Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Ч.Галмандахын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1324 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Галмандахын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс, 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл нийт 15 762 460 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, О.Бадамжаргал, Б.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, О.Бадамжаргал, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Галмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Галмандах би 1992 оноос хойш тус компанид 23 жил тасралтгүй ажиллаж байна. Ерөнхий захирлын 2011 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн Б\63 дугаар тушаалаар нийтийн хоолны хэсгийн нярав хүний нөөцийн менежерээр ажиллаж, сард 1 105 000 төгрөгийн цалинг сар бүр авч байхаар тохиолцсон. Гэтэл 2013 оны 02 дугаар сараас эхлээд миний цалинг \1 105 000-1 088 900=16 100 \төгрөгөөр бууруулсан. Намайг энэ ажилд орсоноос хойш цалин 2 удаа нэмэгдсэн байхад миний цалинг нэмэхийн оронд бүр хассан. Би энэ талаархи гомдлоо компанийн захиргаанд удаа дараа гаргасан боловч хариу ирүүлээгүйн дээр миний ажиллаж буй нийтийн хоолны хэсгийн дарга Б.Баяраагаас Ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч, хуулийн хэлтэст албан бичиг явуулсан боловч мөн өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А\745 дугаар тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ тушаалаар миний цалин 221 000 төгрөгөөр нэмэгдэж би сар бүр 1 326 000 төгрөгийн цалин авах учиртай болсон. Мөн Ерөнхий захирлын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А\54 дугаар тушаалаар үндсэн цалинг дахин 10 хувиар нэмсэн. Бүх ажилчдын цалин нэмэгдэж байхад миний цалинг хасаж, энэ нэмэгдэл ч мөн надад үйлчлээгүй.1 326 000х 10%=132 600 төгрөг. Би авах ёстой 1 326 000 төгрөг дээрээ сүүлд нэмэгдсэн 10% болох 132 600 төгрөгөө нэмвэл 1 458 600 төгрөг авах учиртай байгаа юм. Би сар бүр 1 458 600 төгрөгөө авч чадахгүй алдагдалд орж байна. Миний асуудлыг шийдвэрлэхгүй байсаар 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрээр Ч.Галмандахын цалин хөлс бууруулсан гомдлыг хэлэлцээд хоёр тал санал тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болно. Иймд 2 талын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс дээр 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл зэргийг нягтлан тооцож надад нөхөн олгуулж, хохирлыг бүрэн барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-нд холбогдуулан цалин хөлсний дутуу, нэмэгдүүлсэн цалин хөлсанд нийт 10 396 300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд одоо 3 396 300 төгрөгөөр нэмэгдүүлж байна, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 13 797 757 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргуулснаас хойш 6 сар өнгөрсөн тул хохирлын хэмжээ өссөн тул шаардлагаа 2 014 560 төгрөгөөр нэхэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн Нийтийн хоолны хэсэгт мөнгөний няряв, хүний нөөцийн менежер Ч.Галмандах нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний зөрүү нийт 15.812.317 төгрөг болгон анхны нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилжээ. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Ч.Галмандах нь үндсэн цалинг бууруулан олгосныг 2012 оны 1 сарын цалин олгосон өдрөөс хойш мэдэх бүрэн боломжтой байсан. Учир нь бүх ажилтан өөрийн цалин хөлсний олголт болон бусад тооцоог цахим хэлбэрээр хянаж, шаардлагатай бол хэвлэн авах боломжоор хангагдсан байдаг. Түүний цалинг тус хэсгийн мөнгөний няравын дээд хязгаар 990 000 төгрөгөөр тооцон ажил олгогч олгохдоо өмнө авч байсан цалин хөлсийг дордуулахгүйн тулд хавсран ажилласны нэмэгдэл хөлс 336 000 төгрөгийг сар бүр 2013 оны 1-р сарыг дуустал олгож байснаар түүний цалин хөлс 1 546 000 төгрөг болж нэмэгдсэн үеийн авч байсан цалин хөлсний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор цалин хөлстэй холбоотой гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах ёстой боловч Хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид ХМТК гэх/ түүний гаргасан гомдлын хэмжээнд хянан үзээд 2015.09.07-ны өдрийн шийдвэрг хөдөлмөрийн гэрээнд заасан 1105000 төгрөгийн үндсэн цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Ч.Галмандах ХМТК-ийн шийдвэрийг 2015.11.07-ны өдөр хүлээн авсан гэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл тэрээр ИХШХШТХуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж гомдол гаргаагүй байгаа нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Шийдвэрийн хурлын тэмдэглэлд Ч.Галмандах гомдлын шаардлагаа тайлбарлахдаа: Одоо авч байгаа цалин 1088900 төгрөг байгаа. 1105000 төгрөг хүрэхгүй. Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгээгүй байгаа. Энэ гэрээний цалингаа ч авч чадахгүй байна. Түүнээс биш өөр өндөр цалин хүсээгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг бөгөөд түүний гаргасан гомдлын хүрээнд ХМТК шийдвэрлэсэн гэж үзэж байна. Компани ХМТК шийдвэрийг хүлээн зөвшөөрч түүнд үндсэн цалингийн зөрүүг олгох болно.Ч.Галмандах нь ХМТК-ийн дээрх шийдвэрт гомдол гаргаагүй байхад одоо нэхэмжлээд байгаа 15.812.317 төгрөгийг шүүх шууд авч шийдвэрлэх нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх тухай заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагаа компаний ХМТК-т хандан шийдвэрлүүлсний дараа гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрх үүсэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1324 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас 12 926 555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Галмандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 835 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Галмандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ХХК-с 221 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Галмандахад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, Б.Баяраа, О.Бадамжаргал нар давж заалдсан гомдолдоо:

Компанийн дотоодын 4-р шатны иж бүрэн үзлэгийн шалгалтаар Зөвлөлийн шийдвэрээр Нийтийн хоолны хэсгийн /НХХ/ мөнгөний няравын цалингийн дээд хэмжээ 990.000 төгрөгөөр батлан тогтоосныг ажилтан Ч.Галмандахын үндсэн цалингийн хэмжээг 1 15000 төгрөгөөр хэтрүүлэн олгож байсан зөрчлийг илрүүлж зөрчлийг арилгах, хөдөлмөрийн гэрээг өөрчлөн байгуулах чиглэлийг өгсөн.

1. Дээрх чиглэлийн дагуу Ч.Галмандахын цалинг 2012 оны 1 дүгээр сараас мөнгөний няравын цалин 990.000 төгрөгөөр цалинжуулах болсон ба энэ талаарх гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлээгүйгээр Ч.Галмандах 990.000 төгрөгөөр 3 жил ажилласан байгаа нь энэ байдлыг ойлгож, цалинг хүлээн зөвшөөрөн ажиллаж ирсэн.

2. 2015 оны 9 дүгээр сард Компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст Ч.Галмандах нь энэ талаарх гомдлыг /ХМТК/ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хуулийн хугацааг хэтрүүлэн зөрчсөн.

3 Ч.Галмандах ХМТКомиссын шийдвэрийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч улмаар шүүхэд гомдол гаргасан тухай тайлбарладаг бөгөөд үүнийгээ нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байдаг. Тэрээр 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХМТК-ийн шийдвэрт давж заалдан гомдол гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасан 10 хоногийн дотор гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн хуулийн заалт зөрчсөн.

4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 20-нд хүлээн авснаас хойш 2016 оны 12 дугаар сард шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэтэл Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах түүний эрх 3 жил хэтэрсэн байдаг ба ХМТК-ийн шийдвэрт давж заалдан гомдол гаргах хөөн хэлэлцэх хуулийн хугацааг 30 хоногоор хэтрүүлэн зөрчсөн.

5. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Нэхэмжлэгч ХМТК-ийн шийдвэрт гомдол гаргаж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлэн мэтгэлзэн тайлбар өгөхөд хариуцагч талаас бид хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчаар ХМТК-ийн гишүүдийг оролцуулах нь зүйтэй гэсэн тайлбарыг хийж шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь ИХШХШТХуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчсөн.

6. Ч.Галмандах нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн тухайгаа мэдээгүй гэсэн тайлбар өгч байсан нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т зааснаар Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсний дагуу учирч болох эрсдлийг өөрөө хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

7. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нийтийн хоолны хэсгийн орон тоо, цалин, зохион байгуулалтын хуваарийг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргасныг шүүх өөрийн дотоод итгэлээр, эргэлзээгүй талаас бодитой үнэлээгүй.

8. Хөрөнгийн үнэлгээчин шинжээчийн дүгнэлт гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. Мөн Нийтийн хоолны хэсгийн орон тооны хуваарьт /штат/ шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч шинжээч ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. .Шинжээжээр томилогдсон этгээд нь Хөрөнгийн үнэлгээчин учраас Нийтийн хоолны хэсгийн цалин, орон тооны хуваарьт шинжээч дүгнэлт гаргаж өгөөгүй гэж үзэж байна.

9. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулинд үнэлгээчин зөвхөн хөрөнгөд үнэлгээ хийх эрхтэйг заасан ба Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тодорхойлсон байхад цалин хөлсний тооцоонд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үр дагаварыг бий болгох нотлох баримт болж чадахгүй болно. Иймд Шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаж чадаагүй байхад шүүх үнэлж шинжээчийн дүгнэлтийг үндэслэн цалингийн зөрүүг гаргасан.

10. Ч.Галмандах нь нэхэмжлэлдээ болон хэрэг хянан хэлэлцэх бүхий л хугацаанд Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандсан талаараа нэхэмжлэлиин шаардлага, үндэслэлээ өмгөөлөгчиин хамт шүүх хуралдаанд тодорхой илэрхийлж хариуцагчтай мэтгэлзсэн байхад шүүгч ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлзэх зарчим ... тухайлбал нэхэмжлэлийн талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн, шаардлага үндэслэл болон нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх ёстой атал шүүгч санаачлан шүүхээс гарах шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хууль зүйн өөр үндэслэлийг гаргаж үндэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Галмандах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нийтийн хоолны хэсгийн нярав-хүний нөөцийн менежерээр ажилласан цалин хөлс, 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлс дутуу бодож олгосноос үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын мөнгө дутуу тооцогдсоны зөрүү нийт 15.762.460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Галмандахыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2011 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар нийтийн хоолны хэсгийн нярав-хүний нөөцийн менежерээр ажиллуулахаар томилж сард 1.105.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон, 2013 оны 2 дугаар сараас үндсэн цалинг 1.088.900 төгрөгөөр олгож эхэлсэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2011.12.30-ны А/745 дугаар тушаалаар 2012.01.01-ний өдрөөс үйлдвэрийн ажилтан ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн, мөн захирлын 2013.01.21 ний А/54 дугаар тушаалаар үндсэн цалинг 10 хувь нэмэгдсэн зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ч.Галмандах нь энэ асуудлаар үйлдвэрийн эрх мэдэл бүхий хүмүүст хандаж удаа дараа өргөдөл гомдол гаргаж байсан байх ба тухайлбал 2014.06.09-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭХ-ны дарга Н.Батбаатарт, 2014.08.14-нд нийтийн хоолны хэсгийн дарга Б.Баяраа, 2015.02.02-ны өдөр Ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа /ХХ33-37/ хандаж байсан боловч албан ёсны хариу өгөөгүй, хөдөлмөрийн ХМТК-ийн шийдвэр гэх 2015.09.07-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, ХМТК-ийн шийдвэрийг 2016.10.20-нд хүлээн авснаас хойш 2016 оны 12 дугаар сард шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчөөгүй гэж үзсэн нь зөв байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлон заасан гол нөхцлийн нэг болох үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн талаар талууд маргаж буй бөгөөд маргааны үйл баримт нь хариуцагч байгууллагын Ч.Галмандахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон хөдөлмөрийн гол нөхцөл болох үндсэн цалинг бууруулан олгож байсан үйл баримт тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр болон гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл гэж үзэх боломжтой.

Анхан шатны шүүх шинжилгээний Лэндс ХХК-ийн Орхон салбарын гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Ч.Галмандахын 2013 оны 2 дугаар сараас 2015 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны үндсэн цалин, нэмэгдэл, урамшууллын зөрүүд нийт 12.926.555 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргуулан Ч.Галмандахад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч байгууллагын хөрөнгийн үнэлгээчин шинжээчийн дүгнэлт гаргасан нь нотлох баримтын шаардлага хангаж чадаагүй байхад шүүх үнэлэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн цалингийн зөрүүг гаргасан гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-г шинжээчээр томилох үед хариуцагч тал гомдол гаргаж маргаагүй байх ба шинжээч нар дүгнэлт гаргадаг нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн тусгай зөвшөөрөл бүхий эрхтэй шинжээч нар байдаг учир анхан шатны шүүхийн шинжээчийн дүгнэлтийг үнэлэн шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 03-ны өдрийн 1324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, О.Бадамжаргал, Б.Баяраа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221.775 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Ө.Батмандахын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1396 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ө.Батмандахын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Амарзаяад холбогдох

“Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ө.Батмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Батмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч Н.Амарзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Батмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Н.Амарзаяатай 2009 онд танилцаж ханилаад 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулан 1 гэрт амьдарсан. Танилцсанаасаа хойш 2009-2014 онд хүүхэдтэй болох гэж байнгын эмчилгээнд явж байсан. Ингээд үр дүн өгөөгүй учир 2014-2016 он хүртэл үр суулгах эмчилгээнд 3 удаа орсон боловч тодорхойгүй шалтгааны улмаас эмчилгээ амжилтгүй болж байсан. Цуг амьдарч, эмчилгээ хийлгэж байх хугацаанд эхнэр Амарзаяа намайг байнга элдэв янзаар хараан зүхэж, хүүхэдтэй болохгүй байгаа шалтгаанаа надаас болж байгаа мэтээр эр хүний минь хувьд дорд үзэн харьцдаг байсан ба гэр орондоо тайван амарч чадахаа байсан. Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй, татлаа түтлээ байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.      

Хариуцагч Н.Амарзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн тухайд байр зээлийн барьцаанд 62 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа.Соната-7,Мазда машинуудыг зарсан байгаа.Нийт 116 533 703 төгрөгний дундын эд хөрөнгөө байгаа.Үүнээс байрны зээлийн төлбөр 62 сая төгрөгийг хасаад үлдсэнийг 2 хуваах саналтай. Батмандах 2 машинаа зарж 22 800 000 төгрөг авсан тул түүнд оногдох хэсгээс хасаж би өөрөө байраа авч үлдэх хүсэлтэй. Бид 2 манай ээжийн гэрт амьдарч байгаад ахын барьж өгсөн хашаа байшинд орсон.Уг хашаа байшингаа 2014 онд 28 000 000 төгрөгөөр зараад дээр нь би унаж байсан машинаа зараад 48 сая төгрөг байршуулж байрны зээлд хамрагдсан. Соната-7 машиныг урд нь байсан Соната-6 машиныг зараад авсан. Бурмаагаас 10 сая төгрөг зээлж авсан гэдэг нь худал. Соната-7 машиныг 13 сая төгрөгөөр авсан.12 800 000 төгрөгөөр Батмандах зарсан. Мазда машиныг сугалаагаар хожоод 10 сая төгрөгөөр зарсан. Байр авахад Батмандахын дүүгээс их мөнгө аваагүй 2 сая орчим төгрөг Батмандах л авсан байх.Миний аав ээжийн 5 ханатай гэр байсан.Түүнээс бүрээс эсгий туурга, дээвэр, ширдэг, зуух зэргийг Батмандах дүүдээ өгсөн. Эдгээрийг гаргуулж авна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...  Гэр бүл цуцлах асуудал дээр би салахаар шийдсэн. Дундын өмчлөлийн эд хөрөнгөн дээрээ эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын автомашиныг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг тогтоолгож, бүх эд хөрөнгөө хуваалгахаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ долоон жилийн хамтын амьдралын туршид зээлтэй ч 5-7а-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатай\, байр,40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын машин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая\төг зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр Ө.Батмандах авсан 5.0 сая төгрөг зэрэг нь бүгд бидний дундын өмчлөлийн эд хөрөнгүүд. Ө.Батмандах нь 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын автомашиныг тендэртэй тээвэрт явахаар 2016 оны 3-р сарын 23 ны өдөр өөрийн санаачилгаараа “Хүчит Арслан” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн. Энэ автомашин нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж байна.

1. 40-59 ОРХ улсын дугаартай “Соната-7” маркын автомашиныг 2016 оны 3-р сард А.Батмандах  “Хүчит Арслан” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байх тул уг автомашиныг дундын эд хөрөнгө болохыг тогтоох.

2. Зээлтэй ч 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө \тавилгатгй\, байр, 40-59 ОРХ улсын дугаартай маркын автомашин, миний унаж байсан Мазда автомашиныг 10.0 сая төгрөгөөр зарсны үлдэгдэл 7-р сарын сүүлээр Ө.Батмандах авсан 5.0 сая'төг, бүгд бидний дундын өмчлөлийн хөрөнгүүд. Эдгээр эд хөрөнгөөс  байр, автомашиныг үнэлүүлж, зээлээ дараад үлдсэн эд херөнгөө хувааж авах.

3.Ө.Батмандахтай танилцахаас өмнө 2002 онд Завханаас шилжиж ирэхдээ 5 ханатай гэрийн 2 давхар бүрээстэй, шалавч, битүү ширдэг,  2 давхар хаалгатай, зуух зэрэг эд хогшлын хамт Хабитатын байрны дээвэр дээр хураалттай  байсныг минь миний зөвшөөрөлгүй аваад үгүй хийсэн.Хоёр дүүдээ хуваагаад өгсөн байсан.Энэ талаар асуухаар түр бариулж байгаа,өгнө л гээд саяхан гал голомтоо тахиулахаар зуух, гэрийг асуухад чи шүүхдээд аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад аваарай, миний авч өгсөн хувцаснуудаа зараад ав гэж тавлаад байгаа юм. Энэ гэр миний төрж өссөн, манай удмын гал голомт учраас Ө.Батмандахаас гэрээ бүрэн бүтнээр нь зуухтай нь авна.Эдгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа тул шүүх хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Батмандах сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:      Хабитатад байсан байшингийн дээвэр дээр хураасан гэрээс Ө.Батмандах би гэрийн хаалга, 2 ширхэг дээвэр л дүүдээ өгсөн нь үнэн. Гэрийн хаалганаас бусад мод нь Дэнжид байдаг н.Амарзаяагйин төрсөн эгч болох н.Ариунаагийн байшингийн дээвэр дээр хураалттай байгаа. Мөн Хабитатаас нүүхдээ илжирсэн шалавчнуудыг нь хаяж гайгүй үлдсэнийг нь дэнжид байдаг эгчийнх нь хашаанд зуух тулгатай нь аваачиж буулгасан. 03-62 ОРХ дугаартай Мазда маркийн авто машиныг Амарзаяа бид 2 ярилцаж тохироод эмнэлгийн зардалд мөнгө хэрэгтэй тул 5.000.000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн 5.000.000 төгрөгийг сүүлд авахаар болж зарсан.Энэ машин нь сугалааны машин байсан тул 2.700.000 төгрөгийг нь эмнэлгийн төлбөрт оруулж үлдсэнийг нь азын юм гээд гэртэй тавилга авсан. Ө.Батмандах би эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж Амарзаяад оногдох хувийг олгоход татгалзах зүйлгүй. Байрыг өөрийн өмчлөлдөө авч оногдох хувийг Амарзаяад олгоно гэжээ

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Ө.Батмандах,Н.Амарзаяа нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан 4059 ОРХ улсын дугаартай SONATA 7 маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1,129.2,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Орхон аймгмйн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7А-30 тоот 61.04 м.кв 2 өрөө орон сууцыг Н.Амарзаяагийн өмчлөлд хуваарилан үлдээж,Н.Амарзаяагаас 5 913 758 /таван сая есөн зуун арван гурван мянга долоон зуун тавин найман/төгрөг гаргуулан Ө.Батмандахад олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Ө.Батмандахаас 5 ханатай гэрийн 2 давхар бүрээс,туурга, шалавч, битүү ширдэг, хаалга, зуух зэргийг гаргуулан Н.Амарзаяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөг,хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж Н.Амарзаяагаас 372 109 төгрөг гаргуулан төрийн санд, Ө.Батмандахаас 186 054 төгрөг гаргуулан Н.Амарзаяад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Батмандах давж заалдсан гомдолдоо:

2011 онд Н.Амарзаяагийн ах Н.Батбаярын Хабитатын 233 тоот байшинг /3*6 хэмжээтэй/ 8.000.000 төгрөгөөр авах болж Ө.Батмандах би цалингийн зээл болох 4.000.000 төгрөг авч дээр нь хадгаламжаасаа 1.000.000 төгрөг нэмж 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн.Уг 233 тоот хашаагүй дан байшин нь банкны зээлд хамрагдсан 3.000.000 төгрөгний барьцаанд байсан тул уг зээлийг цувуулж дарж дууссан.Ингээд нийт 8.000.000 төгрөгөөр худалдан авсан нотлох баримт бий.Өөрийн нэр дээр шилжүүлэн авсан 2012 онд Худалдаа Хөгжлийн Банкнаас 7.000.000 төгрөгний цалингийн зээл авч байшиндаа өргөтгөл хийж 9*12 хэмжээтэй болгон засварлаж тойруулан хашаа барьсан.

2012 онд 0495 ОРХ дугаартай машинаа зарж 0066 ОРХ дугаартай тоёота гранд марк 2 маркийн машин худалдаж авсан. 2014 онд байранд орохоор шийдэж хашаа байшингаа 28.000.000 төгрөгөөр, тоёота маркийн машинаа 8.000.000 төгрөгөөр зарж, үеап дүү А.Уранчимэгээс 3.000.000 төгрөгний цалингийн зээл авхуулан зээлж, өөрийн хадгаламжинд байсан 9.000.000 төгрөгийг нэмэн нийт 48.000.000 төгрөгөөр 5-7а-30 тоот 61,4 мкв байрыг урьдчилгаа өгөн үлдэгдлийг нь лизингээр авсан.Лизингийнхээ сар бүрийн төлбөрөө Ө.Батмандах би одоог хүртэл байнга өөрөө төлж байгаа.

Уг урьдчилгаа болон төлбөрөө зөвхөн би төлж байна.2009-2014 оны 03 сар хүртэл Н.Амарзаяа нь эрхэлсэн ажилгүй гэрт байсан. Ийм байхад миний байрыг Н.Амарзаяагийн өмчлөлд үлдээсэнд маш их гомдолтой байна.

Мөн Н.Амарзаяа нь надаас иж бүрэн 5 ханатай гэр нэхэмжилсэн байна. Уг гэр нь Н.Амарзаяагийн эгч болох Н.Ариунаагийн гэрийн амбаарт 2014 оны 10 сард аваачиж хураасан. Үүнийгээ би шүүхэд хариу тайлбартаа хэлсэн. Би Н.Амарзаяатай 2014 оны 10 сарын 7-нд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдарснаас хойш 7 жилийн хугацаанд бид хоёрт үр хүүхэд заяагаагүй. Үр шилжүүлэн суулгуулж Өжүн мед эмэнжээлпг 2 удаа үр шилжүүлэн суулгуулж 20 гаруй сая төгрөг зарцуулсан.Бүх төлбөр Ө.Батмандах надаас гарсан байхад авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна.Ө.Батмандах би шүүх хурлын товийг хүлээж авсан. Шүүх хурлын үеэр би хоолны хордлого болж хуралд очих боломжгүй байсан тул өмгөөлөгчөөрөө уламжлан хүсэлт гарган, эмнэлгийн магадлагааг өмгөөлөгчөөрөө дамжуулан явуулсан байтал шүүх хурал хуралдсанд гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь тус шийдвэрийг гаргахдаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн журмыг зөрчин гаргажээ.

1.Нэхэмжлэгч Ө.Батмандах нь нэхэмжлэл болон хариу тайлбартаа 40-54 ОРХ дугаартай Соната 7 маркийн машинийг бусдаас зээлээр буюу хувь лизингээр худалдаж авсан боловч зээлийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас 2016 оны 09 сарын 11-нд буцаан зарж уг машиний өрийг төлсөн гэдгээ тайлбарладаг. Үүнийгээ нотлох үүднээс уг машинийг худапдах худалдан авсан тухай нотариатаар батлуулсан гэрээ, дахин зарсан гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Мөн анхан шатны шүүхээс дундын өмчид тооцсон Мазда машинийг Амарзаяатай ярилцаж тохироод эмнэлгийн зардалд мөнгө хэрэгтэй тул 5.000.000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 5.000.000 төгрөгийг сүүлд авахаар болж зарсан.Эхэлж орж ирсэн 5.000.000 төгрөгнөөс 2.700.000 төгрөгийг эмнэлгийн төлбөрт оруулж үлдсэнийг нь азын юм /сугалааны машин байсан/ гээд тавилга авсан гэж тайлбар бичгээр өгсөн.Энэ машин зарсан мөнгийг гэр бүлийн дундын хэрэгцээнд зарцуулсан байтал шүүх дангаар хэрэглэсэн гэж дүгнэсэн.

2016 оны 11 сарын 18-ны өдрийн 14 цагт зарлагдсан шүүх хуралдааны зарыг нэхэмжлэгч авсан боловч хурлын урд өдөр Улаанбаатараас ирж явах замдаа замын гуанзанд хоолонд орж хоолны хордлого болж 2016 оны 11 сарын 18-ны өдөр хуралд оролцох боломжгүй болж үүнийгээ өмгөөлөгч надад утсаар мэдэгдсэн.Би хурлаас өмнө үйлчлүүлэгч дээрээ очиж эмнэлгийн магадлагааг авч энэ тухайгаа шүүгчийн туслах Н.Хуланд утсаар мэдэгдсэн.

Эмнэлгээс магадлагааг аваад шүүхэд ирсэн боловч хурал эхэлсэн байсан.Шүүгчээс орох зөвшөөрөл гуйсан боловч оруулаагүй зөвхөн хариуцагч болон түүний өмгөөлөгч нарыг байлцуулан шүүх хуралдааныг хийсэн.Энэ нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 131.3 дахь хэсэгт заасан “Гэрлэгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно. Харин нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Хариуцагч Н.Амарзаяа нь анхан шатны шүүх хурал болох өдрийн өглөө буюу 2016 оны 11 сарын 18-ны өдөр шинээр нотлох баримт гаргаж хэрэгт өгсөн.Үүнийг нэхэмжлэгчид танилцуулаагүй шүүх хурлыг хийсэн нь нэхэмжпэгчийн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 25.1 дэх хэсэгт заасан эрх үүргийг хязгаарласан байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч 2016 оны 11 сарын 14-нд зарлагдсан шүүх хуралд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн найруулах нь гэж тодорхойлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлж оруулж ирсэн.Үүнийг шүүх сөрөг нэхэмжлэл гэж хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулан дараагийн хурлыг 2016 оны 11 сарын 18-нд буюу 4 хоногийн дараа дахин зарласан.Энэ нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 72.2 дахь хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайпбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл нотлох баримтаа шүүхэд ирүүлэх тухай заасан байтал хуульд заасан хугацааг үл хайхран хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 131.3, 72.2, 25.1 дэх хэсгуүдийг зөрчиж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.Батмандах нь хариуцагч Н.Амарзаяагаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Амарзаяа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Зохигчид 2009 оны 09 сард гэр бүл болж 2014 оны 10 сард гэрлэлтээ батлуулж амьдарсан байх бөгөөд 2016 оны 05-р сараас хоорондын таарамжгүй харьцаатай болсны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ.

Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Н.Амарзаяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулж хариуцагч Ө.Батмандахыг хариу тайлбар гаргах, холбогдох нотлох баримт гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжинд шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр хэлэлцэхээр тогтоосон байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан шүүгчээс тогтоосон хугацаа гэж үзэхээр байгаа боловч өөрчилсөн нэхэмжлэлийг гардуулсан баримтанд /хх-129/ хариу тайлбар нотлох баримт гаргах хугацааг 14 хоног буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тогтоосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь зүйлийг зөрчсөн ба шүүх хуралдаан товлосон хугацаанаас хойш тайлбар, нотлох баримт гаргах эрхээр хангасан нь зөрчилтэй болжээ.

Мөн гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдыг эрх тэгш оролцуулж мэтгэлцэх эрхээр хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-г зөрчсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй.

Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай нэхэмжлэгчийг танилцуулаагүй нь зохигч шүүх хуралдаанд биеэр оролцох, үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч Н.Амарзаяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын өмчийн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд зарагдсан гэх 2 машины үнийг нэхэмжлэгч Ө.Батмандах хэрхэн зарцуулсан болох, 5 ханатай гэрийн хэрэгслүүд бодитой байсан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч Ө.Батмандахаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд нэмэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

         ШҮҮГЧИД                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                             С.УРАНЧИМЭГ