Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 715

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн /томилолтоор/

Хохирогч Д.Б,

Шүүгдэгч Ү.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 000000710 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, сангийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Орхон аймаг Баян-Өндөр сум 10 дугаар баг, Нарангийн 27 дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай боловч тухайн хаягтаа оршин суудаггүй, ял шийтгэлгүй, Т овгийн Ү-ын Г /*********/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Ү.Г нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 416 байрны 76 тоотод байрлах иргэн Д.Б-ийн гэрт түүний хүү Б.Д-гийн хамт архи ууж архидан согтуурсаны дараа Д.Б-ийн гэрээс булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 852.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

            Шүүгдэгч Ү.Г нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 416 байрны 76 тоотод байрлах иргэн Д.Б-ийн гэрт түүний хүү Б.Д-гийн хамт архи ууж архидан согтуурсаны дараа Д.Б-ийн гэрээс булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 852.000 төгрөгийн хохирол учруулсанболох нь:

-хохирогч Д.Б-гийн:...Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах 41/б байрны 76 тоотод хүү, охины хамт амьдардаг. Манай том хүүг Д гэдэг, ажилгүй гэртээ байдаг. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед гэртээ очиход хүү маань гэртээ ганцаараа архи уугаад тасраад унтчихсан байсан ...гэрт байсан булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлс алга болсон байсан...Хулгайд алдсан шуба, савхин куртик хоёрыг буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

- гэрч Б.Д-гийн :...2019 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр О мөн түүний 2 найзтай хамт гэрт орж архи уусан. Маргааш нь гэрт ээж ирэхэд манай  гэрийн эд зүйлс алга болсон байсан.../хх-32/,

-“Дамна” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний дүнгээр 42 инчийн зурагт 288.000 төгрөг, булган шуба 450.000 төгрөг, савхин куртка 114.000 төгрөг, нийт 852.000 төгрөг...гэх тайлан /хх31-32/,

-яллагдагч Х.Ц-гийн: ...Г 42 инчийн зурагт, О өмд хоёр булган шуба, савхин куртик авсан...гэх мэдүүлэг /хх-88/,

-яллагдагч А.О-гийн:...Д-гийн гэрт хоноод гарахдаа Ц, Г нартай хамт эд зүйлийг нь авснаа сүүлд мэдсэн...Ц-гаас Г-ийг асуухад Г телевизорыг нь тэвэрч гараад зугтаасан гэсэн бөгөөд түүнийг хайсан боловч олоогүй...гэх мэдүүлэг / хх-77/,

-шүүгдэгч Ү.Г-ийн:...Тухайн өдөр Ц-гийн найз О-гийн танил залуугийн гэрт очиж архи ууж, усанд орсон...Би тэдний гэрээс зурагтыг нь авч гараад үүдэнд такси байхаар нь суугаад хамгийн ойр ломбард болох  депогийн автобусны буудал дээр буугаад ломбард руу явж байгаад хальтарч унаад зурагтныхаа дэлгэцийг нь хагалчихсан, тэгээд зурагтаа тэнд нь хаяад явсан.../хх-120/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Шүүгдэгч Ү.Г тус хулгайлах гэмт хэргийг Х.Ц, А.О нартай хамтран үйлдсэн байх ба Х.Ц, А.О нарт холбогдох хэргийг тусгаарлан шүүхээр шийдвэрлүүлсэн байгааг тэмдэглэв. 

Иймд шүүгдэгч Ү.Г-ийг бусдын 852000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд хохирогчийн булган шуба, савхин куртик зэргийг хураан авч, хүлээлгэн өгсөн, Ү.Г нь өөрт ногдох 96.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрэн сурвалжлагдаж байсан болон түүний ар гэрийн амьдрал ахуйн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног /х-111/, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 12 хоног нийт 14 хоногцагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ү.Г-ийг бусдын 852000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г-ийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч Ү.Г-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР