Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 1

 

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 125/ШШ2018/0001

Ховд аймаг

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ  БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн Б.Н-ийн Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дуут сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар Хөхбэлчир багийн Марцад Ханхайн амны хашаа, хаваржааны 250 кв метр газрыг надад 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэтэл Хөхбэлчир багийн Засаг дарга Э.Хишигтөмөр нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр багийн Иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар хуралдуулж, миний эзэмшлийн газрын багийн төвийн өмчлөл шилжүүлсэн нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Хөхбэлчир багийн Иргэдийн нийтийн хурлыг тухайн хурлын дарга даргалагаагүй, хурлын ирц хүрээгүй, хурлын тогтоол хуралд оролцогчдын олонхийн саналыг аваагүй, хурлын дарга тогтоолд гарын үсэг зураагүй байна. Иймд уг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасна тайлбартаа: Б.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хөхбэлчир багийн ИНХ 2017 оны 11 сарын 15-ны өдөр хуралдсан. Тус хуралдаанаар олон асуудал хэлэлцсэний нэг нь багийн төвийн хажуу дахь голын хашааг Н-д өгөх эсэх, багийн төвийн өмчлөлд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Багийн хурлаар уг хашааны талаар санал хурааж багийн төвийн өмчлөлд бүртгэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолыг ёсчлон гарын үсэг зурж тамга даралгүйгээр миний бие өөрийн идэш хийхээр тэр өдөр явсан. 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоол дээр зурагдсан гарын үсэг минийх биш тул уг тогтоолыг хүчингүй болгоно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолыг хүчингүй болгохоо бичгээр илэрхийлэн маргаанаа дуусгавар  болгож байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Иргэдийн нийтийн хуралд холбогдох “Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн Иргэдийн нийтийн хурлаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ