Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 906

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч  С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Э.Б- түүний өмгөөлөгч Л.Гансүх,

хохирогч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Б овогт Э-ийнБ-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905035190947 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ........... тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ....... гудамжны ... тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Нийслэлийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 548 дугаартай магадлалаар 07 жил 07 сар хорих ял болгож өөрчилсөн,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2  жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг Нийслэлийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 548 дугаартай магадлалаар 07 жил 07 сар хорих ял болгож өөрчилсөнөөс эдлээгүй үлдсэн 07 жил 02 сар 03 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 07 жил 02 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, Б овогт Э-ийнБ-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны гадна  иргэн Э.М-тай “гал нэхлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж Э.Мөнхтулгын эрүүл мэндэд хүзүүнд цус хуралт, нэг шүдний булгарал, дээд, доод уруулд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б- мэдүүлэхдээ: “2019 оны 8 дугаар сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Ариунбаяр гэх найзтайгаа хорооллын лаунжид уулзаад 3 шил пиво уусан. Тэндээс гараад бааранд орсон. Тэгээд тамхи татах гээд гарахад энэ залуу байж байсан. Би “гал байна уу” гээд асуутал гал байхгүй гэж хэлсэн. Галнаас болж маргаад тэгээд би цохисон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.М- мэдүүлэхдээ: “2019 оны 8 дугаар сарын 30-ны шөнө найзуудтайгаа явж байгаад бааранд ороод архи уусан. Ганцаараа тамхи татах гээд гарч ирээд энэ ахаас гал асуусан чинь байхгүй гэсэн. Тэгээд би ямар сүртэй юм бэ гээд тэрнээс болоод маргалдаж улмаар намайг цохисон. Тэгээд цохиулаад 103 дугаар луу залгаад дуудлага өгсөн. Надад 2.240.000 төгрөгийн хохирол учирсан. Нийт 1.400.000 төгрөг авсан. Үлдэгдэл 840.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

          Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны гадна  иргэн Э.М-тай “гал нэхлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж Э.Мөнхтулгын эрүүл мэндэд хүзүүнд цус хуралт, нэг шүдний булгарал, дээд, доод уруулд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Э.Мөнхтулгын “2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө хэдэн цагт гэдгийг санахгүй байна. Найз Дулаанжаргал, Буян-Эрдэнэ, Дашням, Баяржаргал нартай уулзан Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал бааранд орж 0.75 литрийн нэг шил архи авч уугаад бүжиглэж байгаад 02 цаг 50 минутын үед би ганцаараа тамхи татахаар гадаа гартал баарны үүдэнд зүс таних хоёр залуу зогсож байхаар нь очоод юм ярьж байгаад хажуу талд зогсож байсан улаан өнгийн хүрэмтэй залуугаас гал байна уу гээд асуутал байхгүй гээд согтуурхаад элдэв бусын үгээр намайг доромжилж байснаа гэнэт нүүр лүү цохисон. Тэгтэл миний зүүн талын дээд үүдэн нэг шүд унаад уруул язарсан байсан. Намайг заамдаж аваад дахиж цохих гээд дайрч байхад тэнд байсан хүмүүс салгаад барьж байхад нь би цагдаа руу залгаж дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд намайг цохисон залууг эрүүлжүүлэх байр луу авч явсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна. Улаан өнгийн хүрэмтэй залуу миний нүүр лүү гараараа цохиж дээрхи гэмтлийг учруулсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.  ... Шүдээ эмчлүүлэх хүсэлтэй байна. Шүд хийлгээд өгчихвөл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

          “ ... Намайг цохисон залуу Э.Б- мөн. Тухайн үед цохиулчихаад би өөрөө цагдаа руу залгаж дуудлага өгөөд намайг цохисон залууг цагдаад хүлээлгэж өгсөн. Маргааш нь цагдаа дээр ирээд өөртөө нь уулзаад нэрийг нь Б- гэж мэдэж авсан. Тухайн үед Б- гэх залуу нь хар өнгийн бэлтгэлийн өмд, дотуураа цагаан өнгийн фудволктой, гадуураа улаан өнгийн бомбер гэдэг хүрэмтэй байсан. Б- миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж шүд унагасан. Мөн дахиж цохих гээд дайрч заамдах үед хүзүүн дэх зулгаралт гэмтэл үүссэн. Б- гэх залуу миний биед учирсан гэмтлүүдийг учруулсан.

          ... Б- гэх залуу эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг миний нэр дээрх Хас банкны 5002963211 дугаарын данс руу шилжүүлж өгсөн байгаа. Би шүдээ эмчлүүлчихвэл надад гомдол санал байхгүй.  Эмчилгээний зардал болох үлдэгдэл 1.240.000 төгрөгийг Б-оос нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10546 дугаартай:

          “1. Э.М--н биед хүзүүнд цус хуралт, нэг шүдний булгарал, дээд, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэсэн дүгнэлт. /хэргийн 15 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Наранцогтын “... 02 цаг өнгөрч байхад Баянгол дүүрийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал баарны гадна машинтайгаа зогсож байтал танил М- Кристал баарнаас гараад ирсэн. Би машинаасаа буугаад М- дээр очоод юм яриад зогсож байтал хажуу талд хоёр залуу бас тамхи татаад зогсож байсан. М- уг хоёр залуугаас гал асууж байх шиг байсан. Нэг мэдсэн М- өндөр залуутай заамдалцчихсан хоорондоо түлхэлцээд зогсож байхаар нь очоод салгаад холдуултал улаан хүрэмтэй залуу нь Мөнхтулгын нүүр лүү гараараа нэг удаа цохичихсон. Би барьж байсан хоёр залуугаа тавиад М- дээр яваад очтол шүд уначихлаа гээд амнаас нь цус гарч байсан. М- цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирж Мөнхтулгыг цохисон залууг эрүүлжүүлэх байр луу авч явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

          Э.Б-ын яллагдагчаар өгсөн “... хохирогч гэх залуу надаас гал асуухаар нь би гал байхгүй гэтэл намайг тамхи татаж байхыг харчихаад сүртэй юм галаа өгчөөч гэснээс болоод бид хоёр хоорондоо маргаж байгаад би нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохитол намайг нэг хүн цааш нь салгаад холдуулсан. Тухайн үед надад гал байгаагүй юм. ... Э.Мөнхтулгын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би Мөнхтулгын нүүр лүү гараараа нэг удаа цохиж уруулд шарх гэмтэл болон шүдийг нь хугалсан. ... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан хохирогч Э.Мөнхтулгын мэдүүлэг, /хэргийн 11, 28 дугаар хуудас/ гэрч Б.Наранцогтын мэдүүлэг, /хэргийн 29 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10546 дугаартай дүгнэлт, /хэргийн 15 дугаар хуудас/  Э.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Э.Б- “гал нэхлээ” гэх шалтгаанаар иргэн Э.Мөнхтулгын нүүрэн тус газар нь цохиж биед  хүзүүнд цус хуралт, нэг шүдний булгарал, дээд, доод уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд  шүүгдэгчийг уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.М-д нь мөрдөн шалгах явцад шүүгдэгч Э.Б-оос 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн /хэргийн 45 дугаар хуудас/ ба шүүх хуралдаанд 400.000 төгрөг төлсөн тухай баримт гарган өгчээ.

Шүүгдэгч Э.Б- нь нийт 1.400.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн мөнгөнөөс үлдэгдэл 840.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүхээс Э.Б- нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос тодорхой  хэмжээний мөнгийг төлж барагдуулсан цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, торгох ялыг 5 сарын хугацаагаар  хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ийнБ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.Б- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-оос 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймаг Жаргалант сум 5 дугаар баг Оргилд оршин суух Зурхайч овогт Энхтөрийн М-д /РЕ97050913/ олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Э.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ