Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо “*******” ХХК /УБД:9011067101,  РД:2672731  /-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1,782,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн 13-78 УНН улсын дугаартай Хово 59-45 УНУ улсын дугаартай Нордбенз маркийн машинуудаар 2013 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд “*******” ХХК-ийн хайрганы үйлдвэрээс “Prosolid standart” гэх захиалагчид хайрга хүргэх ажлыг “*******” ХХК-ийн захиалгаар амаар тохиролцон ажлыг гүйцэтгэсэн. Тухайн үед 11 удаа элс, хайрга  “*******” ХХК-ийн хайрганы үйлдвэрээс зөөж, 1 удаагийн зөөлтийг 18 м.куб-р тооцон, 1 м.куб-г 9000 төгрөгөөр зөөхөөр тохиролцсоны дагуу 11*18 м.куб*9000 төгрөг нийт 1,782,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэснээс хойш ажлын төлбөрийг авахаар тус компанийн захиралтай олон удаа утсаар ярьж байсан ч удахгүй өгнө гэх боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй байх тул уг компаниас ажил гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1,782,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт  1,782,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доор дурьдсан нөхцөл байдлууд тогтоогдож байна

Хариуцагч “*******” ХХК нь ******* нэхэмжлэл гардан авах, хариу тайлбар өгөх итгэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаатайгаар олгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцан гарын үсэг зурж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн нь хавтаст хэрэгт авагдсан 20, 25, 26 хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн 13-78 УНН улсын дугаартай Хово, 59-45 УНУ улсын дугаартай Нордбенз маркийн машинуудаар 2013 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд “*******” ХХК-ийн хайрганы үйлдвэрээс “Prosolid standart” гэх захиалагчид хайрга хүргэх ажлыг гүйцэтгэсэн болох нь “*******” ХХК-иас жолооч буюу нэхэмжлэгч *******д олгосон зарлагын падаанаар нотлогдож байна. /хх 7-17 хуудас/

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ажлын хөлсөө хариуцагчаас удаа дараа нэхэж, байнга утсаар ярьж байсан, өгөхгүй байнга хойшлуулаад байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч нь шаардах эрхийн хугацаа дууссан эсэх тал дээр маргаагүй байна.

 

Шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 10 минутад 99102258 дугаарын утсаар, мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэг тус тус зааснаар ажлын хөлс 1,782,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “*******” ХХК-иас 1,782,000 /нэг сая долоон зуун наян хоёр мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  43,470  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ