| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0701/Э |
| Дугаар | 705 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 705
Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийнбичгийндарга Ш.Жаргалмаа,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч Х.Э нарыгоролцуулантусшүүхийнхуралдаанытанхимднээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорынгазраас Ж овогт Х-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн1908 0026 40895 дугаартай, хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянанхэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 2-36 дугаар байрны ** тоотод оршин суух, урьд Дархан Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баричвлах ял шийтгүүлсэн, Ж овогт Х-гийн Э-ыг регистрийн дугаар **********.
Холбогдсонгэмтхэргийнталаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 1 дүгээр арын 05-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 02-36 дугаар байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Д.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, эрүү, хүзүү, цээж, зүүн гуя, хоёр шилбэ, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 1 дүгээр арын 05-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 02-36 дугаар байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Д.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь :
- хохирогч Д.М-ын:...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ Э-ийн хамт байж байхад түүний танил дүү нар дуудсан...Бид 2 гэрээс гараад явж байхад Э “чи яагаад догдлоод баярлаад байгаа юм” олон эрэгтэй хүмүүстэй очиж айльгүйтэх гэлээ гээд уурлаад байхаар нь би болилоо гээд бид 2 буцаад гэр рүүгээ явсан. Замдаа Э 6 лааз пиво надад авч өгсөн. Бид 2 гэртээ ирээд байж байхад Э-ийн эгч Шарын голоос ирлээ гээд Э очиж аваад ирсэн...Бид нар унтах гэж байхад Э намайг доромжлоод байхаар нь би маргалдсан...Миний толгой руу цохихоор нь өөрийг нь цохихоор дайрахад миний гарыг мушгиад газар хэвтүүлэн дээрээс дарж байгаа боосон мөн амруу цохиж, түлхэж, ширээний өнцөг мөргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-20-21,23/,
- гэрч Х.Э-гийн...Би тэр үед тэсэхээ байгаад гал тогооны өрөөнд ороход Энхтөр нь Мөнхсоёлыг доош нь харуулж хэвтүүлээд гарыг нь өчөөд ард нь сууж байсан. Тэгээд Э гар утас аваад ир гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...М өөрийнхөө сууж байсан буйдан дээр гараад зогссон байж байснаа яах гэснийг нь мэдэхгүй гэнэт урагшаа алхаж өмнө байсан чулуун ширээн дээр унаж ёо ёо гээд орилсон...М нь ширээн дээрээс унахдаа их эвгүй унасан. Тэр үед гэмтсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-32/,
- шинжээчийн дүгнэлт:...Д.М-ын биед учирсан баруун 5-6-р хавирганы хугарал гэмтлээс бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын дотор салстын шарх, цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, эрүүний цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна /хх-40-41/,
- шүүгдэгч Х.Э-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны... орой эхнэр М нь дэлгүүрээс авсан пивондоо согтоод салхинд гарч мах идүүлсэнгүй гээд уурлаад, би согтуу хүмүүс дээр очиж яах гээд байгаа юм гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд надруу агсраад дайраад байхаар нь би гарыг нь ард талд нь мушгиад доош газар хэвтүүлж шилэн хүзүүн дээр нь гараараа дарсан... Удалгүй цагдаа нар ирээд бид 2-ыг аваад явсан... Маргааш өглөө 07 цагийн үед эхнэр намайг унтаж байхад дээрээс цохиод босооч зайлаач гээд байхаар нь боссон... У гэх найз нь чи зайлаач гээд орилохоор нь чамд ямар хамаатай юм гээд барьцалдаад авахад эгч дундуур орж ирж салгаж байхад М буйдан сандал дээр гараад зогсож байхдаа унчихсан...М-ын биед учирсан эрүүнд учирсан цус хуралт гэмтлийг гарыг нь ард нь мушгиж газар хэвтүүлэн шилэн хүзүүн дээр нь дарах үед ширдэг дээр үрэгдсэн байсан. Хавирга хугарсан гэх гэмтлийг М өөрөө буйдан дээрээс унаад хугалсан. Харин бусад гэмтэл нь ноцолдож байх үед гар хөлнөөс нь зуурсан, татаж чангаах үед үүссэн байх гэх мэдүүлэг /хх-52-56/,
- гэр бүлийн талаарх баримт бичгүүд /хх-70-82/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй буюу хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тус гэмт хэрэг нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шалтгаалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай гэж үзэв.
Шүүгдэгч нь эхнэрийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Э-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг /3/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгохялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Х.Э-д мэдэгдсүгэй.
5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР