| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0314/Э |
| Дугаар | 727 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 727
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн даргаБ.Төгөлдөр,
Улсын яллагч А.Ганзориг,
Шүүгдэгч Г.Б,түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэжирүүлсэн Х овогт Г-ын Б, Ж овогт Б-ын С нарт холбогдох 1808016820170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,**** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 9 дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1028 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 902 дугаартай магадлалаар түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзаж шийдвэрлэсэн, Х овогт Г-ын Б, РД:********.
Монгол Улсын иргэн,**** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 14 дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 7 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн, Ж овогт Б-ын С, РД:*********.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б, Б.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигүүр” гэх хүнсний дэлгүүрийн арын гудамжинд иргэн Б.А-ын эзэмшлийн Samsung galaxy s-2 маркийн гар утас, бэлнээр 120.000 төгрөгийг авахаар довтлон, улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаарх:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Б, Б.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигүүр” гэх хүнсний дэлгүүрийн арын гудамжинд иргэн Б.А-ын эзэмшлийн Samsung galaxy s-2 маркийн гар утас, бэлнээр 120.000 төгрөгийг авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Б.А-ын:...2018 оны 03 дугаар сарын 29-ний орой найз О-ын хамт архи уусан, 23 цаг өнгөрч байхад Баянхошууны хуучин эцэст байрлах “888” буюу Г гэх бааранд найзын хамт сууж байгаад 00 цаг өнгөрөөж гарсан. Найз гэрлүүгээ такси бариад явсан. Би гэр ойрхон болохоор гэрлүүгээ алхаж явтал тойргийн “Жигүүр” хүнсний дэлгүүр өнгөрөөд зүүн тийшээ алхаж байтал хойноос одоо бодоход 2 залуу байсан...Араас нэг цохиж унагаагаад хоёулаа нийлээд халаасанд байсан 120.000 төгрөг, миний гар утсыг аваад зугтаачихсан. Би араас нь гүйгээд гүйцээгүй...Намайг гэрт ирэхэд манай эгч Г ганцаараа байсан, хүмүүс дээрэмдсэн, миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн..гэх мэдүүлэг /хх-22-23, 24-25/
- хохирогч нь дээрэмдсэн гэх хүнийг зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-14-16/
- хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-17-19/,
- осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудас: Б.А-д хүчирхийлэлд өртсөн тухай /х-52/,
- гэрч Б.Г-ын өгсөн: ...Би тухайн шөнө унтаж байтал хүн орж ирэх шиг болсон, хартал А аймшгийн царайтай болчихсон байсан ба асуухад тойргийн тэнд хүнд дээрэмдүүлээд зодуулчихлаа гэсэн. Би тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү шууд авч очиж толгойд нь оёдол тавиулсан. Тэгээд бид хоёр шууд өглөө эрт цагдаагийн байгууллагад ирж өргөдөл гаргуулсан юм... гэх мэдүүлэг /хх-28-29/,
- гэрч С.Б-ий өгсөн:..Тэр өдөр манай гэрт Т, Б, С бид дөрөв 2 шил архи хувааж уусан...Б, Т хоёр тойрог орлоо гээд гараад яваад өгсөн. Тэр хоёр ирэхгүй удаад байхаар нь С бид 2 тэр 2-ын араас хайж гарсан. Баянхошууны хуучин эцэст байрлах баарны үүдэн дээр Б, Т хоёр 1 ахтай муудалцаад байх шиг байсан. С бид хоёр явж очтол тэр ах явлаа гээд яваад өгсөн. Бид дөрөв бас гэрлүүгээ харьцгаая гээд араас нь явсан. Тэгээд явж байтал С, Б хоёр тэр ахыг дагаад явъя гэхээр нь Т бид хоёр харилаа гээд Б тэр хоёроос салаад явсан юм....гэх мэдүүлэг /хх-34-35/,
- шүүгдэгч Б.С-ын:...2018.03.29-ний орой 22 цагийн үед СХД-ийн 9-р хороонд байх найз Б-ий гэрт Б,Т бид нар 2 шил 0.75 гр архи уусан...Бид харих санаатай Баянхошууны эцэст рүү алхаад явсан...Гэтэл урд явж байсан ахыг зодмоор санагдаад, тэр гуравт тэр ахыг зодох уу гэхэд Б, Т хоёр “бид 2 наад асуудалд чинь оролцохгүй” гээд яваад өгсөн...Б бид хоёр тойргийн “Жигүүр” хүнсний дэлгүүрийн ард жалганд тэр ахыг гүйцэж очоод би араас нь цохиж унагаасан ба зууралдаж байтал Б араас нь ирээд тэвэрч авах үед би тэр ахыг толгой руу нь хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед тэр ахын халааснаас бэлэн мөнгө, Samsung galaxy s-2 маркийн гар утас уначихсан байсан. Тэгэхээр нь бид хоёр газар унасан мөнгө, гар утсыг нь аваад зугтсан...Ж дээрээс такси бариад хороолол орж , гар утсыг шагийн архи зардаг хүмүүст архинд өгчихөөд буудал орж архи уусан юм....гэх мэдүүлэг /хх-68-69/,
- шүүгдэгч Г.Б-ийн:...2018.03.29-ний орой би найз нарын хамт архи уусан...Тэгээд бид харихаар алхаад явж байтал С тэр ахыг зодмоор байна гээд байсан...Т, Б хоёр тойргийн тэндээс наад асуудалд чинь оролцохгүй гээд яваад өгсөн. Тэгээд С бид хоёр араас нь гүйж очоод С тэр ахыг цохисон. Тэр үед нөгөө ах газар унаад өгсөн. Тэгээд С тэр ахтай зодолдоод С хүч хүрэхгүй байхаар нь би араас нь цохих гээд очсон чинь тэр ах намайг үүрээд шидээд миний дээр гараад ирэхээр нь би доороос нь тэвэрчихсэн..Тэр ахын халааснаас бэлэн мөнгө, Samsung galaxy s-2 маркийн гар утас унахад нь аваад бид 2 зугтсан...гэх мэдүүлэг /хх-59-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт холбогдох тус гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгчнар нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдэхэд гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу бүлэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарыг нэгэн зэрэг гэмт хэргийн гүйцэтгэгчид гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Б, Б.С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохиригчид тус гэмт хэргийн улсаас нийт 180.000 төгрөгийн хохирол учирсан /хх-44/ байх ба шүүгдэгч нь тус хохирлыг нөхөн төлсөн /хх-25, 122/ байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Г.Б 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан /х-96-104/, Б.С 2017.06.22-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 7 жилийн хорих ял шийтгэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж тус хорих ялаас бүрэн чөлөөлсөн /х-86-92/ байх тул шүүгдэгч нарын урьд шийтгэгдсэн асуудлыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэдний хувийн байдлыг дордуулахгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн ялтай байдлын зохицуулалт 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй буюу хасагдсан болно.
Гэхдээ шүүгдэгч нар нь тус дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, урьдчилан гэмт санаагаар санаатай нэгдэж үйлдсэн байх тул тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Шүүгдэгч Б.С нь 2019.04.01-ний өдрийн шүүх хуралд ирээгүй буюу 2 сар гаруй хугацаанд шүүхээс оргон зайлсан нь түүний хувийн байдлын сөрөг шинжид хамаарна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын ар гэрийн амьдрал, ахуй болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагджээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг ялгамжтайгаар хөнгөрүүлэноногдуулах, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.С-ыг 2019.05.31-ний өдрөөс цагдан хорьсон ба 2019.06.28-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Тус хэргийн шүүх хуралдааны товлосон хугацаа тухайн өдөрт товлогдсон өөр шүүх хуралдааны явцаас шалтгаалан тодорхой цагаар хойшлогдсон хэдий ч Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 1 дүгээр зүйлийн 1.30, 34.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу өдрийн цагтаа, мөн талуудын хүсэлтээр хийгдсэн болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б, Б.С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б-ийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тусшийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын эдлэх 1 жил 8 сар хорих ялыг, Г.Б-ийн эдлэх 1 жил 1 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй болохыгтус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Б, Б.С нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР