Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0368

 

 

 

“Ц с” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 284 дүгээр шийдвэртэй, “Ц с” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 284 дүгээр шийдвэрээр:

            “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Ц с” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Ц с” ХХК-ийн төлөөлөгч З.Т шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, гомдол гаргагчийн тайлбар, хууль зүйн үндэслэлд бодитой тайлбар, няцаалт хийгээгүй, хууль хэрэглээг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тухайлбал, гомдол гаргагчийн зүгээс харилцагч Улсын байцаагчийн хяналт, шалгалтаар тогтоосон асуудал нь төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журам, үндэслэлээр явагдаагүй, хариуцагч Зөрчлийн тухай хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд торгосон, мөн Зөрчлийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг цуглуулаагүй, холбогдох асуудлыг тодруулаагүй шийдвэрлэсэн гэх үндэслэлүүдээр маргасан боловч шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хариуцагчийн зүгээс тус хяналт шалгалт нь төлөвлөгөөт бус бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлт байхгүй, зөвхөн олон нийтийн сүлжээнд тавигдсан асуудлаар шалгалтыг зохион байгуулсан талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 52.5.Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно, 4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулна..." гэж тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэн аж ахуйн, нэгж байгууллага, иргэдээс ирүүлсэн хүсэлт, гомдол, мэдээллийн дагуу явуулахыг хуулиар зөвшөөрсөн буюу хариуцагчид эрх олгосон байна. Зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн хяналт шалгалтыг явуулах нь төрийн дур зоргоор авирлах, аж ахуйн, нэгж байгууллагад үндэслэлгүй дарамт шахалт үзүүлэхээс сэргийлсэн хуулийн зохицуулалт бөгөөд хариуцагчийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын талаар баримт хавтас хэрэгт байхгүй, тийм нотлох баримт байхгүй байхад шүүх дүгнэлт хийхгүй шууд орхигдуулсан нь үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй юм.

Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт гомдлыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд.

"Советскоё" гэх нэр нь барааны тэмдгийг ашиглах зөвшөөрөл аваагүй.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-т зааснаар бүтээгдэхүүний шошго Орос хэл дээр бичсэн.

"Советскоё" нэршил нь импортын бараатай адил шошготой гэж тус тус үндэслэлээр маргаж байгааг анхаарч үзээгүй байна. Учир нь хариуцагчийн зүгээс Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасныг зөрчсөн гэж үзвэл хариуцагчид тус хуулийг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн шийтгэл ногдуулах хуулиар олгогдсон эрх байхгүй. Тухайлбал, бүтээгдэхүүний шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль зөрчих" гэж заасан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг 6.16-д хариуцагчид тус хуулийг зөрчвөл хариуцлага тооцох талаар эрх олгогдоогүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хүнсний бүтээгдэхүүнд хамаарах эсвэл түүнийг шууд ба шууд бусаар сануулах, өөр бүтээгдэхүүнтэй холбоотой гэх сэтгэгдэл төрүүлэхүйц үг, зураг, дүрслэл зэргийг тодорхойлон бичих буюу илэрхийлж болохгүй гэж заажээ...хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээллийг орос хэлээр байхыг зөвшөөрснөөс биш Монгол Улсад үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүнийг орос хэлээр шошгын мэдээллийг үйлдэхийг зөвшөөрсөн заалт биш юм..." гэж дурджээ. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 64 дүгээр тогтоолоор батлагдсан, 2017 оны 20 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон "Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага" МMS 6648:2016 стандартын 5.5.1, 5.5.2, 8.1-д зааснаар хаана үйлдвэрлэснээс хамааралгүй шошгыг хуульд заасан хэлээр байршуулах ба Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд Монгол, орос, англи хэлээр алинаар байршуулахыг хууль тогтоогч зөвшөөрснийг анхан шатны шүүх зөвхөн импортын бараанд орос хэлээр байршуулах мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хаана үйлдвэрлэснээс бус хуулиар зөвшөөрсөн хэлээр алиныг нь сонгох буюу Монгол, орос, англи хэлийг хэрэглэхийг зөвшөөрсөн нь дээрх стандартаар батлагдаж байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс барааны тэмдэг хэрэглэх зөвшөөрөл аваагүй гэж байна маргах ба анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Оюуны өмчийн газраас..."Советское", "Шхипоз" нэрийн барааны тэмдэг бүртгэлгүй байна..." гэж дурдах бөгөөд гомдол гаргагч нь тус нэршлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэршил учраас Оюуны өмчийн газраас тус нэршлийг хэрэглэх талаар зөвшөөрөл олгодоггүй талаар тайлбарласан. Тухайлбал, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.13."нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг" гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг; 5.2.Дараах барааны тэмдгийг бүртгэхгүй: 5.2.8.бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил..." гэж зааснаас үзвэл "Советское" гэх нэршил нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг тул Оюуны өмчийн газраас бүртгэх боломжгүй бөгөөд хавтас хэрэгт Оюуны өмчийн газраас тодруулсан албан бичиг нь барааны тэмдэг бүртгэлгүй лавлагаа болохоос тус нэршилд барааны тэмдэг олгодог, эсхүл нийтэд түгээмэл барааны тэмдэг эсэхийг тодруулаагүй баримтыг шүүх үнэлэхдээ дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй юм.

Өөрөөр хэлбэл тус нэршил нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн барааны тэмдэг эсэхийг тодруулахгүйгээр зөвхөн улсын байцаагчийн иргэдийг төөрөгдүүлсэн гэх таамаглалд үндэслэх боломжгүй ба хэрэглэгчид төөрөгдсөн, хуурагдсан гэх нэг ч баримт байхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг гомдол гаргагч “Ц с” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Гомдол гаргагч “Ц с” ХХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 0069151 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч Т.М, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Мөнхдэлгэр нарт холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 0069151 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагаасаа татгалзсаныг[1] шүүхээс баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул  “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна.

1.Хэрэглэгчдээс “Luxurios” гэсэн оргилуун дарсны шошгыг хуулахад “Советское” нэрийн оргилуун дарсны шошго гарсан талаарх видео бичлэг, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тавигдаж, хэрэглэгчдийн энэ мэдээлэлд үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаар удирдамжийн[2] дагуу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч Т.М, улсын байцаагч Д.Г нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “Ц с” ХХК-д хяналт шалгалтыг хийжээ.

Үүнээс үзэхэд гомдол гаргагч компанийн “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг үндэслэн хийхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан, иргэдээс гомдол, хүсэлт ирээгүй байхад хяналт шалгалт хийсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг явуулаагүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0005652[3] дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “Бараа, ажил үйлчилгээг төөрөгдүүлэх замаар худалдсан” зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгожээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч Т.М нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг баримталсан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих “Бараа, ажил үйлчилгээг төөрөгдүүлэх замаар худалдсан” гэх зөрчилд шийтгэл оногдуулах бүрэн эрхтэй байна.

Иймд гомдол гаргагчаас гаргасан “хариуцагчийн зүгээс Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасныг зөрчсөн гэж үзвэл хариуцагчид тус хуулийг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн шийтгэл ногдуулах хуулиар олгогдсон эрх байхгүй, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль зөрчих" гэж заасан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг 6.16-д хариуцагчид тус хуулийг зөрчвөл хариуцлага тооцох талаар эрх олгогдоогүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

3. Хариуцагчаас тайлбартаа “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна.” гэж заасан. Гэтэл “Ц с” ХХК нь Монгол Улсад үйлдвэрлэсэн “Советское” нэрийн оргилуун дарсны шошгын мэдээллийг Орос хэл дээр бичиж худалдан борлуулсан” гэжээ.

Мөн хариуцагч тайлбартаа “ “Ц с” ХХК нь “Советское” дарсыг аль нэгэн улсын болон өөрийн улсын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний шошгыг ашиглаагүй, өөрийн компанийн албан ёсны нэр, хаяг бүхий мэдээлэлтэй шошгыг хэрэглэж байсан” гэж маргасан боловч Оюуны өмчийн газраас ирүүлсэн 2021 оны 01/70 албан бичгээр уг нэрийн бүтээгдэхүүн нь “Ц с” ХХК-ийн нэр дээр барааны тэмдэгээр бүртгэгдээгүй” гэж дурдсан.

Гэвч хариуцагчаас эдгээр тайлбарт дурдсан үндэслэлээр гомдол гаргагчид торгуулийн шийтгэл оногдуулаагүй харин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж заасны дагуу “Ц с” ХХК нь өөрийн Монголд үйлдвэрлэсэн дарсандаа бусад компаниас импортоор оруулж ирдэг “Советское” дарстай ижил шошго ашиглаж байгаа нь “хэрэглэгчийг төөрөгдүүлсэн” гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан.

Иймээс гомдол гаргагчийн “Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 64 дүгээр тогтоолоор батлагдсан, 2017 оны 20 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон "Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага" МMS 6648:2016 стандартын 5.5.1, 5.5.2, 8.1-д зааснаар хаана үйлдвэрлэснээс хамааралгүй шошгыг хуульд заасан хэлээр байршуулах ба Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд Монгол, орос, англи хэлээр алинаар байршуулахыг хууль тогтоогч зөвшөөрснийг анхан шатны шүүх зөвхөн импортын бараанд орос хэлээр байршуулах мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй, “Советское" гэх нэршил нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг тул Оюуны өмчийн газраас бүртгэх боломжгүй.” гэх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Дүгнэхэд, давж заалдах гомдлын дагуу хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ц с” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Ц с” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хав 191 дэх тал

[2] Хэргийн 1-р хав 25 дахь тал

[3] Хэргийн 1-р хав 73 дахь тал