| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0661/Э |
| Дугаар | 663 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 663
Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Н.Отгонтөгс,
Шүүгдэгч Э.С, Б.Ж, тэдний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Э-ын С, Б овогт Б-ын Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2дугаар зүйлийн 2 дахьхэсэгт заасан гэмт хэрэгт холбогдууланяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн1908 0195 10644дугаартай хэргийг хянанхэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Б овогт Э-ын С, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны * дугаар сарын **-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 38 дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ********.
2.Б овогт Б-ын Ж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны * дүгээр сарын **-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ********.
Холбогдсонгэмтхэргийнталаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ж, Э.С нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.А-ны араас хоолойг нь гараараа боон, хүч хэрэглэж, “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тусхолбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Ж, Э.С нар нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.А-ы “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар араас хоолойг нь гараараа боож, довтлон дээрэмдсэн болох нь :
-хохирогч С.А-ы :...2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх П гэх найзынхаа гэрт очоод нэг шил архи уугаад гэрээс нь 17 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх өндөр настангийн автобусны буудлаас дээшээ ганцаараа алхаад явж байтал...нэг жижиг биетэй шар царайтай залуу намайг мөрлөсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд араас нэг залуу баруун гараараа боох шиг болсон...Намайг боосон хүний царайг харж амжаагүй...Нэг хүн миний халаасыг ухаад байсан хэн ухаж авсныг нь мэдэхгүй байна. Тэгээдби, намайг мөрлөсөн залууг бариад авсан. Тэгтэл 2 залуу гүйгээд гудамж руу орж байсан. Тэгээд би тэр барьсан хүнээ цагдаа дуудаж өгөхөөр өөрийн гар утсаа хайтал миний гадна өмсөж явсан ногоон өнгийн цамцны баруун халаасанд байсан миний гар утас алга болсон байсан. Ингээд тэр хүнтэй зууралдаад байж байгаад замын эсрэг талын автомашины тос масло зардаг хүнийг гуйж цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн...Миний дээрэмдүүлсэн гэх гар утас нь хар өнгийн хавтастай кэйстэй, саарал хүрээтэй, хөх цэнхэр өнгийн “Самсунг галакси эс-6” маркийн гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-9-10, 128/,
-“Тэнцвэр-Эстимэйд” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-32-34/,
- гэрч Б.У-ын :...2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 17 цагийн үед би ТҮЦ-дээ байж байтал танихгүй 2 хүн манай ТҮЦ-ний цонхыг маш чанга цохисон...гарч харахад тэр 2 хүн хоёулаа согтуу нэг нэгнээ зуурсан байдалтай байсан. Тэгээд би тэр 2 хүнийг цаашаа очоод зогсчих гэж хэлсэн. Тэр хоёр хүний арай өндөр нуруутай, бор царайтай хүн нь надад хандаж,цагдаа дуудаад өгөөч, ахыг нь танихгүй 3 хүн дээрэмдчихлээ, нэгийг нь барьчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй байж байтал цагдаагийн алба хаагчид ирээд тэр 2 хүнийг аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-28-29/,
- гэрч Ж.П-гийн :...2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Ханын материалаас ганцаараа доошоо гэр рүүгээ алхаж явахад 48 дугаар гудамжны үзүүр дээр манай найз С ганцаараа гүйж явснаа намайг хараад хөөе П гэж хүрээд ир гэсэн...гүйж очоод хамт гудамж руу орсон чинь С надад хандаж “чамд автобусны билет чинь байгаа биз дээ хамт Хархорин яваад ирье” гэхээр нь ханы материалын эцэс рүү алхаад явсан...Бид 2 замдаа ойр зуурын юм яриад Хархорин захын замын хойд талд нэг хүнтэй уулзаж байснаа халааснаасаа нэг гар утас гаргаж ирээд уг утсаа зарчих шиг болсон, бизайтай зогсож байсан болохоор ямар утас байсныг нь хараагүй. Тэгээд бид хоёр тэндээс алхаад Хархорин захын ойролцоо цайны газар хоол идээд тэндээсээ С-гийн Баруунсалаанд байдаг гэрт нь очсон...Дэлгүүрээс нэг 0.75 грамын нэг шил архи ундаа тамхи аваад гэрт нь ороод уусан...Түүнээс хойш 3 хоногийн дараа цагдаа манай гэрт ирээд намайг аваад явсан...Гар утас ямар учиртайг би мэдээгүй, хархорин зах явчихаад ирье гэж л хэлсэн...Цагдаа дээр ирээд би бүх учрыг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
-шүүгдэгч Э.С-гийн:...2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны шинэ давхарт найз Ж-тэй таарч, “Туул” гэдэг дэлгүүрийн арын гудамжинд 1 шил 0.75 граммын архи ууж дуусаад байж байхад чи манай гэр рүү ороод миний багажийг оруулаад тавьчих, би орж болохгүй гэхээр нь оруулж өгчихөөд гараад ирсэн. Тэгээд гудамжны үзүүр дээр явж байсан чинь нэг согтуу залуу зам дээр явж байсан чинь Ж надад хандаж, энд нэг согтуу хүн явж байна, нийлээд дээрэмдье гэхээр нь юу яриад байгаан, хэрэггүй гэхэд зүгээрээ би арыг нь даана гэж хэлээд Ж түрүүлж очиж нөгөө үл таних залуутай зууралдаж авсан, би араас нь очиж халаасыг нь үзэхэд гар утас байхаар нь аваад түрүүлээд зугтаагаад явж байсан чинь П-тэй гудамжны үзүүрт таарч, хамт цаашаа явсан. Ж ард зууралдаад үлдэхээр нь салчих байлгүй гээд тоолгүй П-тэй нийлээд автобусанд сууж Хархорин зах дээр очиж уг утсыг танихгүй ченжид 110.000 төгрөгөөр зарсан...Би гар утсыг аваад түрүүлээд зугтаж байхдаа гудамжны үзүүрт явж байсан П-г би дуудаад, хамт явсан. Анхандаа би П-д гар утасны талаар хэлээгүй...Баруун салаа хамт явж архи уусан, тэгэхдээ П-д ямар учиртайг нь хэлсэн...Ж очиж миний архийг авсан гэж худлаа хэлж хэрүүл өдөж маргалдсан...гэх мэдүүлэг /хх-105-107/,
- шүүгдэгч Б.Ж-ийн:...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр айлд цахилгаан хэрэгсэл янзалж яваад бага зэрэг архи уусан, гэр рүүгээ явж байгаад найз С-тай тааралдсан...Миний багажийг гэрт оруулаад өг гэж С-д хэлсэн...тэр хооронд би гудамжны үзүүрийн “Туул” дэлгүүрийн үүдэнд ганцаараа зогсож байтал...Удалгүй С гарч ирсэн...Төв зам руу гарахад замын цаад талд нэг согтуу залуу явж байхаар нь нөгөө надаас мөнгө авсан залуу мөн байна гээд зам гараад гүйж очоод уг залуутай бага зэрэг маргалдаад зогсож байхад С араас ирээд “чи мөнгө аваад архи авсан” юм бол тэрийг нь өг гээд зогсож байснаа шууд цаашаа гудамж руу ороод яваад өгсөн. Тэгээд би тэр залуугаас салаад С-гийн араас очиход С П-тэй хамт зогсож байсан...Нөгөө залуу миний араас хүрч ирээд хөөе “чи утас аваад ир”...чамтай хамт явсан залуу миний утсыг авчихлаа...гээд надтай хамт зам руу гараад танихгүй хүний утсаар цагдаа дуудсан, цагдаа ирээд намайг барьсан...гэх мэдүүлэг /хх-93-94/,
- шүүгдэгч нарын:...дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгч Э.С, Б.Ж нар тухайн холбогдох дээрэмдэх гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус хэрэгт Ж.П хамтран оролцсон эсэхийг мөрдөн шалгаж, улмаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байгааг /х-133/ тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.С, Б.Ж нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчид учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй болохоо хохирогч илэрхийлсэн /х-128/ байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар : .
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон тэдний ар гэрийн амьдрал, ахуйн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байгааг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч нартэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулах хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э.С, Б.Ж нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.С-г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ж-ийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, Б.Ж нарт тус оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Уг хэрэгтбитүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.ШүүгдэгчЭ.С, Б.Ж нарыг цагдан хорьж, тэдний эдлэхялыг 2019оны06 дугаар сарын 17-ны өдрөөсэхлэнтоолсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР