| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0717/Э |
| Дугаар | 725 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 725
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Жаргалмаа,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 1908030300917 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран **** тоотод оршин суугаа, урьд нь ял шийтгэлгүй, Б овгийн Г-ийн Т /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Баганаран **** тоотод хамтран амьдрагч болох Д.Ү-тай “хөдөөнөөс хүмүүс ирсэн байхад хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Баганаран **** тоотод хамтран амьдрагч болох Д.Ү-тай “хөдөөнөөс хүмүүс ирсэн байхад хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч Д.Ү-ийн...2019 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө нөхөр Т хөдөө малаа харчихаад ирэхдээ аавын талын хамаатан Б, А хоёрын хамт Архангай аймгаас гэртээ ирсэн. Маргааш тэд архи ууцгаасан. Тэр өдөр би хашаанд хамт амьдардаг ээжийн хамт гэрт нь гэдэс цэвэрлэх ажлаа хийж байтал нөхөр орж ирээд “чи хамаатан садангуудаа тоосонгүй, хоол унд хийж өгсөнгүй” гэж уурлаж аашлаад гэр рүүгээ яваад орсон. Би араас нь яваад ортол миний өөдөөс хэрүүл хийхээр нь би “ажлаа л хийж байна шүү дээ" гээд хэлтэл уурлаж нүүрэнд гараараа цохиж толгой руу нэмж цохисон. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамаатны ахтай хардаж надад гар хүрсэн би цагдаад хандаж шүүх эмнэлэгт үзүүлээгүй орхисон. Т надаас уучлал гуйж, надад 1,000,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 5-7 /
- гэрч Ц.С-гийн...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүргэн Т гэртээ хөдөөнөөс хамт ирсэн манай нэг нутгийн хоёр хүний хамт архи ууцгаасан. Би охины хамт хашаанд нь байх гэртээ гэдэс цэвэрлэх ажил хийж байтал хүргэн Т орж ирээд эхнэртээ хандан “чи хүн амьтан ирчхээд байхад орж хоол унд хийж өгөөч” гэж хэлсэн, Ү араас нь гарсан. Тэгтэл Т-гийн гэрт орилоон болохоор нь яваад ортол Т Ү-г зодож, тэнд байсан нутгийн хоёр хүн салгаж байсан...гэх мэдүүлэг /хх 15-16/,
- шинжээчийн дүгнэлт...Д.Ү-гийн биед хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хүзүү, хоёр бугаланд цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-20/,
- шүүгдэгч Г.Т-ы...тухайн үед хөдөөнөөс ах, дүү нар чинь ирчихээд байна, хоол унд хийхгүй гэж хэлж маргалдсан, би уур хүрээд эхнэрээ 2-3 удаа цохиж, хөл рүү нь нэг удаа өшиглөж зодох үед манайд ирсэн хүмүүс салгасан...гэх мэдүүлэг /хх 28-29/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн эрүүл мэндийн зардалд шүүгдэгч нь 1.000.000 төгрөг зарцуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байх тул /х-5-7, 58-59/ шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу туслалцаа үзүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар Г.Т-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүйболохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР