Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 963

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нар нь манай компанийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ нарын хийсэн хэсэгчилсэн шалгалтын дүнг үндэслэж гаргасан дүгнэлтийг үндэслэж 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 250021364 тоот актаар 1.438.210.000 төгрөгийн зөрчилд 143.821.000 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан юм. Бидний гомдлыг хэлэлцээд актыг хэвээр үлдээсэн юм. Улмаар бид ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад гомдлыг хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 42 дугаартай тогтоол гаргасныг бид 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авсан бөгөөд эс зөвшөөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ нар нь тус компанийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 1.438.210.000 төгрөгийн зөрчил нь “татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй” гэж үзэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 0000777 дугаартай Татварын Улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хуулийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэж шилжүүлсэнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Энхбат 2015260000546 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын Мөрдөн шалгах 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор А.Болорчимэг хянаж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 07 дугаартай прокурорын тогтоол гаргаж шийдвэрлэсэн юм. Гэтэл 07 дугаартай Прокурорын тогтоол гарснаас хойш нэг жил өнгөрсний дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний едөр татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нар нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдер 0000777 дугаартай дүгнэлтийг үндэслэн 1.438.210.000 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4 дэх хэсэгт заасньг үндэслэн 143,821.000 төгрөгийн нөхөн татвар ногдуулах тухай 250021364 дугаартай акт тавьсан юм. Энэхүү 250021364 дугаартай акт нь дараах хуулийн заалтуудыг зөрчиж гарсан байна.

Үүнд Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд 28.1.8.татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэснийг тус тус зөрчсөн байна

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” болон “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль гарахаас 4 сарын өмнө тус компанид үүсгэсэн эрүүгийн хэргийг хяналтын прокурор хянаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 07 дугаартай Прокурорын тогтоол гаргасан байх бөгөөд эрүүгийн гэмт хэргийн асуудал хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байхгүй, төрийн эрх бүхий байгууллагын буюу Татварын алба нь уг зөрчилтэй холбоотойгоор татварын өрийг тогтоож, захиргааны шийтгэл ногдуулаагүй”,

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан хугацаа өнгөрсөн байх тул тус компани 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн болон тус хуулиар олгогдсон татвар төлөгчийн эрхийнхээ хүрээнд уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг“Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль хуулийн дагуу албан татвар төлөхөөр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж, Мөн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Татварын хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр тайлагнасан бол хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан албан татвар, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцпагаас нэг удаа чөлөөлнө” гэж, мөн 4.1.1. дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.7 дэх хэсэгт “Захиргааны хариуцлагын тухай хууль”, 5 дугаар зүйлийн 5.3. дах хэсэгт “Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна 5.3.4 нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын холбогдох асуудлыг сайн дурын үндсэн дээр шийдвэрлэсэн байтал Татварын улсын байцаагч нар нь 250021364 тоот актаар нөхөн татвар ногдуулахдаа тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас 4 сарын өмнө “О” ХХК-д үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд эрүүгийн гэмт хэргийн асуудал хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байхгүй, төрийн эрх бүхий байгууллагын буюу Татварын албанаас захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэр гараагүй байхад тус хуулийн 4 дүгээр зүйл Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх 4.3 Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйл 10.7 Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн заалтыг үндэслэн Татварын улсын байцаагчийн 250021364 дугаартай актаар нөхөн татвар ногдуулж, хэрэглэх ёсгүй хуулийн заалт хзрэглэж, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлж захиргааны акт гаргасан байна.

Монгол Улсын Сангийн дэд сайд С.Пүрэвийн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд ирүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 4-2/5016 тоот албан бичигт “Улсын их хурлын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд хамаарах зөрчлийн хүрээнд доор дурдсан арга хэмжээг авахыг чиглэл болгож байна. Үүнд Татварын улсын байцаагчийн зүгээс захиргааны акт үйлдээгүй бөгөөд одоо хянан шалгагдаж байгаа хяналт шалгалтыг зогсоох;Хууль хэрэгжих хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмж хяналт шалгалт хийхгүй байх;” гэж тус тус заасан байх бөгөөд уг удирдамжийн дагуу Татварын Ерөнхий газрын дэд дарга Б.Заяабалын УТОХГ, аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсийн дарга нарт явуулсан 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын чиглэл өгөх тухай” 26/2333 тоот албан бичигт” Татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийгдэхээр томилолт олгогдсон, хяналт шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа татвар төлөгчдийн томилолтыг цуцлах. 2.Хууль хэрэгжүүлэх хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хяналт шалгалтын томилолт олгох. /Татан буугдах, НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах г.м/ гэсэн байна. Эдгээр албан бичгүүд нь Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлыг зогсоож, акт, дүгнэлтээр албан татварын ногдол, хүү, торгууль, алдангийг шинээр ногдуулахгүй байж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн эд хөрөнгө адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, шинээр тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар ажлын чиг үүрэг холбогдох албадад өгөгдөж байсныг нотолж байна.

“О” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбогдсон асуудлыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан тул татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 тоот актыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч Ж.Э , Э. Э  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн татварын байцаагч Э. Э , Ж.Э  нар нь О ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн татварын байцаагч Ж.Э , Э. Э  нар нь 25160300142 дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ   нар О ХХК-ийн 2010-2012 онуудын татвар ногдуулалт төлөлтөнд хяналт шалгалт хийж 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 0000777 тоот дүгнэлт бичсэнийг Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг үндэслэн 250021364 тоот акт болгосон. О компанийн захирал X. Батсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 143,821,000.00 төгрөгийн улсад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан. Тус дүгнэлтийг ЦЕГ-ын ЗБГХТГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Энхбат мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлснийг Дүургийн 2 дугаар прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Болорчимэг хүлээн авч хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 07 тоот прокурорын тогтоол гаргасан. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар дутуу тайлагнасан нийт 1,438,210,000.00 төгрөгийн зөрчил илэрсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. «татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх», Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “Санхүүгийн тайлан нь үнэн зөв материал, бодит тоо, мэдээнд үндэслэх» гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд нь Татварын ерөнхий хуулийн 74 дугаар зүйлийн 74.1; 74.1.4 дугаар заалтыг үндэслэн нийт 143,821,000.00 төгрөгийн нөхөн татварыг Эрүүгийн хэрэг бүртгэлийн мөрдөн байцаах ажиллагааны явцад төлж барагдуулсныг барагдуулсан дүнгээр акт бичсэн.

Иймд 250021364 тоот актыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

                                                    ҮНДЭСЛЭХ нь: 

“О” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Анх Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ нар нь “О” ХХК-ийн 2010-2012 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 1.438.210.1 мянган төгрөгийн зөрчилд нь эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000777 тоот дүгнэлтийг бичжээ.

Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн 2015260000546 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.Болорчимэг хянаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтын дагуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нар нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25160300142 дугаар хяналт шалгалт хийх томилолтын дагуу 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл “О” ХХК-ийн татвар, ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийхэд 2011 онд 40.523.700 төгрөгийн зөрчилд нь 4.052.370 төгрөгийн нөхөн татвар, 2012 онд 1.397.686.300 төгрөгийн зөрчилд 139.768.630 төгрөгийн нөхөн татвар, нийт 1.438.210.000 төгрөгийн зөрчилд нь 143.821.000 төгрөгийн нөхөн татварыг Эрүүгийн хэрэг бүртгэлийн мөрдөн байцаах ажиллагааны явцад төлж барагдуулсан дүнгээр хаахаар татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 тоот акт тогтоожээ.

Нэхэмжлэгч “О” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцагчийн актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[1] Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 250021364 дүгээр актыг хэвээр баталжээ. Улмаар нэхэмжлэгч “О” ХХК нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар тогтоолоор[2] Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэвээр баталж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 42 дугаар тогтоолыг баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч “О” ХХК нь маргааны үйл баримт буюу актаар тогтоогдсон зөрчил буюу хий бичилт хийж, татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гаргасан, гаргаагүй гэж маргаагүй.

Гагцхүү хяналт шалгалтыг хийх процесс ажиллагааг зөрчсөн буюу “... татварын улсын байцаагч нар нь Захиргааны хариуцлагын тухай хууль /хуучин/-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж заасныг зөрчиж, хуульд заасан хугацаа хэтэрсэн буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоол гарснаас хойш нэг жилийн дараа акт тавьсан ... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбоотой асуудлыг сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнаж, хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байхад дахин актаар нөхөн татвар ногдуулах үндэслэлгүй ... байцаагч нар актыг тавихдаа санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тулгалт /шалгаж/ хийхгүйгээр процесс зөрчиж, зөвхөн байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоолд үндэслэн актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй ...” гэж, хариуцагч нь “ ... Татварын улсын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ нар нь “О” ХХК-ийн 2010-2012 онуудын санхүүгийн анхан шатны баримтыг шалгаад Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1.438.210.1 мянган төгрөгийн зөрчилд нь эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2013 оны 0000777 тоот дүгнэлтийг бичиж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд “О” ХХК-ийн захирал Х.Батсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 143.821.000 төгрөгийн хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг баталгаажуулж, төлсөн дүнгээр нь акт тавьсан. Энэ нь дахин 143.821.000 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж байгаа асуудал биш, гагцхүү төлсөн дүнг нь баталгаажуулж, татварын програмд зохицуулалт хийж байгаа хэлбэр ... Зөрчлийг татварын улсын байцаагч илрүүлж, цагдаа, прокурорын байгууллага тогтоосон учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарах үндэслэлгүй” гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ нар нь “О” ХХК-ийн 2010-2012 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэх зөрчлийг шалгуулахаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000777 тоот дүгнэлтийг бичиж, улмаар цагдаагийн байгууллагад шилжүүлж, эрүүгийн 2015260000546 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.Болорчимэг хянаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтын дагуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг ирүүлэхийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2709[3] албан бичгээр хүссэний дагуу Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/354 тоот албан бичгээр[4] 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст ирүүлжээ.

Энэ хугацаанд буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсантай холбоотойгоор Сангийн яамны дэд сайд С.Пүрэвийн “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4-2/5016 тоот[5], Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабатын “Ажлын чиглэл өгөх тухай” 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2б/2333 тоот[6] бичгүүдээр “... хяналт шалгалт хийгдэхээр томилолт олгогдсон, хянан шалгагдаж байгаа хяналт шалгалтыг зогсоох, хууль хэрэгжих хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмж хяналт шалгалт хийхгүй байх ... зөвхөн татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хяналт шалгалтын томилолт олгох”-ыг үүрэг болгож, хяналт шалгалт хийх боломжгүй нөхцөл буюу хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хууль /хуучин/-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж заасан хугацаа хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гарсныг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс мэдээгүй, сүүлд 2015 оны 09 дүгээр сард мэдсэн боловч энэ үед Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд татварын хяналт шалгалт явуулах боломжгүй нөхцөл байдал байсан, нөгөөтэйгүүр зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, төлсөн, энэ талаар маргахгүй байх тул гаргасан зөрчилд хариуцлага хүлээх зарчмын хүрээнд дээрх үндэслэл нь актыг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар актаар нөхөн татвар ногдуулсныг буруутгах боломжгүй.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгэгдсэн, нуун дарагдуулсан ... олсон орлого, үзүүлсэн үйлчилгээг ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”[7]-ын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” ойлгохоор тус тус заасан бөгөөд “О” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой асуудлыг урьд нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ундрал, Б.Чимгээ нар хяналт шалгалтаар илрүүлж, 0000777 тоот дүгнэлтийг бичиж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарна гэж үзэхгүй.

 Түүнчлэн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдахаас 4 сарын өмнө тус компанид үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд эрүүгийн гэмт хэргийн асуудал хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байхгүй, төрийн эрх бүхий байгууллагын буюу Татварын алба нь уг зөрчилтэй холбоотойгоор татварын өрийг тогтоож, захиргааны шийтгэл ногдуулаагүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбоотой асуудлыг сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан, хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байхад дахин актаар нөхөн татвар ногдуулах үндэслэлгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Гагцхүү татварын улсын байцаагчийн актыг тогтоохдоо “санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тулгалт /шалгаж/ хийхгүйгээр процесс зөрчиж, зөвхөн байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоолд үндэслэн актаар нөхөн татвар ногдуулсан”  гэх тайлбар нь үндэслэлтэй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан явцад гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийхдээ дараахь журмыг баримтална: татварын хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах; холбогдох баримт, материалыг түр хугацаагаар авахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах; нотолгооны чанартай баримтын гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх; тайлбар, лавлагааг бичгээр гаргуулах, эсхүл асуулга, ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах” гэж заасныг хариуцагч Татварын улсын байцаагч нар зөрчиж захиргааны акт гаргасан байна гэж шүүх дүгнэж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаанд маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд татварын хяналт, шалгалт хийсэн аргачлал нь нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр актыг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж энэ хугацаанд хариуцагч нар нь дахин хяналт шалгалт явуулахдаа зохих журмын дагуу үндэслэл бүхий хийж шинэ акт гаргах шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Харин шүүхээс маргаан бүхий актаар тогтоогдсон зөрчил буюу хий бичилт хийж, татвар ногдох орлогоо бууруулсан зөрчилтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан боловч хэргийн оролцогч нарын маргаагүй үндэслэлд буюу зөрчлийг гаргасан, гаргаагүй гэдэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр татварын актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчийн зүгээс шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э , Э. Э  нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр татварын акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.ОДМАА