Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 723

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т  холбогдох 1908 0219 20767 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй,тусгай дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Билэгт зам” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 366 байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,О овгийн Б-ийн Б РД: **********.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б 2019 оны 04 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний гарц орчим “дайрлаа” гэх шалтгаанаар П.Э-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний гадна булан хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б 2019 оны 04 сарын 18-ны өдөрСонгинохайрхандүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний гарц орчим “дайрлаа” гэх шалтгаанаар П.Э-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний гадна булан хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч П.Э-ийн:...“2019 оны 04 сарын 18-ны өдөр Моносын уулзварын зүүн талд Нууц увидас эмнэлгийн баруун урд талд өөрийн **** УБС дугаартай машинтай замын хойд талаар зүүнээс баруун тийшээ явж байгаад гарцаар гарч байсан залуугийн хажуугаар нь гарсан чинь машин руу юм шидэхлээр нь зогсоод толиндоо харсан чинь тэр залуу газраас юм авч байсан...Юугаар шидсэн бэ шидсэн юмаа үзүүл гэсэн чинь үзүүлэхгүй гэснээс болж маргалдаж хэлсэн. Ингээд хэрэлдэж байгаад намайг янз бүрээр хэлээд байхаар нь уур хүрээд алгадсан чинь зөрүүлээд баруун шанаа орчим цохиж, цамцны захаар боогоод дахиж эрүү орчим цохисон тэгэхэд үүдэн шүдний хиймэл бүрээс шүд унасан. Ингээд боож унагаагаад дээрээс дараад заамдаад босгохгүй байсан...Тэнд явж байсан үл таних залуу салгахад яваад өгсөн...Бусдад цохиулснаас болж унасан үүдэн шүдний гаднах бүрээс шүдийг 410.000 төгрөгөөр хийлгэсэн, уг мөнгийг нэхэмжэилж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх /хх-11/ мэдүүлэг,

- гэрч Х.М-ны:...тухайн үед явган хүний гарцан дээр хоёр хүн хэрэлдээд байсан... Хэрэлдэж байгаад машины жолооч тэр хүнийг алгадсан чинь нөгөөдөх нь зөрүүлээд нүүрэн тус газар нь цохисон чинь хохирогч унангуут нь дээрээс нь нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон...гэх мэдүүлэг /хх-14/,

- шинжээчийн дүгнэлт: П.-ийн биед баруун нүдний гадна булан хэсгийн зулгаралт,зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-18/,

- шүүгдэгч  Б.Б-ын "...2019.04.18-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Моносийн уулзварын зүүн талд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан чинь гарцан дээр хар өнгийн машин хурдтай дайрчих шахаад  өнгөрхөөр нь түлхүүрээ шидсэн чинь машиныг оносон...Машины жолооч хэл амаар доромжилж байгаад шанаан тус газар эхлээд цохихлоор нь зөрүүлээд шанаан тус газар нь цохисон...Би зүүн гараараа баруун шанаан тус газар нь нэг удаа цохисон тэгэхэд бугуйн цаг унасан, харилцан цамцны захаар заамдалцаж боолцсон тэгэхэд хүзүү нь зулгарсан, шүдний бүрээс нь яагаад унасан эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн,шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.    

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч шинжээчийн дүгнэлт гаргуулахад 8000 төгрөг төлсөн /х-19/, 410.000 төгрөгөөр шүдний бүрээс хийлгэснээ нэхэмжилсэн /х-12/ байх ба шүүгдэгч тус хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:                   

Шүүгдэгч нь урьд шийтгэлгүй, тус хэрэг нь гэнэтийн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 500нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б тоногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Б-т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар шүүгдэгчээс 418.000 төгрөг гаргуулж, хохирогч П.Э-д олгосугай.

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР