| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0662/Э |
| Дугаар | 664 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 664
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
Улсын яллагч А.Ганзориг,
Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0476 20640 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ж-гийн Х, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны * дугаар сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилын засварын ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32 дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *********.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 33 дугаар гудамжны үзүүрт иргэн Н.Т-тэй “...хүний машин руу чулуу шидлээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ж.Х нь 2018 оны 10 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 33 дугаар гудамжны үзүүрт иргэн Н.Т-тэй “...хүний машин руу чулуу шидлээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Н.Т-ийн:...Тухайн үед би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 33 дугаар гудамжинд нэг машин зөрөхөөр нь би танилыгаа гэж бодоод нөгөө машин руу орилоод зогсоох санаатай чулуу шидсэн чинь Хөлгөн уурлаад “чи яагаад таньж мэдэхгүй хүний машин руу чулуу шидээд байгаа, цонх шилийг нь хагалчихвал яах юм бэ? гэж хэлэхээр нь “чи битгий хуцаад бай, миний таньдаг хүн байна” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байтал Хөлгөн миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, цус гарсан...Найз Г-ийн гэрт ороход Г, С, Б нар байсан...Г намайг гэмтлийн эмнэлэгт аваачиж өгсөн...гэх мэдүүлэг /хх-13-15, 16-17/,
- гэрч Д.Г-ийн:...2018 оны 10 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө Т, Х нар манай ахын гэрээс гараад явахад Т-ийн биед гэмтэл шарх байгаагүй ба эргээд орж ирэхдээ Т-ийн амнаас цус гарчихсан “намайг Хөлгөн цохичихлоо” гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-20-22/,
-гэрч Д.Б-ийн :...Х, Т гэх хоёр залуу архинд явлаа гээд тэр хоёр гараад явчихсан юм. Түүнээс хойш 20 орчим минутын дараа эргээд орж ирэхдээ тэр хоёр маргалдаад орж ирсэн бөгөөд Төмөрсүхийн амнаас цус гарсан байсан...Хөлгөнөөс юу болсон талаар асуухад “маргалдаад нэг алагдчихсан” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-23-24/,
- шинжээчийн дүгнэлт:...Н.Т-н биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх- 33/,
-шүүгдэгч Ж.Х-ий:..2018 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Н.Т надтай хамт гудамжинд явж байхдаа гудамжинд явж байсан хүний машин руу чулуу шидэхээр нь би Төмөрсүхэд хүний машины цонх хагалчихвал яах юм бэ? гэж хэлээд Т-тэй маргалдсан бөгөөд Төмөрсүхийн шидсэн чулуу нь хүний машин оноогүй юм. Тэгээд маргалдаж байгаад би Т-ийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Н.Т газар унасан бөгөөд босоод ирсэн чинь амнаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг/хх-78-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлснийг үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувьд ногдох хөрөнгөтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуйн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Ж.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Х-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгохялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийгнэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР