Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 558

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

 Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар баг, Рашаант гэх газар оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, Чих овгийн Пантааны Мандахын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхам-Осоржин, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч П.Мандах шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхам-Осоржин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Мандахын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. П.Мандах нь миний охин байгаа юм. Өвөрхангай аймгийн Богд суманд байдаг. Д.Мандахыг 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Мандах “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

П.Мандах нь Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох ньӨвөрхангай аймгийн архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 703 тоот лавлагаа,П.Мандахын 1984 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Оюун, Д.Төмөрхүү нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЧих овгийн Пантааны Мандахыг 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсанболохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хуаамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА