Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 807

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн даргаШ.Жаргалмаа,   

           улсын яллагч А.Мөнхзул,

            шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Г-д холбогдох 1908 0243 40753 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Баянчандмань аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “Баянгол шинэ өргөө” ТӨҮК-т ачигч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 ахын хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 24-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, гэх Б овгийн  Г-ын Г. регистрийндугаар: ********.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Г овогтой Г нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байх авто бусны буудлын орчимд иргэн Ц.Э-г бүдэрч унах үед түүний энгэрийн халааснаас газар унасан 80.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, Хаан банкны викакарт, тоглолтын билет зэрэг эд зүйлс бүхий түрийвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 05 дугаарсарын 02-ны Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байх автобусны буудлын орчимд иргэн Ц.Э-гийн түрийвч бүхий эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь : 

- эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

/хх-5-6/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 7/

- хохирогч Ц.Э-гийн...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянхошуунд байх хамтран амьдрагч А-ийн гэрт Э гэх танилтайгаа 1 шил 0.5 граммын архи хувааж уучихаад, орой 21 цагийн үед дэлгүүр орж тамхи авах гээд явж байгаад бүдрээд унах гэж байхадмалгай  нь унасан...Малгайгаа авах гээд тонгойход энгэрийн халаасанд байсан түрийвч газар уначихсан. Тэгсэн чинь миний ард явж байсан залуугийн нэг нь миний газар унасан түрийвчийг аваад зугтаачихсан. Араас нь 2 хүн хөөж байгаад бариад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн. Намайг зодож цохьсонзүйл байхгүй...түрүүвчинд 80.000 төгрөг, иргэний үнэмлэх, хаан банкны карт, 2 ширхэг тоглолтын билет байсан...гэх мэдүүлэг/хх-9, 11,14/,

-гэрч Д.Ш-ын...Би 2019 оны 05 дугаар сарын 02-ны орой ажлаа тараад хамаатны ах Г-тай хамт явж байгаад гэр рүүгээ харих гээд микронд суутал Г ах нэг хүний түрийвчийг аваад зугтаачихсан... гэх мэдүүлэг/хх-16/,

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ: түрийвч, карт, үнэмлэх, 1 ширхэг билет нийт үнэлгээ 90.000 төгрөг.../хх-28-29/,

- шүүгдэгч Г.Г-ын:..2019 оны 05 дугаар сарын 02-ны орой цагийг нь сайн санахгүй байна ажлаасаа буугаад харих гээд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо автобусны буудал руу явж байсан чинь миний урд талд согтуу хүн унаад босч ирээд малгайгаа авах гэж байхад түрүүвч нь унахалаар нь түрүүвчийг  аваад гудамж руу ороод зугтаачихсан...Би түрүүвч дотор нь байсан мөнгийг аваад бусад эд зүйлсийг нь хаясан...Хохирлын мөнгөнд 120.000 төгрөг төлсөн...мөн пассторт захиалахад 48.000 төгрөг өгсөн....тухай мөрдөн байцаалт /хх-12, 66-67/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Г.Г-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан /х-7, 15, 66-67, 70/ байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчийн ар гэр, амьдрал ахуй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж тус хэрэгт авагдсан байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыгтус тус дурдсугай.

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР