Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 699

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Х.Онолт,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0301 40958 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул, уурхайн ашиглалтын инженер,  Мера ХХК-нд хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овогт М-гийн Б, регистрийн дугаар: **********.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч М.Б нь 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн Г.Д-тай маргалдаж, улмаар хамар тус газар нь гараараа нэг удаа цохиж, биед нь “...Хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн Г.Д-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

-хохирогчГ.Д-гийн :...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр надаас уучлалт гуйна, эвлэрнэ гээд байхаар нь уулзая гэсэн...Ажлаасаа орой 22 цагийн үед тараад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр уулзаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Цэ” нэртэй пабад М.Б-тай орж суусан...Пабад ороод Б пиво уугаад согтоод чи ажил дээрээ юу хийгээд байдаг юм бэ, өөр хүнтэй болчихлоо гээд агсараад эхэлсэн, уурлаад ширээ чанга цохихоор нь айгаад цагдаа дуудлаа гэж хэлэхэд миний гар утсыг булааж авах гээд хамар тус газар 1 удаа хүчтэй цохисон. Хамарнаас их хэмжээний цус гарсан...гэх мэдүүлэг /хх-22/,

- гэрч Г.О-ийн:...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн орой би зээ охинтойгоо унтаж байхад шөнийн 01 цагийн үед охин Д ирээд унтсан...Маргааш өглөө нь охины хамар хавдсан байхаар нь асуухад өчигдөр орой Б-тай уулзаад миний хамар руу 1 удаа цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-32/,

- гэрч У.Ч-гийн:...Би Цэ пабны Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарт ээлжийн менежер ажилтай. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ээлж ахалж ажиллаж байсан...эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа согтуу байсан ба 21 цагийн орчмооос хойш суусан гэсэн...Эмэгтэй нилээн согтуу уйлаад байсан...хамар тус газар нь цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-34/,

- шинжээчийн дүгнэлт:..Г.Д-гийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-ийн 36/,

-шүүгдэгч М.Б-ын: ...Д-гийн гар утас нь байнга дугараад байсан. шөнийн 01 цагийн үед хэн залгадаг байна гэж бодож, хардаад гар утсыг нь булааж авах гээд алгаараа хамар тус газар нь цохисон...гэх мэдүүлэг/хх-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Б ньхохирогч Г.Дэ-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй, шүүгдэгч нь хохирогчид учирсан хохиролд нийт 500.000 төгрөг зарцуулсан болохоо мэдүүлсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлжээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч М.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаарз үйлийн 4 дэх хэсэгт  зааснаар М.Б-т оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР