Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 016

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багийн оршин суугч Т.Б-ын   нэхэмжлэлтэй;

Хариуцагч:  Баян–Өлгий  аймгийн Засаг даргад  холбогдох;

“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн Х, А, А нарт 667 м2  газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, гуравдагч этгээд Ц, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2007 онд Хгийн ах Бгаас эзэмшлийн гэрчилгээтэй 310 м.кв газрыг хашаа, 51 м.кв байшингийн хамт худалдан авсан. Тухайн үед Өлгий сумын газрын даамал А.Ермект очсон боловч миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Учир нь миний бие Буянт сумын харьяалалтай байсан тул Өлгий суманд шилжин ирэх үед нэр дээр буулгаж өгөхөөр тохиролцон газар эзэмшлийн гэрчилгээг авч үлдсэн. Тухайн үед эзэмшлийн гэрчилгээг нэр дээрээ буулгах чухал шаардлага гараагүй тул шилжүүлэхгүйгээр байж байгаад 2010 онд банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлага гарсан тул уг гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн хамт одоогийн Төрийн банканд барьцаанд тавьж зээл авч тус байшинд мужааны цехийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 онд мужааны цехийн тоног төхөөрөмжийг хашаа, байшингийн хамт иргэн Г.Баянмөнхөд зарахаар тохиролцож гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн. Гэтэл уг хашааг байшин авсан Г.Баянмөнх надад мөнгө төлөхөөс татгалзаж эхэлсэн, шалтгаан нь Х нь миний газар  2008 онд өмчлөлдөө авсан гээд өмчлөлийн гэрчилгээ Г.Баянмөнхөд үзүүлсэн байна. Ингээд Г.Баянмөнхөөс газар эзэмшлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаах авах гэтэл газар байшингийн гэрчилгээг банкны барьцаанд тавьж зээл авсан гэх шалтгаанаар надад буцаан өгөхгүй удсан болохоор шүүхэд хандаж буцаан авсан болно. Энэ хугацаанд Өлгий сумын газрын албанд хандсан боловч хоорондоо зохицоорой, эсвэл шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч гэрчилгээ миний нэр дээр шилжээгүй байсан тул нэхэмжлэл гаргаагүй. Тухайн үед эзэмшил газрын дээр нь баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, эзэмших эрхийг шилжүүлэн  авч байсан ба  энэ нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл гуравдагч этгээд Х нь уг газарт бас нэг айл, байшин байсаар байхад 2008 онд бүхэлд нь өөрийн нэр дээр өмчилж авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай захирамжийн хавсралтын 55 дугаарт заасан Х, А, А нарт 667 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Гуравдагч этгээд Х-гийн хэлж байгаагаар газрын даамал н.Дауан гэдэг хүн 2000 онд шууд гэрчилгээ олгосон, Б нь тухайн газрыг эзэмших, ашиглах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй мөртлөө газар эзэмшиж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 310 м.кв газар эзэмших талаар өргөдөл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна  Өргөдөлд зурагдсан гарын үсэг Бгийн гарын үсэг мөн бөгөөд тухайн газрын хэмжээг харуулсан тойм зургийг Б өөрөө гаргаж өгсөн гэдэг нь   нотлогдож байгаа юм. Тэр хүн өргөдөл, хүсэлт гаргаагүй тохиолдолд төр, засгаас түүнд дур мэдэн газар олгоно гэсэн ойлголт байхгүй. Ямар нэгэн байдлаар газар эзэмшиж байсан, оршин сууж байсан гэдэг утгаараа болон тухайн хүний өргөдлийн үндсэн дээр шийдвэрлэсэн асуудал гэдгийг хэлмээр байна. Энэ нь 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөл, Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Эрхийн гэрчилгээ олгох тухай захирамж”, 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гэх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа. Мөн дээрх баримтуудад байгаа гарын үсгийг Б өөрөө зураагүй, өргөдөлд гарын үсэг зурсан эсэхийг санахгүй байна гэх зэрэг мэдүүлгүүд нь худал, түүний гарын үсэг мөн гэдэг нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот тогтоолоор батлагдсан. Тийм учраас маргаан бүхий газрыг Б, Х нар хамтран эзэмшиж, ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анх 2006 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Бгаас Бөд маргаан бүхий газрыг худалдсан тухай баримт үйлдсэн. Энэ баримтыг үйлдсэн гэдгээ Б өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би газрыг худалдаагүй, газрын үнийг аваагүй гэж мэдүүлсэн байгаа. Яагаад гэвэл тухайн газрыг Б нь өмчлөх эрхгүй байсан ба энэ тохиолдолд тухай газрыг худалдах эрхгүй юм. Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар хуульд заасан журмын дагуу тухайн газрыг шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Дараа нь 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр газрыг  бусдад шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Тухайн үед Б өөрийн биеэр ирсэн гэдгийг нотариатаар ажиллаж байсан Т.Зулай гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн бөгөөд нотариатын бичиг баримтуудад Б өөрөө гарын үсэг зурсан нь тогтоогдож байна. Тухайн газрыг Бөд шилжүүлсний дараа Б тухайн газрыг эзэмших хүсэлтэй байсан боловч шилжүүлж авах гэхэд газрын даамал А.Ермек гэрчилгээ, гэрээ зэрэг баримтуудыг хурааж авсан байсан.  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1–д  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-т “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байна”, 38.4 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх ба нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байсан тохиолдолд тухайн газрыг шилжүүлж авах талаарх хуулийн хугацаа заагаагүй юм. Тэгэхээр итгэмжлэлийн хугацаа дууссан ч гэсэн итгэмжлэлгүйгээр Газрын тухай хуулийн зохицуулалтын дагуу шилжүүлэх боломжтой юм. Түүнчлэн тухайн итгэмжлэлийн хугацаа  дууссан нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Энэ нь газрын даамал А.Ермекийн хууль бус шаардлага буюу тухайн суманд амьдарч байгаа иргэн өөрийн харьяа сумаас газар эзэмших эрхтэй гэдэг байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримтуудыг хурааж авсан байдаг юм. Дээрээс нь Б, Б нар нь 2006 оноос хойш тухайн газрыг эзэмших эрхийн актуудыг авах талаар хандаж байсан.Ийм үндэслэлээр дээрх нотлох баримтууд газрын даамлын гарт байсны улмаас хугацаа хожимдсон  байгаа.  Гэвч газар шилжүүлэгч, шилжүүлэн авагчийн хооронд ямар нэгэн маргаан байхгүй, харин Б, Б нарт газрыг шилжүүлсэн хүсэл зориг байсан гэдгээр  итгэмжлэл нь хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Нөгөөтээгүүр Бад маргаан бүхий газрыг эзэмшүүлэхтэй  холбоотой хэн ч маргаагүй, түүнд газар эзэмшүүлсэн шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Тэгэхээр бусдад эзэмшүүлэх газар нь хэн нэгний газартай давхцаагүй байна гэсэн хуулийн зохицуулалттай. Бгийн газар эзэмшсэн эрхийн гэрчилгээнүүд нь Бад шилжүүлснээр хүчингүй болсон нь мөн адил тогтоогдсон байдаг. 

Нэхэмжлэгчийн хувьд миний эзэмшил газартай давхцуулан газар олгосон гэдэг байдлаар маргаж байгаа бөгөөд гуравдагч этгээдийн 297 тоот гэрчилгээнд байгаа 810 м.кв гэсэн хэмжээ нь засвартай, 3 гэсэн тоог 8 болгож зассан гэх дүгнэлт гарсан. Дараа нь бодит байдлыг тогтоохын тулд мөн шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад Хгийн өмчилж буй газар нь Бгийн 310 м.кв газартай бүхэлдээ давхцаж байгаа гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухайн хуулийн 19, 20 дугаар зүйлд заасныг  ноцтой зөрчсөн үйлдлийн улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж хохирсон байна. Мөн гуравдагч этгээд Х нь миний эрх ашиг зөрчигдөж байгаа гэж тайлбар хэлж байгаа бөгөөд энэ хүний эрх ашиг хохирч байгаа бол тухайн газрыг анхнаасаа ахтайгаа хамт эзэмших шийдвэр гаргуулахгүй, Б Дархан аймаг руу нүүхэд газрын бүх бичиг баримтыг авч үлдэх байсан. Гуравдагч этгээдийн анхны тайлбарт үнэ хүргэхийн тулд тухайн газрыг эзэмших гэрээ, гэрчилгээ авч байсан гэж дурдсан. Үүнээс үзэхэд анхнаасаа тухайн газрыг Б эзэмших эрхтэй, эзэмшиж байсан гэдгийг гуравдагч этгээд Х мэдэж байсан юм. Б нүүж явсны дараа маргаан бүхий газарт Б, Б нар ирж амьдарч байсан боловч гуравдагч этгээдийн зүгээс энэ газар миний газар байсан гэх байдлаар ямар нэгэн маргаан үүсгээгүй байсан. Иймээс аймгийн Засаг даргын  2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 тоот захирамжаар Х болон түүний хүүхдүүдэд газар өмчлүүлсэн хэсэг хүчингүй болох ёстой гэсэн санал гаргаж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өмиржан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий газрыг 2008 онд Өлгий сумаас бүрдүүлж ирүүлсэн материалын дагуу аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73  дугаар захирамжаар иргэн Х, А, А нарт 667 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Х шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Х нь 1973 онд дээд сургууль төгсөж ирээд хамаатан ахын хашаанд аавын өгсөн эсгий гэрт нэг жил өвөлжөөд 1974 онд одоогийн байгаа цулгуй газар 29,5х22 м.кв хэмжээтэй хашааг өөрийн гараар барьж, 4 дүүгийн хамт амьдарч эхэлсэн. 2 жил хэртэй бид хашаандаа амьдарч байтал хотоос ах Б шилжин ирж, бидэнтэй цуг 1 жил гаруй нэг гэрт хамт амьдарч  байгаад Цагааннуурын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажилд ороод тэндээ 1990 он хүртэл ажиллаж байгаад Өлгийд шилжин ирж, миний хашаанд буусан юм. Тэр үед би ахад би танд газар, хашаа олж өгье гэсэн санал тавихад мөнгөгүй надыг хаашаа яв гээд байгаа юм гээд буучихсан. Улмаар гэрийнхээ буурин дээр байшин барьж амьдарч байгаад 2006 онд дахиад Дархан хотод нүүж явсан байдаг. Тухайн газар минийх гэдгийг хөрш залгаа амьдарч байгаа бүх айл, өрхүүд бүгд мэдэж байгаа. Б нь газрын гэрчилгээ аваагүй гэдгийг гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн, дээрээс нь гараар бичсэн баримтад тодорхой бичигдсэн байгаа. Өлгий сумын Засаг дарга 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот захирамжид Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 165 дугаар тушаалыг үндэслэсэн ба захирамжийн хавсралтад нэр бүхий 50 иргэнд гэрчилгээ шинэчлэн олгох гэж заасан. Уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг тухайн үед Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байсан н.Дауанд үүрэг олгосон байжээ. Гэтэл Б газар эзэмшүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, уг захирамж хууль хэрэгжүүлэх арга хэмжээний үүднээс гарсан. Үүнийг Б өөрөө мэдээгүй байсан. Тэгэхээр энэ нь хууль хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд гарсан захирамж байх бөгөөд үүнийг энэ хүмүүс олж аваад гэрчилгээ бичүүлж авсан гэж ойлгож байна. Нөгөө талаар нэхэмжлэгч тал маргаан бүхий газрыг Бгийн 2006 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр авсан гэжээ. Б нь 2006 оны 07 дугаар сарын 20-нд нүүж, бид нар Цагааннуур явах зам дээр гаргаж өгсөн. Тэгэхээр хугацааны хувьд ч гэсэн зөрчилтэй байгаа гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Дээрээс нь итгэмжлэлд зурсан гарын үсэг хүртэл хүчингүй учраас энэ нь ерөөсөө хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас тухайн итгэмжлэлийн үндсэн дээр олгогдсон бүх эрхийн актууд хүчингүй болж таарах гээд байна. Мөн Б тухайн үед гарын баримт бичиж өгөхдөө газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан бол тийм гэрчилгээтэй газрыг Бөд худалдсан гэдгийг тодорхой бичиж өгсөн байх ёстой. Тэр хүн бичиг үсгийн чадвартай, тусгай дунд боловсролтой хүн байгаа. Гэтэл гарын баримтад ерөөсөө тийм зүйл бичээгүй байна. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээнд Бгийн нэрийн өмнөөс Б гарын үсэг зурсан. Маргаан бүхий газрыг ямар нэгэн хүсэлтээр биш, хууль хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олгогдсон гэдэг нь юугаар нотлогдож байгаа бэ гэвэл, 2004 оны баримтуудыг шүүж үзэхэд газрын даамлаар ажиллаж байсан н.Дауан гэдэг хүн гэрээг өөрөө бичээд Бд гарын үсэг зуруулаагүй, уг гэрээ нь сул цагаанаар байж байгаа юм. Нэхэмжлэгч Бад байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээ зэрэг баримтууд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшлийн газартай давхцаагүй байна,  31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.  Дээрээс нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшилдээ авсан газрыг 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй бол тухайн газрыг хүчингүй болгох ёстой. Дараагийн асуудал бол энэ хэрэгт гэрчээр асуугдсан бүх хүмүүс тухайн хашаа, байшин нь минийх, түүнд Б ерөөсөө оролцоогүй гэдгийг тодорхой хэлж өгсөн. Миний хувьд сул чөлөөтэй газарт хашаа, байшин барьж, 40-50 жил амьдарсан юм. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон захирамж зэрэг бичиг баримтууд бүгд хууль ёсны дагуу олгогдсон. Б нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө миний бие ерөөсөө газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй гэж хэлсэн байдаг. Хуулийн дагуу газар эзэмшиж байгаа, үндсэн оршин суугч бидний эрх ашиг хамгаалагдах ёстой юу, түр оршин сууж байсан хүмүүсийн эрх ашиг хамгаалагдах ёстой юу гэдэг нь ойлгомжгүй байна. Миний хашаанд 10х10-ийн харьцаатай өвлийн орон сууц, махны амбаар, гарааш, нүүрс, гэр хураах амбаар тус бүр нэг байгаа болно. Миний хашаа жижиг, дээр нь 2 айл чөлөөтэй амьдрах /бие засах газар болон муу усны нүх багтах газаргүй/ орчингүй. Б нь одоо хотын баруун талаас том газар авч хашаа, байшинтай болсон гэсэн.  40 гаруй жил өөрөө хөдөлмөр, хөлс хүч гарган нэг ч хүний оролцоогүйгээр хашаа татаж амьдарч ирсэн үндсэн иргэнээс асуулгүй, мэдэгдэлгүй, өмчлөх, эзэмших эрхэнд дур мэдэн  халдан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, буруу шийдвэр юм. Хуулийн дагуу шийдэж  өгөхийг хүсэж тайлбар гаргав  гэв. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Гуравдагч этгээд Х нь маргаан бүхий газрыг 1970-аад оноос эхлэн эзэмшиж, 1996 оноос Газрын тухай хуульд заасан журмын дагуу гэрээ, гэрчилгээг авч хууль ёсоор эзэмшиж байсан бөгөөд 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 тоот захирамж гарснаар тухайн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан Б нь гуравдагч этгээд Хгийн хашаанд байшин барьж байсан боловч газар эзэмшиж байсан эсэх нь хөтөлбөргүй тогтоогдохгүй байна. Дээрээс нь Б нь “...би Хгийн газарт байшин барьж амьдарч байсан болохоос хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаагүй, үүнээс гадна 2006 онд Дархан хот руу нүүхдээ газрыг хэн нэгэн этгээдэд шилжүүлээгүй” гэж өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Нөгөө талаар Б нь өөрийн өмчлөлийн байшинг Бөд худалдсан боловч газрын хамт худалдсан гэх нэхэмжлэгч талын тайлбар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.  Мөн Б нь тухайн газраас 310 м.кв газар эзэмшиж байлаа гэж үзэхэд тэрнийг байшин худалдаж авсан Бөд шилжүүлсэн тухай баримт байхгүй болно. Тийм учраас Б нь байшинг газрын хамт худалдаж авсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Бгийн эзэмшил газрыг Бөд шилжүүлсэн талаарх хууль ёсны эрхийн акт буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримт байхгүй байна. 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Бгийн эзэмшил газрыг Бын нэр дээр шилжүүлэх тухай гэрээ хэлцэл хийсэн бөгөөд энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Учир нь Бгийн нэрийн өмнөөс Б гарын үсэг зурж хуурамч гэрээ хэлцэл хийсэн байдаг. Түүнийг Б хийгээгүй гэдгийг Б, Б нар өөрсдөө зөвшөөрч байгаа. Тэгэхээр 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эзэмшил газрыг бусдад шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас Өлгий сумын Засаг даргын  2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 92 тоот захирамж гарч Бгийн эзэмшлийн 031300100 гэсэн дугаартай нэгж талбарын газар эзэмших гэрчилгээг Бад шилжүүлэх тухай захирамж гарсан. Энэ шийдвэрийг өнөөдөр хууль ёсны захирамж гэж үзэх боломжгүй байна. Яагаад вэ гэвэл захирамж гаргах үндэслэл болсон эзэмшил газрыг бусдад шилжүүлэх хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байсан юм. Мөн 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн захирамжийг үндэслэн 310 м.кв газрыг эзэмшүүлэхээр тогтоосон гэрчилгээ нь Газрын тухайн хуулийг ноцтой зөрчиж олгогдсон учраас уг гэрчилгээ өөрөө хүчин төгөлдөр бус байна. Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд тодорхой зохицуулсан байгаа.  Газар эзэмших эрхийг шилжүүлсэн Б болон эрх шилжүүлэн авч байгаа Б нарын хооронд гэрээ байгуулагдаж, түүнийг нотариатаар гэрчлүүлсэн байхыг хуулиар шаардаж байна. Гэтэл Б байхгүй байхад энэхүү гэрээнд Бгийн гарын үсгийг Б зураад Бад 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр газрыг гэрээгээр шилжүүлж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хуурамчаар гарын үсэг зурсан ноцтой зөрчил байдаг юм. Нэхэмжлэгч тал Бгаас итгэмжлэл авсан гэх боловч тухайн итгэмжлэл нь 3 жилийн хугацаатай олгогдсон байх бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн итгэмжлэлийн хугацаа дууссан байна. Тийм учраас 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Эзэмшил газрыг бусдад шилжүүлэх тухай” гэрээгээр тухайн газрыг Б шилжүүлж авсан нь өөрөө хууль бус байна. Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд 1970-аад оноос эхлэн хашаа татаж, байшин барьж эзэмшиж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна. Нөгөө талаар газар эзэмших эрхийн гэрчилгээ надад байхгүй байсан гэх Бгийн  тайлбар, мэдүүлэг  үндэслэлтэй гэж ойлгож байна. Харин нэхэмжлэгч тал Бгийн иргэний үнэмлэхийг ашиглаж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж байгаа явдлаас үүсвэрлэн Бгийн нэрийн өмнөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг янз бүрийн байдлаар авсан болох талаарх гуравдагч этгээдийн тайлбарыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  дээрх үндэслэлүүдээр хангах боломжгүй гэж үзэж байна. Газар өмчлөлийн асуудал хуульд заасан журмаараа явагдсан гэж ойлгож байгаа бөгөөд эрх бүхий байгууллагаас шаардсан нотлох баримтуудыг гаргаж өгснөөр аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны  02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар  нийт 100 иргэнд, үүний дотор иргэн Х, А, А нарт Өлгий сумын 8 дугаар багийн  нутаг дэвсгэрт 667 м2  газар өмчлүүлсэн байна. 

        Нэхэмжлэгч Б нь уг 73 дугаар захирамжийн Х, А, А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гуравдагч этгээд Хгийн ах Бгийн эзэмшиж байсан  Өлгий сумын 8 дугаар багт  байрлах 310 м2  газрыг 2010 онд гэрээгээр шилжүүлэн авсан  байхад эзэмшлийнх нь газрыг оролцуулан тухайн хашааны газрыг бүхэлд нь Х, А, А нарт  өмчлүүлсэн нь хууль бус, эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна” гэж  тодорхойлжээ.

       Гуравдагч этгээд Х нь Өлгий сумын 8 дугаар багт байрлах  маргаан бүхий  газарт  хашаа, байшин барьж, 1974 оноос суурьшин амьдарч байгаа, иргэн Б нь 1990 оны үед Цагааннуур тосгоноос нүүж ирээд дүү Х-гийн хашааны урд хэсэгт байшин барьж амьдарч байгаад 2006 онд Дархан-Уул аймагт нүүсэн, нэхэмжлэгч Б нь 2007-2012 онд  иргэн Б-гийн барьсан уг байшинд амьдарч байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр  тогтоогдож байгаа ба  хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргахгүй байна. Харин  гуравдагч этгээдээс уг газар  бүхэлдээ өөрийнх нь эзэмшлийн газар тул дээрх 73 дугаар захирамжаар тухайн хашааны 667  м2 газрыг  /бодит байдалд 757 м2/ өмчилж авсан, иргэн Б нь газар эзэмших эрхгүй гэсэн тайлбар гаргасан.

       Гэтэл гуравдагч этгээд Х нь маргаан бүхий  газарт 1974 оноос суурьшин амьдарч  байгаа хэдий боловч Газрын тухай хуулийн /1994 оны/ 28 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар  тухайн хашааны газрыг бүхэлд нь биш 310 м2 талбай  бүхий хэсгийг эзэмших эрхтэй болох нь 1996 оны 06 дугаар сарын 08-ны  өдрийн 297 дугаартай  газар эзэмших гэрчилгээ , шинжээчийн дүгнэлтээр ,  мөн иргэн Бгийн 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн газар эзэмших гэрээ , 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 310 м2  газар эзэмших тухай хүсэлт , Өлгий сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 03 дугаар  “Эрхийн гэрчилгээ олгох тухай” захирамж ,  2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 0005910 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ  болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар   тус тус  нотлогдож байх тул гуравдагч этгээд Х болон иргэн Б нар нь  Өлгий сумын 8 дугаар багт байрлах маргаан бүхий хашааны газрыг хувааж эзэмшиж байжээ гэж дүгнэлээ. 

        Нэхэмжлэгч Б нь энэхүү  иргэн Бгийн эзэмшлийн 310 м2 газрыг 2010 онд гэрээгээр шилжүүлэн авснаар тухайн газрын эзэмшигч болсон гэж тайлбарлаж  байгаа боловч түүнийг уг 310 м2 газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй болох нь дараах үндэслэл,нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

        Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-т” нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.3-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч  дараах зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш  ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга  шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан. 

        Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  иргэн Б нь 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  дээрх 0005910 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа 310 м2  газар эзэмших эрхээ иргэн Бөд шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь  тогтоогдож байгаа боловч эрхийн гэрчилгээг шилжүүлэгч болон  шилжүүлэн авагчаас эрх бүхий этгээд болох  тухайн шатны Засаг даргад хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсарган  эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай  хүсэлт гаргаагүй, мөн тухайн шатны Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гараагүй байх тул иргэн Бгаас 310 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Бөд шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болоогүй байна. Өөрөөр хэлбэл иргэн Бгийн 310 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг Бөд шилжүүлэн эзэмшүүлээгүй тул түүнд  газар эзэмших эрх үүсээгүй буюу тэрээр маргаан бүхий  310 м2 газрын эзэмшигч биш байна гэж үзлээ. 

       Улмаар гуравдагч этгээд Х нь тус аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжаар өөрийн ах  Бгийн эзэмшлийн  310 м2 талбай бүхий хэсгийг  оролцуулан  тухайн хашааны газрыг бүхэлд нь өмчилж авсны  дараа  нь 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б, түүний ах Б нар иргэн Бгийн 310 м2  газар эзэмших эрхийг  Бад  шилжүүлэх тухай  гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар захирамжаар иргэн Бгийн газар эзэмших эрхийн  гэрчилгээг Бад шилжүүлэн эзэмшүүлсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

        Гэхдээ дээр дурдсанаар иргэн Б нь уг 310 м2 газрын эзэмшигч биш тул  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4  дэх хэсэгт заасан газар эзэмшигчийн эрхийг эдлэх эрх зүйн  үндэслэл байхгүй, өөрөөр хэлбэл  иргэн Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг  бусдад шилжүүлэх эрхгүй, мөн иргэн  Бгаас газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Бад шилжүүлэх тухай  хүсэлт гаргаагүй, эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ байгуулаагүй байхад  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар хуульд заасан  шаардлагыг хангасан эсэхийг тодруулахгүйгээр дээрх гэрээг үндэслэн Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Бад шилжүүлэн эзэмшүүлсэн нь  Газрын  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3-д заасантай тус тус нийцээгүй, нэхэмжлэгч газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй байх тул Быг  маргаан бүхий 310 м2 газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

         Түүнчлэн 2008 онд  гуравдагч этгээд Хд маргаан бүхий газрыг бүхэлд нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр байхад 2010 онд тухайн газрын 310 м2  талбай бүхий хэсгийг   нэхэмжлэгч Бад дээрх байдлаар  шилжүүлэн  эзэмшүүлсэн  шийдвэр  нь Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн  31.3 дахь хэсэгтэй нийцээгүй байна. 

         Нэхэмжлэгч талаас 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр  Б нь өөрийн эзэмшлийн газрыг захиран зарцуулах эрхийг Бөд олгосон, уг итгэмжлэлийн дагуу Б нь дээрх 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнд Бг  төлөөлж гарын үсэг зурсан  гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн итгэмжлэлийг Б олгосон нь тогтоогдоогүйгээс гадна уг итгэмжлэлийн хугацаа нь 2009 оны 07 дугаар сарын 28-нд буюу гэрээ байгуулахаас өмнө  дууссан байх тул энэ тайлбар нь  үндэслэлгүй байна гэж үзлээ. 

       Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Б болон түүний ах Б нар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргуулахаар  эрх бүхий албан тушаалтнуудад хандаж байсан, Өлгий сумын газрын даамлын буруутай үйл ажиллагааны улмаас Б нь  маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй гэж маргасан боловч  иргэн Б нь захиргааны байгууллагын албан тушаалтны өөрийнх нь эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус үйл ажиллагааны талаар гомдол, нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эрхтэй боловч гэрээ байгуулсан 2006 оноос хойш гомдол, нэхэмжлэл гаргаагүй, уг эрхээ хэрэгжүүлээгүйг дурьдах нь зүйтэй. 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс  захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй болох юм.           

         Гуравдагч этгээд Хд иргэн Бгийн эзэмшлийн  310 м2  талбай бүхий хэсгийг  оролцуулан  маргаан бүхий газрыг бүхэлд нь өмчлүүлсэн нь  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг тус тус зөрчиж байгаа боловч иргэн Ц .Буядаа энэ талаар маргаагүй, мөн дээр дурдсанчлан нэхэмжлэгч  Б нь   маргаан бүхий 310 м2 газрын хууль ёсны эзэмшигч  биш,  тэрээр газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй  тул энэхүү шийдвэрийн улмаас  нэхэмжлэгч Бын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн ”Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн Х, А, А нарт 667 м2  газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЕРКЕШ