Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 714

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

Улсын яллагч Х.Нарангуа,

Хохирогч П.М,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0163 00643 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн **** тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, **** тоотод түр оршин суудаг, гэх улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хариуцах чадварай, М овогт М-гийн Байгалмаа, регистрийн дугаар *********.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч М.Б нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн **** тоот хашаанд иргэн П.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

            Шүүгдэгч М.Б нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн **** тоот хашаанд иргэн П.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-хохирогч П.М-ын: ... 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн үед хадам ээж Б орж ирээд хүүхдээ өмөөрөөд чи хүүхдээс мөнгө нэхэж дарамталлаа, пизда, янхан, гичий гэж хэл амаар доромжилсон. Гэр дотор байхад Б гуя руу өшиглөж, үснээс зулгаагаад газар унагаагаад гэдэсрүү олон удаа өшиглөсөн. Тэгээд би хашааны хаалгаар гараад явж байтал Б араас ирээд намайг хашаа руу оруулсан. Тэгээд хашаанд байж байхад Б намайг элдвээр доромжлоод үснээс зулгаагаад газар унагаад нүүр рүү гараараа хоёр гурван удаа цохисон. Тэгээд миний нуруу бөгс нуруу руу хэд хэдэн удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- гэрч Г.Б-ын:...2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед манай хамтран амьдрагч М гаднаас орж ирээд мөнгө төгрөгний асуудлаас болж хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би 2 талын ар гэрээсээ хүмүүс дуудаад М-ын байдлыг харуулья гэж хэлээд ээж Б-г гэрээс нь хүрээд ирээч гэж дуудсан. 00 цаг 30 минутын үед ээж Б манайд ирээд сууж байтал М муусайн луйварчингууд өгөх ёстой 8 сая 700 мянган төгрөгөө өгөөдөх ажилгүй гөлөг минь гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд ээж Б, хамтран амьдрагч М нар хоорондоо хэрүүл хийж байснаа гэнэт зэрэг босч ирээд хоорондоо барьцалдаад ноцолдож байхдаа гар хөлнуүд нь савалцаад бие биенээ цохиод байсан.../хх-16/ гэх мэдүүлэг,

- шинжээчийн дүгнэлт:...П.М-ын биед баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун зулайн хуйх болон баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь рүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-ийн 12/,

-шүүгдэгч М.Б-гийн : “...2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн орчим гэртээ унтаж байтал манай хүү Б залгаад...Та гэрт хүрээд ирээч гэхээр нь такси бариад тэдний гэрт очсон...Очоод М-тай хэл амаа ололцохгүй болохоор нь уурандаа баахан хараал хэлээд...М-тай зууралдаад авсан, бид 2 гар хөлөө саваад зууралдаж байхад М газар унаад байсан. Тэгээд хашаанд бас зууралдаж газар унагаасан. Ганц 2 удаа гараараа нуруу руу цохисон, М гараад зугтаад явчихсан тухай мэдүүлэг/хх-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Б-г хохирогч П.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлснийг үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өндөр настны тэтгэвэрт байдаг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийгнэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг М.Б-д мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР