Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ДШМ/057

 

А.Мт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч А.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Мт холбогдох эрүүгийн 1714000070015 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.М, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

А.М нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Зүүнхаяа 6 дугаар багийн нутаг Ясан хашаат гэх газарт байсан А.Лгийн гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд

хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах хэлбэрээр санаатайгаар устгасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3-ийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Ямаат овогт Авирмэдийн Мягмарыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар А.Мыг гурван жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Мт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, А.М нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Маас 10.248.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Лд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар А.Мын эзэмшлийн 19 инчийн зурагт, бүргэд маркийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс 3 жил хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхыг хүсэж байна. Иймд надад боломж олгож, итгэл хүлээлгэн ял шийтгэлийг тэнсэж өгнө үү гэжээ.

А.Мын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: А.М болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон. А.М нь өрхийн амьжиргааны түвшний судалгаагаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд хамаардаг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирол төлөх санаа байсан хэдий ч ахуй амьдралын боломж бололцоогүй байдлаас шалтгаалан хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлж чадалгүй шүүх хуралдаанд орсон.

Энэ хугацаанд А.Мын ар гэрээс ах, дүү нарын тусламж дэмжлэгээр хохирогчид учирсан бодит хохирлыг мөнгөн болон эд зүйлийн хэлбэрээр төлж барагдуулсан бөгөөд түүний анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч А.Лгийн хохирлоо бүрэн төлсөн, цаашид гаргах гомдол саналгүй гэсэн бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээг оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргах зүйлгүй байгаа болно. А.М нь тухайн үеийн амьдралын боломжгүй байдлаас болж хохирлоо төлж чадаагүй байсан, одоо хохирлыг төлж барагдуулсан, хохирогч ямар нэгэн гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: А.Мын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн оногдуулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

ХЯНАВАЛ:

А.М нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Зүүнхаяа 6 дугаар багийн нутаг “Ясан хашаат” гэх газарт байсан иргэн А.Лгийн гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах хэлбэрээр санаатайгаар устгасан гэмт хэрэгт үйлдсэн гэж Баянхонгор аймгийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3-ийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамж болон шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг буруу хэрэглэжээ.  

Өөрөөр хэлбэл А.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3-ийн 3.1 дэх хэсэгт заасанд хамаарагдаж байгаа гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй, хуульд байхгүй зүйл хэсгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хорих ял шийтгэсэн гэж үзнэ.  

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Мт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.    

А.Мын анх удаа гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн болно.

Мөн хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”-ын огноо нь 2017 оны 9 дүгээр сарын 16 буюу Бямба гараг, амралтын өдөр байгааг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Мт холбогдох эрүүгийн 1714000070015 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Мт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

              ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                       Н.ЭНХМАА