Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 802

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Ж.Отгончимэг,

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Г-ын О-д холбогдох 1908 0008 80158 дугаартай эрүүгийн хэргийг хянанхэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийнбайцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -5, эх, ах, дүү, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн *** тоотод оршин суух, урьд 2016 оны 03 сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, тухайн ялыг мөн хугацаагаар тэнсэжхянан харгалзсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн /тухайн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй оргон зайлсхийсэн/,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, И овгийн Г-ын О /************ /.

            Холбогдсонхэргийнталаар:

            Шүүгдэгч Г.О нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын хажууд зогсож байсан  О.М-ын куртикны халааснаас LGзагварын гар утсыг хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулсан,мөн 2018 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн автобусны буудалд зогсож байсан 12 настай Г.А-ын куртикны халааснаас самсунг гранд загварын гар утсыг хулгайлж 96.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын хажууд зогсож байсан. Э.Н-ийн куртикны халааснаас самсунг S3 маркийн гар утсыг хулгайлж 96.000 төгрөг буюу буюу бусдад нийтдээ 422.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч Г.О нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын хажууд зогсож байсан О.М-ын куртекний халааснаас LG-jx загварын гар утас, Г.А-ын куртекний халааснаас самсунг гранд загварын гар утас, Э.Н-ийн куртекний халааснаас самсунг-s3 маркийн гар утсыг хулгайлж, нийт 422.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

-хохирогч О.М-ын:..2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Г-тай хамт Хархорин худалдааны төвийн автобусны буудал дээрээс автобусанд суух гээд зогсож байхдаа халааснаасаа LG жх маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед намхан, хар өнгийн куртиктэй, нүдээ хараар будсан, архи үнэртүүлсэн эмэгтэй хүн байсан. Эргэж хараад гар утсаа авах гэхэд перитик гаргасан...гэх мэдүүлэг /хх-59/,

- хохирогч Г.А-ын:...Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хархорин автобусны буудал дээр буугаад гар утсаа алдснаа мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

- хохирогч Э.Н-ийн...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15-16 цагийн хооронд өөрийн найз Ү-тай хамт Хархорин худалдааны төвийн автобусны буудлаас автобусанд суух гэж байхдаа халааснаассамсунг галакси эс 3 загварын гар утсаа хулгайд алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

- эд зүйлийн үнэлгээ : гар утас самсунг галакси 3s 96.000 төгрөг, самсунг гранд 96.000 төгрөг, LG нь 230.000 төгрөг/х-22, 41, 63/,

- гэрч Б.Э-ийн...2018 оны 12 сарын 30-ны өдөр Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байхад О нь согтууруулах ундаа хэрэглэсэнбайдалтай хүмүүсийн халаасруу гараа хийгээд хулгай хийх зорилготой явж байхад нь шалгахад LG, самсунг глакси, самсунг гранд загварын 3 гар утас биенээс нь илэрсэн. Уг гар утаснуудыг шалгаж үзэхэд тухайн өдөр иргэнО.Марал, Э.Н, Г.А\нарын хулгайд алдсан гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-10/,

-  эд зүйл түр хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20-21, 39-40, 61-62/,

- шүүгдэгч Г.О-гийн:...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, бага ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Тус хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттайгаас гадна шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар мөрдөн байцаалтын шатанд илтэд худал мэдүүлсэн, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгчийн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчим Хархорин худалдааны төвийн автобусны буудлын хажууд зогсож байсан нэр бүхий 3  хохирогчийн халааснаас эд хөрөнгө хулгайлсан 3 удаагийн гэмт үйлдэл нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд, нэг цаг хугацаанд, нэг орон зай, нэг нутаг дэвсгэрт үл ялих завсарлагатай буюу тэр даруйд тасалдалгүй үргэлжлэн хийгдсэн байх тул үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг гэж үзнэ.

Тодруулбал, үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн гол онцлог нь нэгэнт эхэлсэн гэмт ерөнхий, нэгдмэл санаа үргэлжлэх өвөрмөц үе шат болдог учраас үргэлжилсэн үйлдэл тус бүртээ бие даасан гэмт хэргээр зүйлчлэгдэхгүй болно.

Иймд шүүгдэгч Г.О-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайдтооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас хохирогч нар хулгайд алдагдсан гар утсаа хүлээн авсан байх тул төлөгдөх хохиролгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч нь тус хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагджээ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял  оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.13-ны өдрийн 233 дугааршийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч эдлээгүйзайлсхийсэн /х-111-102/, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.27-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг /6 сарын хорих ял/ 1 жилийн хугацаагаар тэнссэн /х-115/ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 5-т заасан журмын дагуу шүүгдэгчийн эдлэх ялуудыг нэмж нэгтгэх үндэслэлтэй.  

Уг хэрэгтхураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь тус шүүхээс оргосон тул 2019.03.25-ны өдрөөс эрэн сурвалжилсан ба 2019.07.02-ны өдөр түүнийг цагдан хорьсон, 2019.07.22-ны байдлаар 20 хоног, 2018.02.13-ны өдрийн 233 дугааршийтгэх тогтоолоор 3 хоног /х-111-114/, 2018.06.27-ны шийтгэх тогтоолд зааснаар 64 хоног /х-120/ байх тул түүний нийт цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд оруулан тооцно.

Шүүгдэгч Г.О нь 2013.10.07-нд төрсөн О.Б гэх хүүхэдтэй /х-130/ байх тул Гэр бүлийн тухай хуулийн дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, асран хамгаалах, харгалзан дэмжихүйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг тус Г.О-гийн хүүхэд О.Б-ыг түр асран хамгаалж буй Д.П-д  даалгах нь зүйтэй байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.О-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.27-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын...”шүүгдэгч Г.О-д оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэснийг хүчингүй болгосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.13-ны өдрийн 233 дугааршийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцон нийт 30 хоног буюу 1 сар хорих ялыг, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.27-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.О-гийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн биечлэн эдлэх 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 87 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

7. Уг хэрэг хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.   

8. Шүүгдэгч Г.О-гийн хүүхэд буюу 2013.10.07-нд төрсөн 0.Б-д Гэр бүлийн тухай хуулийн дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг О.Б-ыг түр асран хамгаалж буй Д.П-д  даалгасугай.

9. Шүүгдэгч Г.О-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            11. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид Г.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

           

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.ГАНБААТАР