Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0369

 

 

 

“Ү г” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, У.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаар шийдвэртэй, “Ү г” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаар шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Ү г” ХХК-ийн гомдолтой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Т.М-ийн 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу “Ү г” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон.

Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсанд зөрчлийн шинжийг “махыг зах зээлээс өндөр үнээр худалдсан” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү шинж нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулах” гэх шинжийг агуулахгүй гэж үзэж байна.

Түрээсэн зардал өндөртэй манай дэлгүүрийг бусад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, худалдааны төвтэй үнийн хувьд шууд харьцуулах боломжгүй нэхэмжлэгч байгууллага нь бусад зах худалдааны төвөөс үнийн хувьд өөр байснаараа Өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэг арга хэмжээ болохгүй юм.

Түүнчлэн, “Ү г” ХХК нь урьд нь борлуулж байсан махны үнийг цар тахлын үеийг далимдуулж өсгөөгүй.

Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хоолны газрын үйл ажиллагаа зогсож, тус газар ажиллаж байсан тогооч ажилтан нарын ажлын байр, цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.

Энэ үед ажил олгогчийн хувьд тогтооч, ажиллагсдын ажлын байрыг авч үлдэх, эдийн засгийн хүндрэлийг туулах үүднээс махны лангууг шинээр нээж үйл ажиллагаа явуулсан байдаг.

“Ү г” ХХК нь аль нэг махны худалдааны байгууллагын өрсөлдөх эрхийг хязгаарлаагүй, хэн нэг этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн 10 төрлийн үйл ажиллагааг хуулиар тусгайлан тодорхойлж, өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагааг жагсаан бичсэн байх бөгөөд манай байгууллага нь энэхүү Өрсөлдөөний тухай хуулийн 12.1-д заасан аль ч үйл ажиллагааг явуулаагүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2021/0325 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.”,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Ц.Ө нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, “Ү г” ХХК-ийн “Good price” маркет нь 2020 оны 11 дүгээр сард анх удаа махны худалдаа эхэлсэн бөгөөд 2021 он гарснаас хойш буюу одоогоор махны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Мөн махыг бохирдол, судас, шөрмөснөөс салгаж зарах асуудал нь худалдагчийн үүрэг тул үүнийг нэмж тодруулах шаардлагагүй. Харин махыг технологийн дагуу нэр төрлөөр ангилж, ялгасан асуудал нь хэрэгт хамааралгүй, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд үхрийн цул мах 16000, үхрийн ястай мах 14000 төгрөгөөр худалдаалж байсныг тогтоосон бөгөөд холбогдогчоос авсан мэдүүлэг, тэмдэглэл, зураг зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Хариуцагчийн зүгээс гомдол гаргагчийн худалдаалж байсан үхрийн гуяны цул мах, үхрийн ястай махны үнийг үндэслэж шийтгэл оногдуулсан болохоос буузны татсан мах, стейкний мах болон бусад хоолны нэр төрлөөр ялгаж, савлаж, ангилж, амталсан махан дээр шийтгэл оногдуулаагүй. Иймд асуудлыг дахин тодруулах шаардлагагүй юм.

Хариуцагч нь “Ү г” ХХК-д торгуулийн арга хэмжээ авч шийтгэл оногдуулахдаа дараах байдлаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус заасны дагуу өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлсэн буюу махны үнийг үндэслэлгүй нэмж, өрсөлдөөнийг хязгаарласан зөрчлийг тогтоон хариуцлага тооцож тус зөрчлийг арилгасан.

Хариуцагчийн зүгээс гомдол гаргагч компанийн мах худалдаалсан үнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр зарагдаж байгаа махны дундаж үнэтэй харьцуулаагүй, Харин зах дээрээс хэдэн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоох зорилгоор Хүчит шонхор захын махны бөөний болон жижиглэнгийн үнийг мэдээллийг авсан. Дээрх мэдээллийг үндэслэн худалдаалж байгаа махны 1 кг тутамд хэдэн төгрөгөөр нэмж зарж байгаа тэр нь үндэслэлтэй эсэх нь тогтоогддог. Мөн үхрийн гуяны цул мах 16.000 төгрөг, үхрийн ястай мах 14.000 төгрөгөөр тус тус худалдаалж байсан нь зах зээлийн дундаж үнээс өндөр байсан нь тогтоогдсон.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2021/0325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

          Гомдол гаргагч “Ү г” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдуулан гаргажээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсаар[1] “махыг зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдаж Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар гомдол гаргагч “Ү г” ХХК-ийг 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгожээ.

Гомдол гаргагчаас “махыг өндөр үнээр худалдах ашиг олох санаа байхгүй ...бизнесийн байгууллагын арга шийдэл, боловсруулалт хийгдээгүй задгай махыг худалдан авч, ангилалт хийж, хальс, мөгөөрс, үс яс, гадны бохирдлоос нь салгаж хэрэглэхэд бэлэн болгож борлуулсан..., борлуулж буй бараа бүтээгдэхүүнд үйл ажиллагааны зардал, ажиллагсдын цалин, нийгмийн даатгал, түрээсийн зардлууд багтсан, мах худалдаалдаг бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах үйл ажиллагааг явуулаагүй” гэж маргадаг.

Хариуцагчаас “Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 20 тоот тушаалаар “хүнсний нэрийн гол бүтээгдэхүүний ...үнийг түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллах”-ыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосны дагуу хяналт шалгалтыг явуулахад “Ү г” ХХК нь “Good price” дэлгүүртээ махыг өндөр үнээр худалдан борлуулсан нь хэрэглэгчдийг хохироож байгаа үйлдэл бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн тул  Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан, өрсөлдөөнийг хязгаарлах гэдэгт бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэх хамаарна” гэж тайлбарлан маргажээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “өрсөлдөгч” гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг”,  4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг” ойлгохоор,  12 дугаар зүйлийн 12.1.10-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Нэхэмжлэгч “Ү г” ХХК-иас боловсруулалт хийгдээгүй задгай махыг худалдан авч, ангилалт хийж, хальс, мөгөөрс, үс яс, гадны бохирдлоос нь салгаж хэрэглэхэд бэлэн болгож үхрийн цул 1 кг махыг 16,000 төгрөгөөр, 1 кг үхрийн ястай махыг 14,000 төгрөгөөр борлуулсан нь нэхэмжлэгч компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” болон “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга” хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй.

Тодруулбал, “Ү г” ХХК-ийн “Good price” дэлгүүрүүд нь Хүчит шонхор захаас мах худалдан авч боловсруулалт хийн махны үнийг нэмэгдүүлэн зах зээлд худалдан борлуулсан үйл ажиллагааг ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөх эрхийг хязгаарлаж, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэж үзэхээргүй байна.

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ.”, 5.2-д “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1.6-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих.” гэж тус тус зохицуулсан.

Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь хуулиар “зүй ёсны монополь” болон “давамгай байдалтай” байгаа үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэй бөгөөд “Ү г” ХХК-ийг “зүй ёсны монополь” болон “давамгай байдалтай” аж ахуйн нэгж гэж үзэх үндэслэлгүй тул тус компанийг “махыг өндөр үнээр борлуулсан” гэх үндэслэлээр Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

            Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг ханган шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “Ү г” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын дугаарыг 2 болгож тус тус өөрчлөн, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Ү г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал