| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00553/И |
| Дугаар | 553 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 553
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багт оршин суух Сэрээнэн овогт Ламжавын Бямбадолгорын Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Л.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Л.Бямбадолгор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Бямбадолгор нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 394 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Намын үүр, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргагчид олгосон,Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргагчид олгосон баярын бичгүүдийн хуулбар, гэрч Ц.Эрдэнэгэрэл, Д.Нарантуяа, Ж.Мөнхбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Сэрээнэн овогт Ламжавын Бямбадолгорыг Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА