| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00560/И |
| Дугаар | 560 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 560
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 24-20 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Чонун овгийн Батмөнхийн Уламбаярын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Уламбаяр, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Уламбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зам барилга ашиглалтын ангид хүнд механизмын жолоочоор ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Уламбаяр “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.
Б.Уламбаяр нь Өвөрхангай аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 605 тоот лавлагаа, Авто замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын ангийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 45 тоот тушаал, зам барилга ашиглалтын ангийн даргын тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол улсын тэргүүний замчин тэмдгийн үнэмлэх, 1989 онй 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон баярын бичиг, 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон талархалын бичиг, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгсон эрхийн бичгийн хуулбар, гэрч Н.Энхжаргал, Г.Мягмар, Д.Сэмжид нарын мэдүүлэг зэрэгбичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.
Авто замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын ангийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 45 тоот тушаалд хүсэлт гаргагчийг замчнаар томилсон байх ба хүсэлт гаргагчийг дээрх хугацаанд хүнд маханизмын жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЧонун овгийн Батмөнхийн Уламбаярыг 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зам барилга ашиглалтын ангид ажиллаж байсанболохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА