| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0692/Э |
| Дугаар | 698 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 698
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчГ.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Х.Онолт,
Шүүгдэгч Б.Я нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Я-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0258 90957 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар гурил ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ын Я РД:**********,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Я нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн 2-12а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Г-тэй маргалдаж, улмаар хамар тус газар нь мөргөж, биед нь “...тархи доргилт, хамар ясны хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал.” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Я нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн 2-12а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Г-тэй маргалдаж, улмаар хамар тус газар нь мөргөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанболох нь:
-хохирогч С.Г-ийн: ...2019 оны 05 сарын 09-ний орой 22 цагийн үед Ялалтбаяр гаднаас архи үнэртүүлсэн бололтой орж ирсэн...Чи дандаа хүүхдээ өмөөрч байдаг, хүүхэд чинь үгэнд орохгүй хичээлээ хийхгүй байна гэж хэлээд гараараа Б-ыг цохих гээд дайрахаар нь би урдуур нь орж хориод...хоёр гарын бугуйгаас нь барих үед Я миний хамар луу нэг удаа хүчтэй мөргөөд орон дээр суусан...хамарнаас цус гараад зогсож байхад гаднаас дүү Г орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- гэрч С.Г-гийн:...Тухайн өдөр хүргэн Я орилоод эхнэртэйгээ хэрүүл хийгээд байгаа чимээнээр би гэрээсээ гарч яваад хүргэний гэрт ороход хүргэн орон дээрээ суусан, эгч хоёр гараараа хүзүүг нь уургалж бариад дарсан байдалтай зогсож байсан...Салгах үед эгч Ганцэцэгийн хамарнаас цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-15-16/,
- гэрч Д.Л-гийн:...тэр үед хүргэний гэрт ороход Г-ийн хамарнаас нь цус гарсан, уйлаад зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-23-24/,
-шинжээчийн дүгнэлт:...С.Г-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-ийн 26/,
-шүүгдэгч Б.Я-ын:...Би эхнэр Г-ийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээсээ уучлал гуйсан. Би хэрэг болсоны маргааш нь Г-ийг дагуулж 3 дугаар эмнэлэг орж хамрын мөгөөрсийг нь татаж нааш нь гаргуулсан...гэх мэдүүлэг/хх-71-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Я ньхохирогч С.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжүйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй, шүүгдэгч нь хохиролд 200,000 гаруй төгрөг зарцуулснаа мэдүүлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ньанх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг /хх-/ зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Б.Я-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Я-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Я-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР