| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0708/Э |
| Дугаар | 717 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 717
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
Улсын яллагч А.Ганзориг,
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0336 20729 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамжны 24 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн **** тоотод түр оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Т, регистрийн дугаар **********
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн 1 дүгээр гудамжны ** тоотод иргэн К.Ч-гийн эзэмшлийн монгол гэрийн цоожны даруулга төмрийг хөшөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 32 инчийн LG маркийн зурагт, зурагтын удирдлага, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн 1 дүгээр гудамжны ** тоотод иргэн К.Ч-гийн эзэмшлийн монгол гэрийн цоожны даруулга төмрийг хөшөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын 310.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох 32 инчийн LG маркийн зурагт, зурагтын удирдлага, нокиа маркийн гар утсыг хулгайлахаар завдсан болох нь:
- хохирогч К.Ч-гийн:...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр намайг ажил дээр байж нөхөр Г залгаад гэрээс хулгайч зурагт аваад гарч байхад нь таарлаа гэж хэлсэн...Гэрээс зурагт, зурагтын удирдлага, нокиа 32-10 маркийн гар утас авсан байсан...гэх мэдүүлэг/хх-28-29, 32/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /х-11-12/,
- гэрч Э.С-ийн:...Дуудлагын дагуу очсон, тэр хулгай хийж байгаад баригдсан залуугийн биеийн байцаалтыг шалгахад Т гэх нэртэй хүн байсан, биед нь үзлэг хийхэд хармаанаас нь зурагтын удирдлага, нокиа 32-10 маркийн гар утас гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
- гэрч Т.Г-ын:...Манай гэрээс ЛЖ маркийн 32 инчийн зурагтыг маань нэг залуу тэврээд гарч ирж байсан, би барьж аваад цагдаа дуудсан...Намайг хулгайчийг барихад ойр орчимд нь өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-35/,
- насанд хүрээгүй гэрч Г.Х-гийн...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед...гэр рүүгээ орох гээд байж байсан чинь бараан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн богино савхин хүрэмтэй, цэнхэр жинсэн өмдтэй залуу манай гэрийн хаалганы цоожны даруулгыг нь эргүүлээд орох гэж байсан, би аав руу гүйж очоо хэлсэн...Аавыг дагуулаад гэртээ ирэхэд нөгөө залуу гэрээс зурагт тэвэрчихсэн гэрч ирээд жорлон руу гүйгээд орчихсон, нөгөө залууг аав бариад авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
- гэрч Ц.М-ийн “...тухайн үед Ганболд ах бид хоёр Г ахын гэр рүү гүйгээд хашаанд дотор нь тэр залуу жорлонд гүйгээд орсон...зурагтыг сугандаа хавчуулчихсан зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
- Д.Т-аас 32 инчийн LG маркийн зурагт, зурагтын удирдлага, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлүүдийг түр хураан авсан тэмдэглэл, уг хураан авсан эд зүйлүүдийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-15-16/,
- “Арвижих-Эстимейт”, “Мастер үнэлгээ” ХХК-иудын хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 53-60/,
- шүүгдэгч Д.Т-ын:...тухайн айлд ороод хашаанаас гарах гэтэл хашааны хаалгаар 2 хүн орж ирээд барьж авсан...хулгайлж авсан эд зүйлсийг хурааж авсан...гэх мэдүүлэг /хх-136-138/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нь хэрэг учралын газарт буюу тухайн хохирогчийн гэрийн хашаанд тэр даруйд гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон байх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж төгс бүрдээгүй байх тул хулгайлах гэмт хэрэгт завдсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Т-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын нийт 310.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох 32 инчийн LG маркийн зурагт, зурагтын удирдлага, нокиа маркийн гар утсыг хулгайлахаар завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Тус хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн амьдрал ахуйн зэрэг хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан байна.
Гэмт хэрэгт завдсан тохиолдолд оногдуулах ялын хэмжээ нь төгс гэмт хэрэгт оногдуулах аль ч төрлийн ялын доод, дээд хэмжээнээс ямагт бага байх нь төгс ба төгс бус гэмт хэргийг ялган зааглах шалгуур болдог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасан “тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний 2/3-оос хэтрүүлэхгүйгээр оногдуулах ялын хэмжээг“ тухайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ялын “дээд хэмжээ” гэж ойлгоно, харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тухайн төрлийн ялын доод хэмжээнээс багагүй гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан биечлэн эдлэх ялыг хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Д.Т-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын нийт 310.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох 32 инчийн LG маркийн зурагт, зурагтын удирдлага, гар утсыг хулгайлахаар завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн1, 2, 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснааршүүгдэгч Д.Т-ыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ын эдлэх 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Т-ыг цагдан хорьж, түүнийэдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорихтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР