| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00559/И |
| Дугаар | 559 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 559
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал 5-213 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, Лүндэгийнхэн овгийн Мөнхдоржийн Насанхандын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нишинжав, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Насанханд шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Нэгдэл дундын үйлдвэрийн рамын цехэд ачигчаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нишинжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Насанханд ачигч хийж байсан гэдэг нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй боловч ажлаас гарсан тушаал дээр нь грушик хийж байсан гэж бичигдсэн байгаа. Хөдөлмөрийн дэвтэрт ачигчаар ажиллаж байсан гэдэг нь бичигдээгүй болохоор хүнд нөхцөлд ажиллаж байсанд орохгүй болоод байна. Иймд М.Насанхандыг ачигчаар ажиллаж байсан жилийг тодруулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Насанханд нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч М.Насанханд нь 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Нэгдэл дундын үйлдвэрийн рамын цехэд ажилтнааражиллаж байсан болох нь 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот тушаал, 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 65 тоот тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 30 тоот тушаал, 1988 оны 09 сарын Рамын цехийн ажилчдын цалингийн жагсаалт, Нэгдэл дундын үйлдвэрийн 1988 оны 08 дугаар сарын ээлжийн амралтын хуваарь, гэрч Г.Ёндонжамц, Г.Болдбаатар, А.Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.
М.Насанхандыг 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Нэгдэл дундын үйлдвэрийн рамын цехэд ачигчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, 1988 оны 09 сарын Рамын цехийн ажилчдын цалингийн жагсаалтад М.Насанхандыг рамчин гэж тэмдэглэсэн байх тул хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЛүндэгийнхэн овгийн Мөнхдоржийн Насанхандыг 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Нэгдэл дундын үйлдвэрийн рамын цехэд грушикээр, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Нэгдэл дундын үйлдвэрийн рамын цехэд рамчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА