Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 907

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч С.О-,

хохирогч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Б овогт С-ынО-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905034700995 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо .......... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ынО-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.О- нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Н-г маргааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж биед нь уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод гурван шүдний сулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н- мэдүүлэхдээ: “Би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дэлгүүртээ зогсож байтал энэ залуу нэг хүүхнийг хөөгөөд яваад байсан. Тэгэж байгаад манай дэлгүүрт орж ирээд намайг утас цэнэглээд өг гэхээр нь би үгүй гэсэн. Би хүнтэй маргаж үзээгүй. Энэ хүний доромжилсон гээд байгаа хоёр охиныг огт харж байгаагүй. Тухайн үед О-ыг гэртээ харь гэж маргалдсан. Гэтэл намайг янхан, гичий гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаад гараад явсан. Удалгүй орж ирээд намайг шууд цохиод авсан. Тэгээд би цагдаа дуудсан” гэв.

 

          Шүүгдэгч С.О- нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Н-г маргааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж биед нь уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод гурван шүдний сулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Д.Н-гийн “2019 оны 08 дугаар сарын 28-ны орой дэлгүүртээ зогсож байхад гаднаас зүс таних залуу орж ирсэн. Тэгээд надад хандан гар утас цэнэглээд өг гэсэн. Тэгэхээр нь би цэнэглэж өгөхгүй гэртээ харьж цэнэглэ гэсэн. Тэгсэн намайг янхан гээд есөн шидээр харааж зүхсэн. Тэгсэн чинь намайг харааж байгаад гараад явсан. Тэгээд нэг хүн гаднаас орж ирээд банш авах гэсэн. Би хиллэх гээд зогсож байтал гаднаас нөгөө согтуу зүс таних залуу гүйж орж  ирээд миний нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би хойшоо болсон. Тэгээд гараад явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Намайг цохисон залууг сайн танихгүй. Урьд нь харж байсан. Харин сайн танихгүй. Гэр нь манай дэлгүүрийн ойрхон байдаг юм байна лээ. ... Гараараа ам хэсэг рүү хоёр удаа цохисон. Намайг ямар шалтгаанаар цохисон талаар мэдэхгүй байна. Тэр хүнтэй би хэрүүл маргаан хийгээгүй. Эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна. Маш их гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10464 дугаартай:

          “1. Д.Н-гийн биед уруулд нь няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод гурван шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэдэх боломжтой.

          3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          6. Дээрх гэмтлийг авсан хүн биеэ даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

          7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

          Хохирогч Д.Н-гаас гаргаж өгсөн нэг ширхэг саарал өнгийн “Од бичлэг” гэсэн бичиглэлтэй диск”-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол. /хэргийн 25 дугаар хуудас/

          Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай “... эхнээс нь явуулахад цагаан өнгийн хөлдөөгчний цаана цэнхэр өнгийн халаадтай хохирогч Д.Н- байх бөгөөд цаашаа харсан ягаан өнгийн судалтай цамцтай залуу зогсож байх бөгөөд хохирогч Д.Н- цэнэглэж байсан гар утсаа авч гар утсаар ярингаа хоорондоо юм ярьж байв. Удалгүй гаднаас эмэгтэй хүн орж ирж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байв. Тэр үед хохирогч Д.Н- нь судалтай цагаан цамцтай залуутай юм ярьж байх бөгөөд орж ирсэн эмэгтэй хүн хөргөгч уудлан юм худалдаж авах гэж хөргөгч онгойлгож үзэж байв.

          ... Энэ үед хохирогч Д.Н- гаднаас орж ирсэн эмэгтэй хүнд хөргөгчнөөс ууттай цагаан өнгийн зүйл лангуун дээрээ тавих үед гаднаас судалтай цагаан өнгийн цамцтай хүн эргэж орж ирэв. Худалдагч хийж байгаа хохирогч Д.Н- руу дайран эрүү хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиж байх үед хохирогч Д.Н- нь хойш болов. Тэр үед судалтай цагаан өнгийн цамцтай залуу лангуун дээр байсан ууттай цагаан зүйлийг авч хохирогч Д.Н- руу авч шидчихээд гараад явав. Ингэснээр хяналтын камерын бичлэг дуусав. ...” тэмдэглэл. /хэргийн 26-30 дугаар хуудас/

          С.О-ын яллагдагчаар өгсөн “Би Д.Н-гийн  биед халдаж цохисон асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Д.Н-гийн эмчилгээний зардлыг барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Н-гийн мэдүүлэг, /хэргийн 11-12, 71-72 дугаар хуудас/ Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хэргийн 26-30 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10464 дугаартай, /хэргийн 20 дугаар хуудас/  С.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч С.О- “утас цэнэглэж өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн Д.Н-гийн нүүрэн тус газар нь цохиж биед  уруулд нь няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод гурван шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон.

Шүүгдэгч С.О-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд  шүүгдэгчийг уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Н- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 545.000 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.О- нь хохирогчид 95.000 төлсөн бөгөөд  үлдэгдэл шүдний эмчилгээ хийлгэсэн 450.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8000 төгрөг нийт 458.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч С.О-ын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,  шүүх цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ынО-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  С.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, С.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.О-аас 458.000 /дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дугаар хэсэг ... дугаар байр ... тоотод оршин суух Вовогт Д-ийн Н-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ