Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 926

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч У.Ө- түүний өмгөөлөгч Н.Жамъян,

шүүгдэгч Х.Х- түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Е овогт Х-ынХ-, М овогт У-ынӨ- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905024860854 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн техник хангамж мэргэжилтэй, .............. программист ажилтай, ам бүл 3, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар хороолол ...... дугаар байр ..  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Е овогт Х-ынХ-.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Илчит тэрэгний машинист мэргэжилтэй,  ...... ажилтай, ам бүл 4, Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт У-ынӨ-.

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч У.Ө- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ниппон зочид буудалд  иргэн Х.Х-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Х.Х-ий биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Х- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө  Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Ө-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдсаны улмаас У.Ө-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  У.Ө- мэдүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө Улаанбаатар төмөр замын сагсан бөмбөгийн тэмцээн дээрээс тараад найз Төмөрхуяг руу утсаар холбоо барихад “10 дугаар хорооллын энд буудалд байна хүрээд ир” гэж хэлсэн. Би хорооллоос нэг шил архи аваад тухайн буудалд орчсон. Би Анхбаяртай маргалдаж байхад Х- дундуур орж ирээд салгаж байхад нь би Х-ийг цохиж хөмсгийг нь сэтэлсэн нь миний буруу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би найзынхаа төрсөн өдөр дээр байж байхад Анхбаяр, Ө- хоёр маргаад байхаар нь би дундуур нь орж салгахад Ө- намайг цохиж хөмсгийг минь сэтэлсэн. Би Ө-ыг гараад явсны дараа араас нь гарч хэрүүл маргаан хийсэн нь миний буруу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор  У.Ө- мэдүүлэхдээ: “ 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас найз Х-тэй маргалдсан. Би ажилгүй байсан хугацаандаа нийтдээ 2.818.622 төгрөг, мөн эмчилгээний төлбөрт 170.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны өмнө найз Х- өөрөө сайн дураараа миний нэхэмжилсэн хохирол төлбөрийг надад өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор  Х.Х- мэдүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр найзынхаа төрсөн өдөр дээр багын найзуудтайгаа архи уусан. Тухайн өдөр би Ө-тай маргалдахад намайг цохисон. Тэрнээс болж миний хөмсөг сэтэрсэн. Надад гомдол санал байхгүй” гэв.

 

          Шүүгдэгч У.Ө- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ниппон зочид буудалд  иргэн Х.Х-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Х.Х-ий биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хохирогч Х.Х-ий “2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед багийн найз Анхбаяр, Төмөрхуяг, Атарсайхан, Заяабаатар бид 4 уулзаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ниппон нэртэй зочид буудалд орж 0,75 литрийн 2 шил архи уусан. 00 цагийн үед Ө- Төмөрхуягтай утсаар ярьж байгаад ирэхдээ 0,75 литрийн  1 шил архи барьчихсан нилээн согтуу орж ирээд хүн болгоныг пизда наахуугаар дуудаад агсамнаад байсан. Би харьлаа, өглөө эрт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө гээд Атарсайхантай гар бариад ширээгээ тойроод Ө-ын урдуур гарах гэтэл миний гарнаас доош нь татаад урд талынхаа сандал дээр суулгаад “чи эзнийг нь голоод байна уу, архийг нь голоод байна уу, уу пизда минь” гэхээр нь би “уухгүй явлаа” гэтэл шууд миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохитол хөмсөг сэтрээд цус гарсан. Би нүдээ дараад өвдгөн дээрээ сөхрөөд сууж байхад Атарсайхан намайг түшиж босгоод бие засах өрөө рүү орж цусаа угааж байхад Ө- намайг ална, тална, гараад ир гээд орилж байгаад гараад явсан. Би цусаа угаачихаад гартал Төмөрхуяг, Ө- хоёр Ниппон зочид буудлын урд талын зам дээр зогсож байхаар нь очоод яаж байгаа юм гэтэл урдаас агсраад би хоёр маргаад хоорондоо барьцалдаад автал Төмөрхуяг, Анхбаяр нар салгасан. Би буцаад буудал руугаа ороход Атарсайхан байсан. Араас удалгүй Анхбаяр орж ирсэн. Анхбаярын араас Төмөрхуяг орж ирсэн. Атарсайхан уухгүй явлаа гээд гараад явсан. Анхбаяр, Төмөрхуяг бид гурав ууж байтал 04 цагийн үед цагдаа ирээд Анхбаярыг эрүүлжүүлэх рүү авч явсан. Заяабаатар тасарчихсан унтаж байсан.

          ... Ө- миний зүүн талын хөмсгөн дээр гараараа нэг удаа цохиж гэмтлийг учруулсан.

          ... Би бол ямар нэг эмчилгээ хийлгээгүй аяндаа өөрөө эдгэсэн. Тухайн үед толгой өвдөөд байхаар нь бариачид 3 удаа 20.000 төгрөгөөр нийт 60.000 төгрөгөөр бариулсан. ...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 21 дүгээр хуудас/

          Гэрч Я.Атарсайханы “... Намайг орж ирсэнээс 30 гаруй минутын дараа хэн нь Ө-ыг дуудсаныг мэдэхгүй байна. Манай арван жилийн найз Ө- ороод ирсэн. Ө- орж ирэхдээ нилээн согтуу байсан. Орж ирчихээд согтуурхаад том том юм яриад байсан. Ө-ын юу ярьж байгааг ч тоож байгаа хүн байгаагүй. Х- шөнө 02 цагийн орчимд явлаа гэхэд Ө- намайг чи голоод байна уу, архийг нь голоод байна уу гээд татаад хажуудаа суулгасан. Х-, Ө-т би өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө, явахгүй бол болохгүй гэсэн. Тэгтэл Ө- Х-ий нүүр лүү цохисон. Х-ий хөмсөг сэтэрчих шиг болсон. Энэ үед Анхбаяр босож ирээд Ө-ыг яаж байгаа юм бэ гэж хэлээд түлхсэн чинь Ө- зөрүүлээд Анхбаярын нүд рүү 1 удаа цохисон. Тэр хоёр муудалцах гээд Анхбаяр Ө- руу дайрахад нь би Анхбаярыг бариад авсан. Ө-ын буудлын өрөөнөөс гараад явсан. Би бие засах өрөө ороод Х-ий цусыг нь угаалцсан. Бие засах өрөөнөөс гараад ирсэн чинь Төмөрхуяг, Ө- хоёр гараад байхгүй байсан. Анхбаяр гаднаас орж ирсэн чинь Заяабаатар унтаж байсан. Би ширээн дээр цус болсон байсныг цэвэрлэчихээд харилаа гэж хэлээд явсан. Намайг явсанаас хойш юу болсоныг мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

          “... Ө- Х-ий мөрөн дээр наашаа суучих гээд зөөлөн цохитол Х- боль гээд Ө-ын цээж рүү түлхтэл Ө- өндийж босоод Х-ий зүүн талын хөмсөг рүү гараараа нэг удаа цохитол Анхбаяр хажуунаас нь яаж байгаа юм гээд Ө-ыг түлхтэл Ө- Анхбаярын нүд рүү бас цохичихсон. Анхбаяр Ө-ыг дайраад цохих гээд байхаар нь би Анхбаярыг араас нь татаад хажуудаа суулгатал Ө- гараад явчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 106-107 дугаар хуудас/

          Гэрч У.Төмөрхуягийн “... Утсаар ярьсанаас 30 орчим минутын дараа Ө- архи уучихсан нилээн халсан ирсэн. Ө- ирэхдээ төрсөн өдрийн юм гээд нэг шил архитай ирсэн. Ө-ын авчирсан архийг нь задлаад дөнгөж уутал Х-, Ө- нар хоорондоо маргалдсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Ө- Х-ийг заамдаж  байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон. Энэ үед Анхбаяр бид хоёр Х-, Ө- нарыг салгаж байх үед Х- Анхбаярыг зүүн нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хэдийг салгатал Ө- буудлын өрөөнөөс гараад явсан. Удалгүй би Ө-ын араас гарч очоод Ө-тай уулзаад юм яриад зогсож байтал Х- буудлаас гарч ирээд Ө-, Х- хоёр дахиад хоорондоо маргалдсан. Х-ийг гарч ирсэний дараа Анхбаяр гарч ирсэн. Х- Ө- нар хоорондоо маргалдаж байтал Ө- зугтаагаад хойд зүг чигтээ гүйхэд Х- хойноос нь хөөгөөд гүйсэн нь би буцаад буудал руу Анхбаяртай хамт орсон. Буудалд буцаад ороход Заяабаатар унтаж байсан. Атарсайхан сууж байсан. Намайг буудалд орж ирсэнээс хойш 10 орчим минутын дараа Х- ороод ирсэн. Тэгээд бид хэд архи уугаад сууж байтал буудлын өрөөнд гаднаас цагдаа орж ирээд Анхбаяр, Х- хоёр байна уу гэсэн. Тэгээд Анхбаярыг аваад явсан.

          ... Х-ий хөмсөг нь сэтрээд цус гоожсон. ... Ө- буудлаас гараад хойд зүгт буюу Кёкүшюү цамхаг чигтээ гүйсэн. Араас нь Х- хөөгөөд гүйсэн. Анхбаяр бид хоёр буцаад буудал руу орсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-29 дүгээр хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7628 дугаартай:

          “...1. Х.Х--н биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч Х.Х- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө  Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Ө-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдсаны улмаас У.Ө-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хохирогч У.Ө-ын “2019 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө арван жилийн найз Төмөрхуяг руу хаана байгаан гээд утсаар яриад Хермес төвийн зүүн талын Ниппон гээд зочид буудалд очсон. Ниппон зочид буудлын 23 тоот өрөөнд шөнө 02 цагийн орчимд яваад ортол Анхбаяр, Хөхдэй, Төмөрхуяг, Заяабаатар  гээд хүмүүс байсан. Би ороод бүгдэнтэй нь мэндэлсэн. Би буудлын өрөөнд ороод эхнэр төрөх гэж байгаа би уухгүй, та нар уу гээд юм яриад сууж байтал Анхбаяр гээд залуу надад хандаж танай эмэгтэй дүү Солонго бид хоёрыг үерхэж байхад чи бид хоёрын голоор орж салгасан гэж юм ярьсан. Энэ үед Хөхдэй дундуур нь орж чи манай найзыг яагаад байгаан гэж надад хэлэхээр нь энэ би байх ёстой газар биш байна гэж хэлээд буудлын өрөөнөөс гараад явсан. Намайг буудлаас гараад явж байхад манай найз Төмөрхуяг гарч ирээд найз нь муудалцана гэж бодоогүй дуудчихлаа гэхээр нь би зүгээрээ наадуул чинь согтуу байна гэж хэлээд зогсож байтал байшингийн харанхуй булангаас тэнд байна ш дээ гээд хүн орилохоор нь би Х-, Анхбаяр хоёрыг юм байх гэж бодоод зугтаасан. Би зугтаад Кёкүшюү цамхаг өнгөрөөд Жэм молл дэлгүүрийн хажууд явж байтал ард юм дугарах шиг болоод миний дагз руу нэг зүйл маш хүчтэй цохиод би газар унасан. Би газар унаад нүүрээ хамгаалаад хоёр гараараа дартал хүмүүс миний дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Энэ үед миний ухаан балартаад хэсэгхэн зуур юу болсоныг мэдээгүй ухаан ортол 103 болон цагдаа ирсэн байсан. Би ах Ууганбаяр луу залгаж байгаа газраа зааж өгсөн. Ах маань удалгүй ирсэн. Ууганбаяр ах бид хоёр Гэмтлийн эмнэлэг орж би толгойндоо 3 оёдол тавиулсан. Миний зүүн гарын ядам хуруу чигчий хурууны савхан яс хугарсан байсан. Тухайн үед Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зүүн талын хавирга хөндүүртэй байсан талаараа хэлэхэд хавдрыг нь буулгаж байгаад үзүүлээрэй гэсэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төмөр замын нийгэмлэгийн эмнэлэгт үзүүлтэл зүүн талын чинь 8 дахь хавирга хугарсан байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгээс гарахад манай ах Ууганбаяр чамайг зодсон хүмүүсийнхээ дугаарыг нь өгчих гэхээр нь би Төмөрхуягийн дугаарыг өгсөн чинь ах Төмөрхуяг руу залгасан чинь Төмөрхуяг одоо гэрт чинь очлоо гэсэн. Тэгээд гэрийнхээ гадаа ирэхэд Төмөрхуяг, Х-, Болдоо гэж залуу энэ гурав ирсэн байсан. Болдоо надад Анхбаярыг цагдаа ирээд аваад явчихлаа чи очоод гомдолгүй гэж хэлээд гаргаад өгөөч гэхээр нь би Х- рүү чи яах гэж хүний араас ингэж цохиж байгаан гэхэд уучлаарай хөгшөөн гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

          “... Эргээд харах гэтэл дагзны ар хэсэгт хатуу юмаар цохиход би урагшаа газар унасан. Тэгтэл толгой дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Би гараараа нүүрээ дарж хаахад гар луу өшиглөөд байсан. Ямар овоо хол зугтаадаг пизда вэ гээд Х-ий дуу  гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

          Гэрч У.Ууганбаярын “2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шөнө 03 цаг өнгөрч байхад манай дүү Ө- над руу залгаад Жэм молл дэлгүүрийн үүдэнд толгойгоо хагалаад зодуулчихлаа гэхээр нь би яваад очтол манай  дүү толгойгоо хагалуулчихсан байсан. Намайг очиход хоёр цагдаа ирсэн байсан. Цагдаа нар надаас өөрийн чинь  дүү юу гэж асуусан. Би дүүгээсээ юу болсон талаар асуухад Хөхдэй, Анхбаяр хоёр намайг зодчихлоо гэсэн. Ингээд зогсож байтал 103 ирээд манай дүү Ө-ын толгойг үзээд оёдол тавиулах шаардлагатай гээд Гэмтлийн эмнэлэг аваад явсан. Гэмтэл орж толгойнд нь оёдол тавиулсан. Гарынх нь зургийг нь авхуулсан чинь чигчий хуруу нь хугарсан байна, гипс тавиул гээд гипсдүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

          Гэрч У.Төмөрхуягийн “... Тэгээд бид хэд буудалд байж байтал Ө- над руу яриад би Гэмтлийн эмнэлэг ороод боолт  хийлгэчихлээ, одоо гэр лүүгээ орох гэж байна гэхээр нь би Ө-ын ах Ууганбаяртай утсаар яриад байж байгаарай одоо очлоо гээд Х- бид хоёр Ө-ын гэрийн гадаа очсон. Ө-ын гэрийн гадаа очсон чинь Ууганбаяр уурлаад бид нарыг загнаад байсан. Ө- Х-ийг чи намайг яаж байгаан бэ гэхэд Х- уучлаарай хөгшөөн гээд байсан. Тэгтэл Ө-ын ах нь ярих юм байхгүй ээ гээд Ө-ыг дагуулаад гэр лүүгээ орсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-29 дүгээр хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6919 дугаартай:

          “1.У.Ө-ын биед тархи доргилт, зүүн 8-н хавирганы хугарал, дагзны хуйхны шарх, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд буюу 2019.05.24-нд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч У.Ө- нь Х.Х-ийг “Ниппон” зочид буудалд нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан, үүний дараа У.Ө-ыг гараад явж байхад нь Х.Х- араас хөөж очоод зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгч У.Ө-, Х.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Х-, У.Ө- нар нь харилцан бие биенийгээ зодож гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн  санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Х.Х- нь хохирогч У.Ө-т нийт 2.988.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчоос уг мөнгийг хүлээн авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Х.Х-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Х.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн талаарх нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд харин уг гэмтлийн улмаас хараа муудсан тул 150.000 төгрөгийн үнэтэй нүдний шил авсан мөнгөө нэхэмжилж байна гэжээ.

Хохирогч Х.Х-ий нэхэмжилсэн 150.000 төгрөгний үнэтэй нүдний шилний талаарх баримт байхгүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй тул тэрээр нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хор уршигийг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч У.Ө-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Х.Х-, У.Ө- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е овогт Х-ынХ-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

М овогт У-ынӨ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х-ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

У.Ө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Х.Х-, У.Ө- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Х.Х-, У.Ө- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Х.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Х-, У.Ө- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ