Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 775

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.М  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М  холбогдох эрүүгийн 1908031400000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, П  ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны Дунд Нарангийн 00 тоотод оршин суух хаягтай, Ц  П-ийн М  /РД: 00000000/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.М нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дунд Нарангийн 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Б-ай “гэртээ ирэлгүй гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдан толгойн тус газар нь хоолны сав шидэж Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Б мэдүүлэг /хх31-32/, Аюулгүй зэргийн үнэлгээ /хх15-16/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх17-25/, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх26-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №0000 дугаартай дүгнэлт /хх40/, П.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх52-53/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх63/, ажлын газрын тодорхойлолт /хх67/, цалингийн тодорхойлолт /хх68/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч П.М ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Б “...орой 19 цагийн нөхөр М  ажлаа тараад гэртээ ирсэн... нөхөр манай ээжид намайг гэртээ ирэхгүй дэмий тэнээд байна гэж ховлосон утгатай юм ярьснаас болоод нөхөр бид 2 хоорондоо маргасан. Маргалдаж байгаад нөхөр над руу гурил зуурдаг жижиг төмөр түмпэн аваад шидэхэд миний дух руу оночихсон юм. Тэгээд би нөхөртөө гомдоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх31-32/,

2. Аюулгүйн зэргийн үнэлгээгээр эрсдэлийн үнэлгээ “дунд” гэж дүгнэсэн. /хх15-16/,

3. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “бага” /хх17-25/, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх26-27/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №0000 дугаартай дүгнэлт “Б.Б биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ...” гэжээ /хх40/, 

5. П.М ын яллагдагчаар өгсөн “...хадам ээждээ хандаад эхнэр гадуур хоносон гэртээ ирээгүй гэхэд эхнэр ээжид хэллээ гэж уурласан. Тэгээд бид 2 маргалдаж байгаад би уур хүрээд гурил зуурдаг жижиг төмөр түмпэнг аваад эхнэр рүү шидэхэд духанд нь оночихсон юм. Эхнэр бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтийн батлгаатай...” гэх мэдүүлэг /хх52-53/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч П.М .

Шүүгдэгч П.М нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дунд Нарангийн 0000 тоотод эхнэр Б.Б-ай “гэртээ ирэлгүй гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдан хоолны сав шидэж толгойн тус газар нь хохирол учруулсан хохирогч Б.Б мэдүүлэг болон шүүгдэгч нарын өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

П.М ын үйлдлийн улмаас хохирогч Б.Б биед “...тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт...” бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №0000дугаартай дүгнэлтээр  тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Б.Б , шүүгдэгч П.М нар нь гэрлэлтээ батлуулсан, дундаасаа 2 хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэлт бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заасан.   

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч П.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн гишүүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн, хохирлоо нөхөн төлсөн, талууд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлыг төлсөн...”  нөхцөлүүдийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй урьд тохиролцсон нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч П.М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР