Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 904

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Н,

гэрч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Б овогт Н-ийн Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905012530931 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр хүүхдийн хамт ........... дүүргийн ... дугаар хороо ........... дугаар гудамжны ... тоотод оршин суух, .......... дүүрэг ... дүгээр хороо .......... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Н.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөхөн зочид буудалд иргэн Б.Б-той маргалдаж улмаар шилтэй аягатай  ус ууж байхад нь аяга руу нь цохиж Б.Б-ийн эрүүл мэндэд хамарт хаван, шалбаралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н мэдүүлэхдээ: “Тэгээд цагдаа хүлээгээд буудлын ресепшний өрөөнд сууж байтал энэ залуу чи намайг Баянголд барахгүй шүү гээд хэл амаар доромжлоод байхаар нь би өшиглөсөн чинь энэ залуу шилтэй ус уугаад сууж таарсан. Тэгээд шил рүү нь өшиглөтөл хамар луу нь цохих шиг болсон” гэв.

 

          Шүүгдэгч Н нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөхөн зочид буудалд иргэн Б.Б-той маргалдаж улмаар шилтэй аягатай  ус ууж байхад нь аяга руу нь  цохиж Б.Б-ийн эрүүл мэндэд хамарт хаван, шалбаралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Б.Б-ийн “... Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөнхөн зочид буудалд ороод 2 давхарт ресепшины өрөөнд орж өрөө байгаа юу гээд асууж байтал баруун гар талын коридорт хүн орилох шиг чимээ гарахаар нь танайх чинь эвгүй буудал байна ш дээ  байнга хэл ам таталдаг болохгүй бол цагдаа дуудахгүй юу гээд тухайн үед би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 10 дугаар хорооны олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан учир би танай энэ хороонд ажилладаг гэтэл ресепшин түрүүн коридорт 205 билүү 206 номерын өрөөний хүмүүс маргалдаад байсан гэхээр нь юмыг яаж мэдэхэв хамт очиж үзье болохгүй бол цагдаа дуудъя гээд хамт өрөөнөөс нь гараад ресепшиний өрөөний эсрэг талын хаалганы хүмүүс унтаагүй байхаар нь хаалгыг нь тогштол 17-19 орчим насны 5-6 хүүхэд унтаагүй архи ууж байгаа бололтой сууж байхаар нь одоо наад архи дарсаа боль, хүмүүс  унтаж амарч байна гэтэл ахаа уучлаарай амарлаа гэсэн. Цаашаа  яваад 206 номерын өрөөний хаалгыг тогштол хаалгаа тайлахгүй дотор нь хүмүүс дугараад байсан. Ресепшин эгч хаалгаа онгойлго ресепшин байна гэтэл яах гээд байгаан унтаж амарч байна гээд байсан. Тэгтэл ресепшин эгч өрөө рүүгээ буцаад явахаар нь би хаалгыг нь дахиж тогшоод юм асуугаадхая хаалгаа онгойлгочих гэтэл жижигхэн биетэй онигор нүдтэй залуу хаалгаа онгойлгоод яах гээд байгаа юм гэхээр нь чимээ гараад байна, ороод шалгаадхая янз бүрийн юм болж байвал цагдаа дуудъя гэтэл хаалгаа дарчихаад онгойлгохгүй байсан. Цаана нь нэг эмэгтэй, эрэгтэй хоёр ноцолдоод байхаар нь би энэ хороонд ажилладаг олон нийтийн цагдаа байгаа юм ороод үзчихье гэтэл чиний цагдаа гэж юу байдгийн энгийн хувцастай байж гэхээр нь би тэр хамаагүй ээ ороод үзчихье гээд бид хоёр маргаад зогсож байтал цаанаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр маргаад хаалгаар түлхээд гараад ирсэн. Сүүлд гарч ирсэн халзан толгойтой залуу нь чамд хамаагүй гээд бас маргаан дундуур орж ирээд маргаж байтал жижиг биетэй залуу нь надтай барьцалдаад авахаар нь боль цагдаа дуудаад асуудлаа шийдүүлье гэтэл эмэгтэй нь ахаа уучлаарай бид нар өөрсдөө учраа олъё гээд салгасан. Би цагдаа дуудчихъя гэтэл сүүлд гарч ирсэн халзан залуу нь би телевизэд ажилладаг гээд үнэмлэх гаргаж үзүүлээд лайв хийнэ гээд утсаа гаргаж ирж бичээд, цагдаа нар хэзээ ийм болчихсон юм гээд надтай маргаад цагдаагийн хэсэг рүү гурвуулаа хамт явахаар болоод буудлаас гараад 13 дугаар сургуулийн чиглэлтэй явж байтал хэнийг нь мэдэхгүй нэг нь  миний ар дагз руу цохиход би доошоо тонгойтол миний дээрээс нэг нь дараад нөгөөх нь нүүр лүү алгадаад байхаар нь би түлхэж салаад цагдаагаар шийддэг асуудлаа шийдүүлье, та хоёртой маргамааргүй байна гэтэл буцаад оръё гэхээр нь эргээд ресепшиний өрөөнд ороод миний бичиг баримтыг үзье гээд байхаар нь гаргаад үзүүлэх гэтэл булааж авчихаад өгөхгүй байсан. Би сандал дээр суугаад цагдаа дуудах гээд утсаа аваад залгаж байтал халзан толгойтой телевизэд ажилладаг гэх залуу нь чам шиг цагдаа хараагүй гээд миний толгой руу алгадахад утас газар уначихаар нь утсаа тонгойгоод автал батерей нь олдохгүй байхаар нь утсаа ширээн дээр тавиад ресепшин эгчийн утсаар цагдаа дуудсан. Энэ хооронд надтай маргаад миний толгой руу ээлжлээд цохиод байсан. Миний зүүн талын доод уруулаас цус гараад байхаар нь ресепшиний ширээн дээр байсан шилтэй усыг аваад ууж байтал  жижигхэн залуу шил рүү өшиглөтөл шилэнд уруул цохигдоод хамар, уруул хоёр сэтэрсэн. Дахиад цагдаа руу залгаж дуудлагаа шаардсан. Энэ үед бас нэг нь гадаа гараад “энд нэг хүн өөрийгөө цагдаа гээд хүмүүс амраахгүй хүн зодоод байна” гээд дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа ирээд сүүлийн дуудлагаар намайг хүн зодсон гэж ойлгоод намайг авч гараад юу болсон гээд асуухаар нь болсон асуудлыг хэлээд эд зүйлээ шалгаж үзтэл миний утас, гинж, хэтэвч байхгүй байхаар нь буцаад нөгөө буудалдаа очоод нөгөө хоёр залуугийн өрөөнд орж үзлэг хийхэд миний иргэний үнэмлэх виза карт хоёр орон дээрээс нь олдсон. Тэгээд нөгөө хоёр залууг бас аваад бид гурвыг хэлтэс дээр авчирч өгөөд би өргөдлөө гаргасан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна. Хамарт хаван, шалбаралттай, уруулд шарх гэмтлийг жижигхэн залуу шилтэй ус ууж байхад шил рүү өшиглөж дээрхи гэмтлийг учруулсан.

          ... Өрөөг нь шалгаж үзэх гэтэл оруулахгүй гээд мөн миний бичиг баримтыг булааж авсанаас болж маргасан.

          ... 13 дугаар сургууль руу явж байхад араас цохиод боох үед хүзүүн дэх гинж алга болсон байх. 2019 оны 01 дүгээр сард найз Хишигбат 52,5 граммтай мөнгөн гинж бэлэглэж байсан юм. Үнийг нь мэдэхгүй. Утас ресепшиний өрөөнд байхад алга болсон. 2018 оны 08 дугаар сард Тedy төвөөс 180.000 төгрөгөөр авсан. Samsung S-5 маркийн гар утас байсан. Хэтэвчин дотор байсан 25.000 төгрөг алга болсон. Хэтэвчээ олж авсан байгаа. Алдсан эд зүйлийнхээ төлбөрийг гаргуулна. Бие махбодь болон сэтгэл санаагаараа хохирсонд гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-28 дугаар хуудас/

          “... Жижигхэн биетэй залуу миний ууж байсан шил рүү хөлөөрөө жийж доод уруул сэтэлж, хамар шалбалан, хавдсан. Тухайн үед шил нь хагараагүй үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 67 дугаар хуудас/

 

          Гэрч Н.Ишгиймаагийн “2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 03 цагаас 04 цагийн үед энгийн хувцастай залуу орж ирээд өрөө байна уу гэж асуусан. Уг залуу согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд 205 тоот өрөөнд гурван залуу орчихсон байсан. Тэд нар хоорондоо муудалцах чимээ гарсан юм. Нөгөө орж ирсэн залуу надад би танайхыг хариуцсан олон нийтийн цагдаагийн ажилтан байна гэж үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд 205 тоот өрөөний хаалгыг тогшсон. Уг өрөөний хаалгыг тэд нар онгойлгоход өрөөнд байсан гурав хоорондоо заамдалцаад зогсож байхад нөгөө залуу болиулаад үнэмлэх бичиг баримтыг нь шалгаад 206 тоотын эсрэг талын өрөөнд хүмүүс ярилцах чимээ гараад байхаар нь нөгөө олон нийтийн цагдаа залуу хаалгыг нь тогшсон. Хаалганы цааснаас нь яах гээд байгаа юм бэ гээд онгойлгоогүй. Би хаалгыг нь тогшоод нөгөө залуу бас тогшоод хаалгаа удаж онгойлгоод нэг залуу нь гарч ирээд яагаад заавал шалгуулах ёстой юм гэж эсэргүүцсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад нөгөө залуу ойртоод ирэхээр нь өөрийгөө цагдаагаас явж байна гэх залуу түлхэж холдуулсан. Өрөөнд ямар хүмүүс байна гэхэд нөгөө залуу нь хаалгаа дараад онгойлгохгүй байсан. Би хажуугаас нь наадах чинь цагдаа та нар шалгуул гэж хэлчихээд өрөө рүүгээ яваад өгсөн. Тэгээд өөрийгөө олон нийтийн цагдаа гэх залуу гараад явсан. Нилээд хугацааны дараа нөгөө олон нийтийн цагдаа залуу өрөөнд байсан хоёр залуутай гаднаас коридорт ороод ирсэн. Хоорондоо гадна зодолдсон талаар ярилцаад байсан. Би хараагүй болохоор ойлгоогүй.

          ... Би ширээн дээр вареньены шилтэй буцалсан ус хийчихсэн хөргөөд тавьсан байсныг олон нийтийн цагдаа залуу аваад ууж байх үед нөгөө туранхай залуу нь нүүр лүү өшиглөчихсөн. Тэгээд нөгөө олон нийтийн цагдаа залуугийн уруулнаас нь нилээн цус гараад нөгөө бичиг баримт хурааж авсан эмэгтэй бид хоёрыг цусыг нь арчиж цэвэрлэж өгсөн. Нөгөө хоёр залуу нь агсраад цагдаа мөн биш гээд хэрүүл болоод байсан.

          ... Хүмүүсийг явсны дараа миний ширээн дээр гар утасны цагаан таглаа байсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-32 дугаар хуудас/

         

          Гэрч Б.Д-ын “... Сүүлд Нээс асуухад шилтэй ус ууж байхад нь шил рүү нь өшиглөсөн гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дүгээр хуудас/

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2540 дугаартай:

          “1. Б.Б-ийн биед хамарт хаван, шалбаралттай, уруулд шархтай гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

          4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 39 дүгээр хуудас/

 

          Шинжээч С.Одончимэгийн “Хамарт хаван, шалбаралттай гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулд шархтай гэмтэл нь мөн дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь хүний гар хөл, чулуу, мод хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/

          “... Уруулдаа оёдол тавиулсан учир зүсэгдсэн эсэхийг мэдэх боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 74 дүгээр хуудас/

 

          Гэрч Ц.Хадбаатарын “2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн Бугат 112 дугаар чиглэлд 24 цагийн хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Бугат 10-аас Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөнхөн дэн буудалд хүн зодуулчихлаа гэсэн дуудлага ирсэний дагуу очиход 10 дугаар хорооны олон нийтийн цагдаа Б- нь Дөлгөөхөн дэн буудлын ресепшиний өрөөнд доод уруул нь хавдсан байдалтай байсан ба юу болсон талаар асуутал вареньены шилтэй ус ууж байтал хүн өшиглөчихлөө гэсэн. Өшиглөсөн хүн нь хаана байгааг асуутал өрөөндөө байгаа гэхээр нь хамт өрөөнд нь очоод хаалгыг нь нилээн удаан тогшиж байж онгойлгосон. Яваад ортол хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гурвуулаа нилээн согтуу байдалтай байсан. Юу болсон талаар асуутал наад хүн чинь өөрийгөө цагдаа гээд хүн дарамтлаад байна гэхээр нь бүгдийг нь аваад Цагдаагийн хэлтэс рүү явах гэтэл эмэгтэй нь хувцасгүй байна хувцсаа өмсөөдхөе гэхээр нь үүдэнд ресепшиний өрөөнд хүлээгээд байж байтал яаралтай дуудлага ирэхээр нь та нар бүгдээрээ байж бай дуудлаганд оччихоод эргээд ирье гэтэл Б- хамт явна гээд дагаад яваад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 71 дүгээр хуудас/

 

          Нийн яллагдагчаар өгсөн “... би нэг залуутай хамт Б-ийн суганаас нь өргөөд хамжиж дотогшоо ресепшиний өрөө рүү оруултал та нар намайг Баянголд барах уу гээд томроод ширээн дээр байсан шилтэй усыг аваад ууж байхаар нь би уурандаа өшиглөтөл шилийг нь оночихсон. Удалгүй цагдаа орж ирэхээр нь энэ хүн өөрийгөө цагдаа гээд хүмүүс амраахгүй байна гэтэл цагдаа нар дагуулаад гарсан.

          ... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Б-ийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Б- гэх залууг шилтэй ус ууж байхад нь би хөлөөрөө шил рүү нь өшиглөхөд уруул болон хамар нь гэмтсэн байсан. Доороос нь өшиглөсөн учир шил нь дээшээ гүйгээд хамрыг нь цохисон байх. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59-60 дугаар хуудас/

 

          Дамно ХХК-ны Samsung S-5 маркийн гар утас, мөнгөн 52.5 граммтай гинж зэргийг нийт 292.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 64-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Нийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Б- нь мөрдөн шалгах явцад “Баасандорж овогтой Б- миний бие нь холбогдогч Н болон түүний найзаас хохирол болох гар утас, мөнгөн гинж, 600.000 төгрөг бэлнээр хүлээн авч хохирлоо барагдуулсан тул цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй болно. Б.Б- надад цаашид гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 87 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Нийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Н торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Н баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ