлнэ. 

Тус орон тоонд ажиллаж байгаа М нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн учраас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн жинхлэн томилон ажиллуулж байгаа болно гэжээ. 

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Би Гадаадын иргэдийн харьяатын газарт гэрээгээр ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусаж, байгууллагын бүтцийн өөрчлөлт хийгдэж, орон тоо цомхтгогдсоноор 2017 оны 02 дугаар сард  Х газарт өргөдөл өгсөн. Аймгийн Засаг даргын  2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгосон байдаг. Миний гаргасан хүсэлтийн дагуу газрын даргаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тушаал гарч, би  хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 

Харин тухайн үед миний төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн хугацаа дууссан учраас маргаан бүхий орон тоонд анх намайг түр томилсон бөгөөд дараа нь миний бие төрийн албаны шалгалт өгөх гэж бэлдсэн боловч манай аймагт Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл байгуулагдаагүйн улмаас би Төрийн албаны зөвлөлийн Улаанбаатар хот дахь салбар зөвлөлийн ажлын албаны дарга н.Баатарсайхан гэдэг хүнтэй утсаар холбогдож “... манай аймагт Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүрдээгүй байгаа би төрийн албан тушаалд жинхлэн томилогдохын тулд хаана шалгалт өгөх вэ ...” гэж тодруулахад, “... Монгол Улсад төрийн алба нэг л байдаг учраас төрийн албаны шалгалт зарлагдсан газарт очиж шалгалт өгөх боломжтой ...” гэхээр нь би 2017 оны 04 дүгээр сард Баянхонгор аймагт очиж төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөд тэнцэж ирсэн юм.

Ингэж намайг анх ажилд томилохдоо ямар нэгэн хууль, журам  зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэн томилсон байгаа. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ...хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно..., Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын  3.1-т  ...Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ... гэж тус тус заасны дагуу намайг томилж ажиллуулсан. Тухайн үед манай аймагт Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл байгуулагдаж үйл ажиллагаа явуулаагүй байсан учир хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нийтэд, мэдээлэх, сул орон тооны захиалгыг салбар зөвлөлд хүргүүлэх боломжгүй байсан учир намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 

Нэгэнт манай аймагт Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл байгуулагдахгүй нь тодорхой болсон учир миний бие 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж 75.9 оноо авч шалгалтад тэнцсэн. 

Иймээс намайг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дүгээр тушаалаар хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр жинхлэн томилсон. Тухайн үед аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл мөн байгуулагдаагүй байсан учир нэр дэвшүүлэх боломжгүй байсан. Би одоо дээрх албан тушаалд ажиллаж байгаа ба Оы нэхэмжлэлээр намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл  байхгүй гэж үзэж байна. Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо нь аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/34 дүгээр захирамжаар шинээр батлагдан гарсан орон тоо бөгөөд энэ нь Оы 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн асуудалтай ямар ч хамааралгүй юм.

 Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 8.7-д ...Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд иргэний нөөцөд бүртгэлтэй байх хугацаа хүчинтэй байна..., мөн зөвлөлийн 2004 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх журмын 6 дахь хэсгийн 1-д ...мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон бол төрийн жинхэнэ албаны нөөцөөс хасаж, нөөцийн бүртгэлд тухай бүр тэмдэглэж байна гэж тодорхой заасан учир Оы нөөцөд бүртгэгдсэн шийдвэр хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй. 

Би энэхүү ажилд орохоос өмнө төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, нөөцөд байх хугацаа дуусаж байсан ба өөрийн сонирхлоор Төрийн бус байгууллага, Олон улсын хүмүүнлэгийн байгууллага, төсөл хөтөлбөр зэрэг газруудад 10-аад жил тасралтгүй амжилттай ажиллаж байсан, ажлын зохих дадлага туршлагатай. Сүүлд Гадаадын иргэдийн харьяатын газарт би нийтдээ 5 сар ажилласан. Ингэхдээ бүр томилогдон ажиллаагүй тухайн байгууллагын баруун бүсийг хариуцах төв нь Ховд аймагт байрлан үйл ажиллагааг явуулдаг. Анх гэрээгээр ажиллуулахаар миний тушаал гарч, 2016 оны 12 дугаар сард гэрээт ажилтнуудын гэрээг цуцалсан байдаг. Х газарт мэргэжилтний ажилд томилогдохоос өмнө би нэг сарын хугацаанд ажилгүй байсан.

Манай аймагт салбар зөвлөл Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн  байна. Би салбар зөвлөл байгуулагдсаны дараа намайг нөөцөөс нэр дэвшүүлэх тухай хүсэлтээ тус зөвлөлд гаргасан ба одоогоор тодорхой шийдвэр гаргаагүй байна. Оы гаргаж байгаа нэхэмжлэл нь ямар ч  хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ”Ажилд томилох тухай” 41 дугаартай тушаалыг хүчингүй болгох, тус газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоог нийтэд мэдээлэх, сул орон тооны захиалгыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэхийг газрын даргад даалгахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.  

Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд анх 2017 оны 02 дугаар сард аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан 02 дугаар сарын 10-ны өдөр гуравдагч этгээд Мыг тус мэргэжилтний орон тоонд түр томилсон байх бөгөөд энэхүү томилгоог хийхдээ ажил ологч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5-д зааснаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй байгаа иргэдээс сул орон тоог нөхөх талаарх хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлээгүй болох нь хууль зөрчсөн асуудал гэж үзсэн байна. Хоёрдугаарт, тухайн сул орон тоог нийтэд зарлаагүй, мөн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг шууд томилсон үйлдэл нь өөрөө хуульд нийцээгүй учраас нэхэмжлэгч өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг дурдаж байна.

Гуравдагч этгээд Мыг ажилд томилсон тушаал хууль бус болох талаас нь тайлбарлавал, нэгдүгээрт, нэхэмжлэгч О нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2015 онд зохион байгуулсан төрийн жинэхнэ албаны сонгон шалгаруулалт орж тэнцсэн, улмаар нөөцөд бүртгэгдсэн иргэн байсан. Тэгэхээр тухайн үед Мыг маргаан бүхий орон тоонд томилох үед О нь төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй иргэдээс хамгийн өндөр оноогоор нэгдүгээр байранд жагсаж байсан учраас түүнийг томилохгүйгээр Мыг томилж ажил олгогч хууль зөрчсөн гэж үзсэн.

 Нөгөөтэйгүүр, дээрх орон тоо шинээр бий болсон гэдгийг нэхэмжлэгч сонсоод 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Х газрын дарга Е-ад  хандаж тухайн орон тоонд томилж өгөхийг хүсэж бичгээр хүсэлт гаргаж байсан. Дараа нь 2017 он гараад дахин уг орон тоонд ажиллуулах талаар болон тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэйн хувьд хүсэлт гаргаж байсан боловч энэ үед орон тоо батлагдаагүй байсан. Тийм учраас орон тоо батлагдсаны дараа таны  өргөдлийг шийдвэрлэх болно гэж ажил олгогч түүний өргөдлийг буцааж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гуравдагч этгээд М  урьд нь Гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газарт гэрээгээр түр ажиллаж байсан талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаа эсхүл төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа иргэнийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тухайн сул орон тоонд томилох учиртай. Гэтэл Мын хувьд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажилд томилохыг хүсэж өргөдөл гаргасан, мөн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байсан учраас ажилд томилсон гэх тайлбар өгсөн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Мыг анх уг мэргэжилтний орон тоонд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр томилсон мөртлөө үүнээс өмнө  02 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрны тодорхойлолт боловсруулагдсан байдаг. Харин шинээр бий болсон орон тоо гэдэг утгаар нь ажлын байрны тодорхойлолт өмнө нь боловсруулагдаагүй байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр боловсруулсан ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс үзэхэд, М нь ажилд томилогдоогүй үедээ өөрөө оролцоод 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрны тодорхойлолт боловсруулж байгаа асуудлыг юу гэж ойлгох вэ гэсэн асуулт гарч байна. Түүнчлэн ажилд томилох эрх бүхий этгээд аливаа томилгоо хийхдээ Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хүнийг томилох нь хуульд нийцэх учиртай. Тэгэхээр төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэнийг  томилох хуулийн зохицуулалттай тул энэ үндэслэлээр Мыг томилсон шийдвэр хүчингүй болох ёстой гэсэн тайлбарыг нэмж гаргаж байна. Гэхдээ тухайн үед Х газрын дарга уг сул орон тооны талаар Төрийн албаны салбар зөвлөлд захиалга хүргүүлэх боломжгүй байсан. Учир нь, тухайн үед Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл эрх зүйн чадамжгүй байсан байдлаас болж энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж, сул орон тооны талаарх захиалгыг хүргүүлэх боломжгүй байсан байна. 

Гэвч тухайн үед гарсан сул орон тоонд нөөцөд бүртгэлтэй байсан иргэнийг томилон ажиллуулсан бол ажил олгогчийн шийдвэр хуульд нийцэх ёстой байсан  боловч төрийн жинхэнэ албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй иргэнийг томилсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан шаардлагыг хангаагүй этгээд төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа тохиолдолд тухайн орон тоог сул орон тоонд хамааруулж гэж үзэх бөгөөд энэ талаар Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг.  Энэ утгаараа хууль зөрчиж Мыг томилсон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож, сул орон тооны талаар захиалга өгөх үүргийг хариуцагч хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна. Хариуцагч, гуравдагч этгээдийн талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Оы төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа нь дууссан гэх тайлбар гаргасан. Төрийн албаны зөвлөлийн баталсан холбогдох журамд зааснаар нөөцөд байх хугацаа дууссантай холбогдуулан уг хугацааг сунгуулахаар төрийн албаны төв байгууллагад дахин шалгалт өгөх бүрэн боломжтой байгаа. Үүний дагуу О нь Улаанбаатар хотод очиж ТЗ-5 зэрэглэлийн дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт өгч, нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд одоогоор 2 жилийн хугацаа дуусах болоогүй, О, М нар нь нэг өдөр, хоёр өөр огноотой тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тэгэхээр сул орон тооны захиалгыг хүргүүлээд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хэн нь илүү хангаж байна гэдгээр нь  шалгаруулж сул орон тоонд томилж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байна. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх журамтай. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд эхлээд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх эрхтэй. Энэ журмаар нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах, шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар нөхөх талаар тус тус зохицуулсан байдаг юм. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар “... хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй ...” гэсэн хуулийн зохицуулалттай байна. Тэгэхээр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд шинэ бүтцээр хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоог нэмсэн байна. Энэ талаар талууд маргахгүй байгаа. Сул орон тоо гарсан нь үнэн.

Гуравдагч этгээд маргаан бүхий орон тоонд ажиллаж байхдаа өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан гэдгийг ажил олгогчид тайлбарлан танилцуулаад ажилд томилсон тушаалыг жинхлэн гаргуулж авсан байна. Миний бие хуульч хүний хувьд хариуцагч байгууллагын даргад дээрх хуулийн зохицуулалтыг ойлгуулан тайлбарлаж өгсөн. Тодруулбал, Мыг жинхлэн томилсон тушаал хуульд нийцээгүй гарсан учраас тухайн тушаалыг хүчингүй болгох эсхүл залруулга хийх хэрэгтэй гэдэг хуулийн зөвлөгөө өгч байсан. Гэтэл гуравдагч этгээд тухайн үед жирэмсэн байсан ба дараа нь жирэмсний болон амаржсаны амралт авсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийн талаар зааж өгсөн. Үүнд, эерэг нөлөөлөл бүхий акт, сөрөг нөлөөлөл бүхий акт гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт гуравдагч этгээдийн хувьд эерэг нөлөө бүхий акт болж байна. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 төрлийн үндэслэлийг хуулиар зохицуулсан боловч уг үндэслэлүүдийн аль нэгээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь гуравдагч этгээдийн нялх хүүхэдтэй, мөн амралттай байгаа асуудал нь саад болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна ...” гэжээ. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай эсхүл хүүхэд асрах чөлөөтэй байгаа төрийн албан хаагчийн ажил үүрэг нь хэвээр хадгалагдах ёстой. Тийм учраас дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй байдалд хүрсэн. Гэвч хариуцагчийн зүгээс эдгээр асуудлыг тусгаж шүүхэд бичгээр тайлбар өгч байсан гэдгийг хэлмээр байна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүргээ хариуцагч байгууллага биелүүлэх болно. Гэхдээ тухайн үүргээ хариуцагч хэзээ биелүүлэх эсэхийг би сайн мэдэхгүй байна. 

Иймээс хариуцагч байгууллага сул орон тооны талаар нийтэд мэдээлэх ёстой гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүс бүгд хуульч мэргэжилтэй учраас хууль заавал биелэгдэх шинжтэй байдаг тул би дээрх тайлбарыг хэлж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй боловч бид нар үнэн зөв, үндэслэлтэй тайлбар хэлэх ёстой.  Маргаан бүхий захиргааны акт өөрөө үндэслэл муутай гарсан гэж үзэж байна. Гэхдээ хариуцагч тухайн үед энэ асуудлыг анхаараагүй, өмгөөлөгч миний бие 2017 оны 12 сараас энэ хэрэгт ажиллаж эхэлснээс хойш дээрх байдлыг хэлж ойлгуулсан гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Дээр дурдсанчлан гуравдагч этгээдийн амралттай байгаа байдалд холбогдуулан маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байгаа тул шүүх энэхүү маргааныг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хамгийн гол асуудал бол гуравдагч этгээд М-ыг маргаан бүхий орон тоонд томилсноор нэхэмжлэгч О-ы хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн бэ гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. О нь Толбо сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Онооны дарааллын хувьд О нь 7 дахь жагсаалтад бүртгэгдсэн байх тул түүний өмнө нь нэр бүхий  бүртгэлтэй иргэд төрийн албанд томилогдсон эсэх, одоогоор О нөөцөд бүртгэлтэй иргэдээс хамгийн түрүүнд жагсаж байгааг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Тухайн үед төрийн албаны салбар зөвлөл эрх зүйн чадамжгүй байсны улмаас сул орон тооны талаар захиалга өгөх боломжгүй байсан ба энэ талаарх Төрийн албаны төв зөвлөлийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр тухайн үед маргаан бүхий орон тоонд ажиллахыг хүсэж өргөдөл гаргасан хүмүүсээс хамгийн илүү шаардлага хангаж байгаа хүнийг ажилд томилсон тул энэ асуудлаар ажил олгогчийг буруутгах үндэслэл байхгүй юм. Хоёрдугаарт, Оы нөөцөд байх хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дууссан бөгөөд М нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэргэжилтний уг албан тушаалд жинхлэн томилогдсон. Тэгэхээр нэхэмжлэгчийн төрийн албанд орж ажиллах эрх нь аль хэдийд дууссан байсан. Тийм учраас нэгэнт төрийн албаны нөөцөд байх хугацаа нь дууссан иргэн хүн төрийн албаны сул орон тооны талаар захиалгыг хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх энэ хүнд байгаа юу гэдгийг шүүх анхаарч үзэх шаардлагатай байна. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ ...” гэж зохицуулсан байх тул Мыг томилсон тушаал хууль зөрчсөн байвал тухайн шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгох эрх хэмжээтэй болохоос шүүхэд ирж шийдвэрлүүлэх асуудал биш гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Гуравдагч этгээд М нь Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дотоод асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд шалгалт өгч тэнцээд төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн. Иймээс гуравдагч этгээдийг ямар нэгэн байдлаар буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д энэ хуулиар зохицуулаагүй, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах талаар тусгасан байх бөгөөд Мын хувьд өнөөдрийн байдлаар амаржсаны амралттай байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар гуравдагч этгээдийн ажлын байр хэвээр хадгалагдана.  Хэрвээ гуравдагч этгээд хүүхэд асрах чөлөө авсан тохиолдолд энэ асуудал үргэлжлэн явах учиртай. Мөн гуравдагч этгээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн нялх хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байгаа юм. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан үндэслэлийг мөн харгалзан үзэх ёстой юм. Тийм учраас өнөөдрийн нөхцөл байдлаар Мыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэл бас байхгүй байна. 

Тийм учраас шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд гуравдагч этгээд Мыг ажилд жинхлэн томилсон тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн үү гэдгийг анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О нь анх тус шүүхэд  Х газрын дарга болон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд  холбогдуулан  “Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Мыг ажилд томилох тухай” 29 дугаартай тушаалыг хүчингүй болгох, тус газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоог нийтэд мэдээлэх, сул орон тооны захиалгыг салбар зөвлөлд хүргүүлэхийг даалгах, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байгаа гэх үндэслэлээр мэргэжилтний уг орон тоонд томилуулахаар өөрийнх нь нэрийг  дэвшүүлсэн тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ззасан эрхийн дагуу шүүхэд бичгээр хүсэлт гаргаж,  салбар зөвлөлд холбогдох төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байгаа гэх үндэслэлээр мэргэжилтний уг орон тоонд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн тогтоол гаргахыг  даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Мыг ажилд томилох тухай” 29 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  харин газрын даргаас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 41 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй тул 66.3-т зааснаар  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/34 дугаартай захирамжаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийг шинэчлэн батлах үед  хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо шинээр нэмэгдсэн байх ба энэ тохиолдолд уг ажлын байрыг сул орон тоо гэж үзэх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д  хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан  ба 17.1-д зааснаар сул орон тоог эхний ээлжинд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ...сонгон шалгаруулах замаар нөхөх бөгөөд эдгээр албан хаагчдаас нөхөх боломжгүй тохиолдолд 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах, энэ журмаар нөхөх боломжгүй бол хуулийн 17.3-т зааснаар ...төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, уг сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэхээр, 17.8-д ...төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтоохоор, 17.15-д ...төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг төрийн албаны төв байгууллага зохицуулан зохион байгуулахаар тус тус  заасан.

 Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын”  Тавын 5.1-д томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэн нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай  захиалгаа энэхүү журмын 1.4-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлнэ гэж, харин  2013 оны 86 дугаар тогтооглоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын Хоёрын 2.1-д төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т зааснаар нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг байгууллага нь ажлын байр тус бүрээр гарган, Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах  тусгай шаардлага”-д нийцүүлэн боловсруулсан ажлын байрны тодорхойлолтын хамт  энэ журмын 1.4-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлнэ гэж, 1.4-т нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтыг аймаг, нийслэл дэх салбар зөвлөл дангаараа зохион байгуулна  гэж тус тус заасан байна.

Хууль, журмын энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч Х газрын даргаас маргаан бүхий сул орон тоог нийтэд мэдээлэх, уг орон тоог нөхөх тухай захиалгыг салбар зөвлөлд хүргүүлэх үүргээ биелүүлээгүй байх ба 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай тушаалаар гуравдагч этгээд Мыг анх түр томилсон байна.

Нэхэмжлэлийн талаар хариуцагчаас “...энэхүү орон тоог  нийтэд мэдээлэх талаар хуульд заасан боловч ажлын зайлшгүй шаардлагаар ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан Мыг түр томилон ажиллуулж байгаа, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл албан ёсны бүрдсэний дараа хуулийн дагуу уг орон тоог нийтэд мэдээлж, сул орон тооны захиалга хүргүүлнэ” гэх агуулгатай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба тус аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн 27.2 хувьтай буюу төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байсан нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 392 дугаартай албан бичгээр  тогтоогдсноор ажил олгогчоос тухайн үед хуульд заасан журмын дагуу сул орон тооны захиалгыг салбар зөвлөлд хүргүүлэх боломжгүй байсан  гэх тайлбар нь үндэслэлтэй байж болохоор байна.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 154 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталснаар тус салбар зөвлөл нь мөн үеэс эхлэн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой болсон байх ба хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/432 дугаартай албан бичгээр маргаан бүхий сул орон тоог нөхөх талаарх захиалгыг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл салбар зөвлөлд хүргүүлэхээ шүүхэд мэдэгдсэн байх боловч энэ үүргээ биелүүлээгүй нь салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 84 дугаартай албан бичиг болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон ба хариуцагчаас маргаан бүхий сул орон тооны талаар нийтэд үл мэдээлсэн, сул орон тоог нөхөх захиалгыг салбар зөвлөлд хүргүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, мөн 17.8-д заасны дагуу батлагдсан  “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  Тавын 5.1-д заасныг тус тус зөрчсөн хууль бус байна.  Улмаар  2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дахин 41 дугаартай тушаал гаргаж, гуравдагч этгээд Мыг уг орон тоонд шууд томилсон нь дараах байдлаар мөн хууль бус байх ба энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

Төрийн байгууллагын ирүүлсэн захиалгын үндсэн дээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх үйл ажиллагааг салбар зөвлөл зохицуулан зохион байгуулах үүргийн хүрээнд салбар зөвлөл нь журмын 6.2-т зааснаар нөөцийн сангаас нэр дэвшүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд салбар зөвлөлөөс тухайн төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар журамд заасны дагуу иргэний нэрийг дэвшүүлэх тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар ...мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргаж баталгаажуулах үүрэгтэй юм.

Иймд маргаан бүхий сул орон тооны талаар томилох эрх бүхий этгээдээс нийтэд үл мэдээлж, аймаг дахь салбар зөвлөл нь бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах боломж бүрдсэний дараа ч сул орон тоог нөхөх тухай захиалгыг хүргүүлэхгүйгээр, улмаар салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөөс нөхөх ажиллагаа хийгээгүй, иргэнийг томилуулахаар нэр дэвшүүлээгүй байхад гуравдагч этгээд Мыг тухайн албан тушаалд шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцээгүй байна.

Маргаан бүхий албан тушаал нь дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаал байх ба одоогоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь аймаг дахь салбар зөвлөлийн өөрийн нөөцөд байхгүй, харин нэхэмжлэгч О нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэс түшмэлийн ангиллын шүүгчийн туслахын сул орон тоонд, гуравдагч этгээд М нь  мөн дэс түшмэлийн ангиллын албан тушаал болох Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтний сул орон тоонд тус тус шалгалт өгч тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 106, 107 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн буюу бусад салбар зөвлөлийн нөөцөд бүртгэлтэй байна.

Журмын 6.5-т зааснаар тухайн салбар зөвлөл нь өөрийн нөөцийн сангаас нэр дэвшүүлэх боломжгүй бол Төрийн албаны зөвлөлийн болон бусад салбар зөвлөлийн нөөцөөс нэр дэвшигчийг сонгож болохоор байгаа ба энэ журмаар нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй хуульд заасан шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, ...сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэхээр зохицуулагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Монгол Улсын иргэний хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч О нь  гуравдагч этгээдийн адилаар  бусад салбар зөвлөлийн нөөцөд байгаа, маргаан бүхий албан тушаалыг нөхөх талаарх ажиллагааг салбар зөвлөлөөс  зохион байгуулаагүй, гуравдагч этгээд Мыг томилуулахаар салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй, түүнчлэн уг орон тоог нөөцөөс нөхөх боломжгүй  бол салбар зөвлөлөөс иргэдийг өрсөлдүүлэх журмаар мэргэшлийн шалгалт авч сонгон шалгаруулах ёстой байтал томилох эрх бүхий этгээдээс гуравдагч этгээдийг маргаан бүхий төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрх, маргаан бүхий албан тушаалд тавигдах шаардлагыг хангах тохиолдолд нөөцөөс нөхөх сонгон шалгаруулалтад оролцох, нөөцөөс нөхөх боломжгүй бол мэргэшлийн шалгалтад орж өрсөлдөх эрх тус тус зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэл байхгүй байхад эдгээр зүйлүүдийг баримталж гуравдагч этгээдийг мэргэжилтний албан тушаалд томилж уг зохицуулалтуудыг мөн зөрчсөн  байна. Учир нь   аймгийн Засаг даргын 2017 оны А/34 дугаартай захирамжаар анх мэргэжилтний энэхүү сул орон тоо бий болж, гуравдагч этгээд М уг албан тушаалд томилогдох үед тухайн төрийн байгууллага болох Х газарт болон бусад төрийн байгууллагад ажиллаж  байгаагүй нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Иймд гуравдагч этгээд Мыг  Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасан тухайн болон төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын хувьд энэ нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн үед тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан уг ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий этгээд шалгаруулж авах талаарх зохицуулалт юм.

 Х газарт шинээр мэргэжилтний орон тоо нэмэгдсэн тохиолдол нь тухайн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тохиолдол биш тул хуулийн 27.2.3-т зааснаар гуравдагч этгээдийг томилсон нь хууль бус байна.

Томилох эрх бүхий этгээдээс дээрх байдлаар хууль зөрчсөн шийдвэр гаргах замаар Мыг маргаан  бүхий албан тушаалд томилсноор нэхэмжлэгчийн дээр дурьдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог нийтэд мэдээлэх, сул орон тоог нөхөх захиалгыг салбар зөвлөлд хүргүүлэхийг томилох эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд М нь Монгол улсын иргэний хувьд хуульд зааснаар мөн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй тул маргаан бүхий албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангах тохиолдолд нэхэмжлэгчийн адилаар нөөцөөс нөхөх сонгон шалгаруулалтад оролцох, нөөцөөс нөхөх боломжгүй бол мэргэшлийн шалгалтад орж өрсөлдөх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Гуравдагч этгээд М нь хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд маргаан бүхий захиргаааны актаар томилогдон ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралт авсан, 2017 оны  12 дугар сарын 06-ны өдөр төрсөн нялх хүүхэдтэй байх боловч мэргэжилтний уг албан тушаалд дээрх байдлаар хууль бусаар томилогдсон, ингэснээр гуравдагч этгээд Мад хуулиар хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтны ажил, албан тушаал 35.1-д зааснаар хэвээр хадгалагдах, 36 дугаар зүйлийн 36.1.3-т зааснаар амралтын хугацаа дуусмагц ажил олгогч урьд эрхэлж байсан албан тушаалд ажилтныг авах, 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ...гурав хүртлэх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад  тохиолдолд ажлаас халахыг хориглосон зохицуулалтууд үл хамаарах бөгөөд энэ талаарх гуравдагч этгээд болон хариуцагчийн өмгөөлөгийн тайлбаруудыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хууль ёсоор үүссэн эрхийг шүүхээс хамгаалах болохоос гуравдагч этгээд  М нь дээх байдлаар маргаан бүхий албан тушаалд ажиллах эрхийг хуульд заасан журмаар олж аваагүй тохиолдолд хууль бусаар үүссэн эрхийг хамгаалах үндэсгүйг дурьдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О нь “Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Мыг ажилд томилох тухай” 29 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.5, 17.8-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч О-ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ”Ажилд томилох тухай” 41 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоог нийтэд мэдээлэх, мэргэжилтний уг орон тоог нөхөх захиалгыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэхийг тус Х газрын даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.РИЗА