Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 198

 

Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаар магадлалтай, Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэсэн заалтаар намайг албан тушаалаас чөлөөлсөн байна.

2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Аймгийн Засаг дарга, Боловсролын газрын дарга, Сумын Засаг дарга нар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай гэрээ байгуулсан атлаа надтай байгуулаагүй тул яагаад байгуулахгүй байгаа талаар асуух гэж ортол Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив намайг намын хүмүүс ганц сургуулийн захирал халж чадахгүй намын дарга байгаад яадаг юм бэ гэсэн. Танайх аймгийн төв дээр ир, нөхрийг чинь мал эмнэлэгт, чамайг 10 жилийн сургуулийн сургалтын менежер болгоё гэж ярьсан. Би зөвшөөрөөгүй.

Гэтэл уурлаад өөрөө цаас, балаа өгч хичээлийн жил дуустал ажиллаад, ажлаа өгнө гэж бичээд гарын үсэг зур, он сар тавь гэж тулган шаардаж, хүчээр бичүүлсэн. Биөрөөнд нь Засаг дарга Ж.Жамъянтивээс холдож, ширээний доод өнцөгт очиж суугаад, хүчээр дарамталж бичүүлсэн өргөдлийг зөвшөөрөхгүй байгаа тухай өргөдлөө бичиж өгсөн. Энэ өргөдлийн хариуг одоо болтол надад албан ёсоор өгөөгүй мөртлөө шууд ажлаас халж байгааг нь зөвшөөрөхгүй. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилладаг билээ. Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нь намайг хичээлийн жилд удаа дараалан хууль бусаар үүрэгт ажлаас халж, сэтгэл санаа, ажлын эрч хүч, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөр хохироож байгаад гомдолтой байна. Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/22, Б/23 дугаартай ажлаас чөлөөлсөн болон Д.Дуламжавыг сургуулийнзахирлаар томилсон захирамжуудыг хүчингүй болгосон А/233 дугаартай захирамж гаргаж, одоо чиний шүүхийн асуудал дууссан, яагаад гэвэл чамайг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгосон.

Тийм учраас чиний ажлыг авна, энэнд түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хамаагүй болсон. Чамайг би 3 шатны шүүхээр явуулж, намайг Засаг дарга хийж байгаа нөхцөлд ажилд чинь хэзээ ч оруулахгүй гэж хэлж байна. Ингээд Ж.Жамъянтив нь Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/30 гэсэн дугаартай ажлаас чөлөөлсөн захирамж дахин гаргасан байна. Энэ захирамжид Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Цэнд-Аюуш нь ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд шилжих тухай хүсэлтийг ирүүлсэн тул үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж хүсэлт өгөөгүй байхад ийм захирамж гаргасан байна.

Иймд Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/30 дугаар ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, дээрх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Цэнд-Аюушийн аймгийн Засаг даргын 2015 оны Б/22 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал биелүүлэн 2015 оны А/233 дугаартай захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгон Д.Цэнд-Аюушийг ажилд нь эгүүлэн томилсноор дээрх харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нь нэхэмжлэгчийн эрх боловч өмнөх нэхэмжлэлийн шаардлага нь дуусгавар болсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх бус дахин шинээр нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушийн ажилгүй байсан хугацааныцалинг одоогийн байдлаар тодорхойлох боломжгүй тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин нь мөнгөн дүнгээрээ хэдэн төгрөг болж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд Д.Цэнд-Аюушийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өмнөх захирамжийг хүчингүй болгоод өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байгаа. Энд бол ямар нэгэн бичгээр гаргасан хүсэлт байхгүй, энийг бүгд мэдэж байгаа. Засаг даргын тавьсан саналыг Цэнд-Аюуш гуай хүлээн зөвшөөрсөн,энэ хоёрын дунд тохиролцсон зүйл байдаг. 14-нд Засаг дарга Отгон суманд очоод Цэнд-Аюуш гуайтай тохиролцоод 15-нд захирамжийг гаргасан гэж ойлгож байгаа Боловсрол соёлын газраас санал ирээгүй байгаа.

Өөрөө чөлөөлөгдөж байгаа үед яагаад энэ заалтыг баримталсан бэ гэхээр сургуулийн захирлыг Засаг дарга томилж, чөлөөлнө гэсэн зохицуулалтын үүднээс авсан гэжээ.

Гуравдагч этгээд Д.Чулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан дахь Политехник коллежийн компьютерийн мэргэжлийн багшаар 2008 оноос хойш ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын тамгын газраас надад Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралаар ажиллуулах санал тавьсан. Би саналыг хүлээн зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Завхан аймгийн Засаг даргын Б/31 дүгээр захирамжаар Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Өөр ажилд шилжиж байгаа учир Политехник коллежийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өмнөх ажлаасаа бүр мөсөн өөрийн хүсэлтээрээ гарсан учраас миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөхөөр байна. Д.Цэнд-Аюуш албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нэхэмжилсэн асуудлыг шүүхээс гарсан хариу шийдвэрийн дагуу зохицуулах байх. Тухайн нэхэмжлэл нь Д.Чулуун миний биед хамааралгүй юм байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгон Д.Цэнд-Аюушийг Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд буцаан томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушийн ажилгүй байсан 75 хоногийн олговор болох 3.508.275 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх олговороос түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмаар тооцож зохих байгууллагын дансанд шилжүүлэх,Д.Цэнд-Аюушийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын буцаан томилсугай гэснийг эгүүлэн тогтоосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, зохих дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал миний бие Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Дээрх магадлалын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, зохих дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголгүй өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч байна.

Магадлалын хянавал хэсэгт "...захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход оршдог бөгөөд хариуцагч Завхан аймгийн засаг дарга урьд гаргасан маргаан бүхий Б/22 дугаар захирамжаа хүчингүй болгосон өдрөө Б/30 дугаартай захирамж гарган Д.Цэнд-Аюушийг ажлаас чөлөөлж байгаа үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн дүр эсгэсэн" гэж дүгнэжээ.

Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь ганцхан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог гэж үзэхгүй байгаа бөгөөд Захиргааны эрх зүйн харилцаанд үүссэн маргааныг Үндсэн хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулинд нийцүүлэн үнэн зөв шийдвэр гаргахад оршдог тул магадлалд дурдсан дүгнэлт нь хэтэрхий нэг талыг барьсан байна. Тухайлбал Завхан аймгийн Засаг дарга урьд гаргасан маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн дүр эсгэсэн гэж байгаа хэргийн материалд авагдсан нотлох баримтын хэмжээнд нотлогдохгүй байгаа юм. Харин ч өмнөх аймгийн Засаг даргын Б/22 дугаартай захирамж нь хуульд нийцэж гарсан байсныг үгүйсгэх аргагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш нь харилцан тохиролцож өмнөх захирамжийг хүчингүй болгуулаад дараагийн Б/30 дугаартай захирамжид холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч байх боломжтой юм.

Аймгийн Засаг даргын Б/22 дугаартай захирамжийг хүчингүй болгосон захирамж болон Б/30 дугаартай захирамж нь нэг өдөр гарсан тул аймгийн Засаг дарга шаардлагыг зөвшөөрсөн дүр эсгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Цаг хугацааны хувьд Б/22 дугаартай захирамжийг хүчингүй болгосон захирамжийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэг хувийг хүргүүлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн. Нэхэмжлэгч Цэнд-Аюуш нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцсоноосоо буцан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана" гэжээ.

Бусад этгээд гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч хамаарахгүй бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хамааруулж ойлгохоор байна. Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд байхгүй байсан. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь дээрх хууль, хуулийн заалтыг буруу хэрэглэж, тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар “...гэрээний хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр тус аймгийн Отгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Цэнд-Аюушийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, Д.Цэнд-Аюуш нь захиргааны хэргийн шүүхэд уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжаар Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан иргэн Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/233 дугаар захирамжаар дээрх маргаан бүхий Б/22 дугаар захиармжийг хүчингүй болгож, мөн өдрийн Б/30 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг тус тус баримтлан “өөрөө хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр Д.Цэнд-Аюушийг дахин ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга ийнхүү өмнөх захирамжаа хүчингүй болгож, дахин өөр захирамж гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан Б/22 дугаар захирамжид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа “...Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар өөрчилсөн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй болохыг заасан, шүүхээс  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаар танилцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн ... /бол/ ... шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэсэн нь хариуцагч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчснөө хүлээн зөвшөөрч, хууль бус захиргааны актаа өөрөө хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн тохиолдлыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд шүүгч захирамж гарган хариуцагчийн зөвшөөрлийг баталж захирамж гаргах зохицуулалт юм.

Нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нь анх “...ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч Завхан аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр урьд гаргасан Б/22 дугаар захирамжаа хүчингүй болгосон хэдий ч Б/30 дугаар захирамжаар түүнийг дахин ажлаас чөлөөлснөөр нэхэмжлэгчийн “...ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн” гэх зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн дахин шүүхэд хандсан, энэ тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байхад ... шүүх ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 42.1-д ... заасныг  /хэрэглээгүй/” гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан “... /өөрөө/ ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд шилжих тухай хүсэлт ирүүлсэн” гэх үндэслэлээр маргаан бүхий Б/30  дугаар захирамжийг гаргасан боловч нэхэмжлэгчээс “...хүсэлт гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн” гэж маргасан, нэхэмжлэгч ийнхүү өөрөө хүсэлт гаргасан гэх бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “...ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлөгдөх өөрийн саналаа бичгээр гаргах зохицуулалттай байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...амаар тохирсон” гэх тайлбарыг шүүх хүлээж авах үндэслэлгүй.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн ажилласан хоног, цалингийн талаар “зөрүүтэй” гэж маргаж байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, дээрх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-т “...хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасантай нийцжээ.

Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА