Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 918

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Ц.Батзориг,

шүүгдэгч Ө.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ө-ийн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905037491067 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл Урлагийн их сургуулийн оюутан, ам бүл 1, ...... аймаг ......... сум ...... баг ..... оршин суух бүртгэлтэй, ........... дүүргийн ... дүгээр хороо .. дугаар байр ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ө-ийн А-.

 

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.А- нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 1000 нэрийн барааны дэлгүүрийн урд талд иргэн М.А-ийны нүүр хэсэгт гараараа цохиж зүүн нүдний салстын цус хуралт, зовхины цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Ө.А- нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 1000 нэрийн барааны дэлгүүрийн урд талд иргэн М.А-ийны нүүр хэсэгт гараараа цохиж зүүн нүдний салстын цус хуралт, зовхины цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч М.А-ийны “Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг 45 минутанд өөрийн ажил болох MMCG нэртэй судалгааны компаниас гараад зүүн 4 замаас гэртээ харих гээд тэр хавиас такси бариад Монголын үндэсний их сургуулийн урд буюу Гандангийн хойд талын автобусны буудал дээр таксинаас буугаад хорооллын замаар алхсан юм. Би ганцаараа алхаад 1000 нэрийн барааны урдуур алхаад найз Хадбаатартай утсаар ярьж явж байтал өөдөөс үл таних залуучууд гарч  ирснээ нэг залуу нь албаар хүрч ирж мөрлөн маргаан үүсгэн чи яагаад зүгээр явж чадахгүй мөрлөөд байгаа юм гээд хэлэхэд би цаашаа хараад зүгээр явах гэтэл араас нэг найз гэлтэй залуу хүрч  ирээд чи яагаад манай найзыг мөрлөөд байгаа юм бэ гэж орж ирээд шууд нүүрэн тус газар луу нилээн хэд цохиод би харааны шил зүүж явж байсан болохоор миний харааны шил хүртэл хагараад газар унаад намайг хоёр нь зодож байгаад нөгөө мөрлөсөн залуу дахиж ирж намайг миний нүүрэн тус газар цохиход миний хамарнаас цус гарсан юм. Тэгээд цусаа бариад дээшээ босоход газарт байсан миний гар утсыг нэг залуу нь шууд халаасандаа хийгээд бөөндөө цаашаагаа явчихсан юм.

... Миний хамар хавдчихсан. Зүүн нүд цус хураад долир болчихсон юм. Тэгээд энгийн хардаг байсан нүд маань өглөө нь долир болчихоор нь их айсан юм. Тэгээд маргааш нь шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

“... Тэр үед би харааны нүдний шил зүүчихсэн явж байсан болохоор намайг цохисон залуугийн нэг удаагийн цохилтонд миний нүдний шилний зүүн талын шил нь хагарсан бөгөөд тэр цохилтонд нь миний зүүн нүд болон зовхинд гэмтэл учирсан. Харин дараа нь анх намайг мөрлөдөг залуу миний хамар орчим нэг удаа цохисноос болж миний хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байгаа. Харин намайг мөрлөөд хамарт цохисон залуу болон нүд рүү цохисон залуугаас бусад нь хоёр найзыгаа салгасан бөгөөд тэр үед миний газар унасан гар утсыг тэдгээр залуучуудын нэг нь аваад явсан.

... Миний биед учирсан болон эвдэрсэн эд зүйлийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96-97 дугаар хуудас/

 

Гэрч Г.Ганбаатарын “... 1000 нэрийн барааны ойролцоо нэг залуу явж байгаад манай найз Эрдэнэсүхийг мөрлөөд өнгөрөхөөр нь манай найз Алтангэрэл чи замаа хараад яваач гээд А- замаа харж яв гээд манай найзыг мөрлөсөн залууг А- нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадаад, дахиад алгадах гэхээр нь Эрдэнэсүх Алтанбаганыг болиулаад цаашаа бид нар яваад Эх нялхаст байрлах Ууганбатынд бүгдээрээ очоод байж байтал Алтангэрэл та нар гар утсаа унагаасан уу гээд Samsung маркийн гар утас гаргаж ирээд үзүүлээд манай найзууд утсаа унагаагүй бид нарын утас биш гээд бид Ууганбатынхаас гэр гэрлүүгээ явцгаагаад би Ууганбатынд үлдээд унтаж амарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Тогтохбазарын “2019 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчим би Алтангэрэл, Эрдэнэсүх, Ганбаатар, А-, Ууганбат, Баянмөнх нарын хамт Баянмөнхийн төрсөн өдөр болоод Москва рестораны автобусны буудлын замын эсрэг талд байрлах караокед орж дуулж байгаад 23 цагийн орчим гарцгаагаад Баянмөнх гэр лүүгээ түрүүлээд явчихсан юм. Бид зургаа үлдээд 1000 нэрийн барааны дэлгүүр урд явж байгаад 22 орчим насны нэг эрэгтэй хүн бид нарын өөдөөс гар утсаар яриад явж байгаад Эрдэнэсүхийг мөрлөөд гарахдаа бид нар маргаан үүсгэсэн юмаа. А- тэр залууг баруун гараараа нүүр лүү нь алгадахаар нь бид нар салгаад яваад өгсөн юмаа.

... Бид нар нээх согтсон зүйл байхгүй. Бид нартай маргалдсан хүн утсаар ярьчихсан гуйваад ирж байсан ба Эрдэнэсүхтэй мөрөөрөө шүргэлцээд  зам харж явахад яадаг юм гээд маргаан үүсгэсэн юмаа. Зодолдож цохилцсон асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Ууганбатын “... Тэр караокеноос 23 цаг өнгөрч байхад бид 6 гараад ертөнцийн зүгээр зүүн буюу Гандан руу алхсан юм. Тэгээд 100 нэрийн барааны өмнө явж байсан чинь Эрдэнэсүх хохирогч залууг мөрлөсөн юм. Тэгсэн Алтангэрэл нөгөө залууд хандаж замаа хараач гэсэн ба ард явж байсан А- хүрч ирээд алгадчих шиг болсон ба нэг шил, утас хоёр тухайн залуугаас уначих шиг болсон. А- тухайн залууг ахиад өшиглөх гэсэн чинь Эрдэнэсүх Алтанбаганыг салгаад бид хэд цаашаагаа яваад манайд очоод салцгаасан.

... Би нэг ч гар хүрээгүй. Манайхаас ганцхан А- тухайн залууг цохисон. Гар утсыг нь Алтангэрэл газар уначихсан байхаар нь авсан байна лээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Алтангэрэлийн “... бид зургаа алхаад явж байтад Эрдэнэсүх нэг залуутай мөрөөрөө мөргөлдөөд хоорондоо муудалцахад манай найз А- нь нүүр лүү нь хоёр удаа алгадаад бужигнаад явахаар нь газарт нэг гар утас уначихсан байхаар нь би  тэр гар утсыг нь манай найз нарын гар утас байх гэж бодоод халаасандаа хийсэн юм. Тэгээд дараа нь бид зургаа муудалцсан гэх залуугаас зугтаж хойшоогоо Эх нялхас тийшээ найз Ууганбатын гэрийн зүг рүү яваад найзындаа бөөнөөрөө очоод тэндээсээ гэр гэрлүүгээ харьцгаасан юм. Тэгээд би найз Ууганбатынд очоод энэ хэний гар утас вэ гэж найзуудаасаа асуухад бүгд мэдэхгүй түрүүний муудалцсан гэх залуугийнх юм биш үү гээд манай найз нар хэлэхээр нь мэдсэн юм. Тэгээд дараа нь бид нар цагдаагийн байгууллагад баригдаж цагдаа дээр ирцгээн болсон процессыг ярьсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11518 дугаартай:

“1. Э.А-ийн-н биед зүүн нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 42 дугаар хуудас/

 

Шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Тухайн №1158 дугаартай дүгнэлт нь Мөнх-Эрдэнийн Атарбаяр гэх хүнд үзлэг хийн дүгнэлтийг гаргасан байгаа. Үзүүлэгч М.А-ийны биед учирсан зүүн нүдний салстын цус харвалт зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн гэмтэл байна. Хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мөн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 91-92 дугаар хуудас/

 

Ө.Алтанбаганы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би тухайн хэрэг болдог өдөр хохирогч залууг манай найзтай мөрөөрөө мөргөөд гарсанд архи уусан асуудалдаа болоод марган биед нь халдсандаа маш их харамсаж байна. Би өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлан, маш их гэмшиж байгаа бөгөөд хохирогч залууд хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-76 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ө.Алтанбаганы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч М.А-ийн “...Бид нарын хооронд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт /хэргийн 111 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ө.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ө.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө-ийн Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Алтанбаганыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ө.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Ө.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                А.АЛТАНХУЯГ