Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/056

 

 Б.Тт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Тт холбогдох эрүүгийн 201705000177 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бгийн Т, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 10 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 24-нд эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 багийн нутаг дэвсгэр “Байдраг”-ийн гүүр гэх газарт байх С.Дын агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хунцат” гэх газарт байх иргэн Тулгын гэрт Д.Ныг эхнэртэйгээ хардсан хувийн сэдэлтийн улмаас хоолны заазуураар Д.Нын нүүрийг зүсэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж, Андуу овогт Бгийн Тийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Бгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Бгийн Тт  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Тийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ногоон өнгийн мотоцикль буюу түүний үнийг төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар Б.Т нь хохирогч С.Дад хэргийн учир төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Нын 500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогч Д.Н нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа Б.Таас хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Д нь өсвөр насны сэжигтэн *******гаас 180.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсэний дараа өсвөр насны сэжигтэн *******гийн хууль ёсны төлөөлөгч Э.Бодьсадаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цайвар ногоон өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт  зааснаар Б.Тийн “GROED” маркийн гар утас, 5 тооны ямаа зэргийг битүүмжилсэн  прокурорын  2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “GROED” маркийн гар утас, 5 тооны ямааг эзэмшигч Б.Тт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг  2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь эхнэр аваад хоёр сарын ч хугацаа болоогүй ба хоёр нялх хүүхэдтэй болно. Том охин ******* нь 1 нас, 3 сартай, бага хүү ******* нь 4 сартай билээ. Миний эхнэр ******* нь нялх, хөхүүл биетэйн дээр зүрх нь өвддөг, хууч өвчтэй. Манайх ганц гэрээр нутагладаг бөгөөд эхнэр маань 2 нялх хүүхэд харахын хажуугаар өвлийн хүйтэн, зуд боллоо гэхэд малаа харж а хэцүү байдалтай хоцроод байна. Миний бие нь хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болно. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялаас хөнгөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тэнсэн суллагдсан. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял шийтгэлгүйд тооцогдсон. Иймд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож байна.

Б.Т нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, түүний ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Б.Т нь 2017 онд хуримаа хийж шинэ гал голомтоо бадраасан, 3 сартай, 1 ой 4 сартай 2 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ асарч гэртээ байдаг. Өөрөө айлын мал маллаж, ахуй амьдралаа авч явдаг залуу хүн юм. Түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүй ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хялбар аргаар мөнгө олох гэсэн больчимгүй үйлдлээсээ болж ар гэрээ зовоож байгаадаа харамсаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэл болон гэм буруу, хууль хэрэглээн дээр маргах зүйлгүй. Харин шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Б.Тийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийн талаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж үзнэ. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэх эсэх асуудал нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Б.Т нь насанд хүрээгүй *******тай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Байдраг”-ийн гүүр гэх газар байх иргэн С.Дын агуулах болох амбаарт нэвтэрч 14 ширхэг ямааны арьс, 25 литр АИ-92 бензин зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн мотоциклийг ашигласан гэдэг нь тогтоогдсон, прокуророос энэ талаар яллах дүгнэлт үйлдээгүй, яллах дүгнэлтэд хэдий хэмжээний хохирол учруулсан зэрэг нь тодорхой бус, уг мотоциклийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ч шийдвэр мөрдөн байцаалтын шатанд гаргаагүй, прокурор анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар дурдаж ялалаагүй байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн шийдвэрлэхдээ дээрх мотоциклийг буюу үнийг Б.Таас гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснийг зөрчсөн зөрчил болжээ.

Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан, “...учруулсан хохирол...”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх...” гэсэн шаардлагыг хангаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан Б.Тт оногдуулсан хорих ялыг тэнсүүлэх талаар давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдав.

Б.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Тт холбогдох эрүүгийн 201705000177 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Тт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

            ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                     Н.ЭНХМАА