Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 117/2021/0041/З |
Дугаар | 221/МА2021/0370 |
Огноо | 2021-07-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2021/0370
М.Цгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар шийдвэртэй, М.Цгийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б98 дугаартай “сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газраас 1306392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цд “РД:ЗИ71121802 олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчаас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:
“... Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 тоот “М.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар “М.Ц нь албан тушаалын тодорхойлолт болон 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан аймгийн гадаад харилцааны бодлогыг төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг удирдах, зохион байгуулах чиг үүргээ үл биелүүлж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот хоорондын 2019 онд байгуулсан “Харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаагүй, тайлагнаагүй ажлын хариуцлага алдаж тус хоттой Найрамдалт харилцаа тогтоох томоохон арга хэмжээг тасалдуулсан, хугацаа алдсан ноцтой зөрчил, дутагдал гаргасан тул албан тушаалын цалингийн хэмжээг 6 сараар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан”.
“Дундговь аймаг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө Засах орны Баяннуур хот хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд байгууллага хоорондын гэрээний бүртгэлийн дугаар “2019/07/10”-т бүртгэгдсэн албаны ёсны, хүчин төгөлдөр баримт бичиг юм. Энэхүү Санамж бичиг болон Гадаад харилцааны яамны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 09/4641 тоот “Баримт бичиг бүртгэсэн тухай” албан бичгээр хүлээлгэсэн үүрэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 57 дугаар тогтоолын хавсралт “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-ын 6.2-т “Байгууллага бүр тухайн жилд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг /гэрээний дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүн/ дараа жилийн эхний улиралд багтаан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалт, үүргийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, дарга нь ажлын байрны тодорхойлолтын хувьд хэрэгжүүлж ажиллах ёстой байсан боловч хэрэгжүүлээгүй болох нь нотлогдсон.
Учир нь М.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 21-нээс хойш Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаа бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилт хэсгийн 5-д “гадаад“ гадаад харилцааны бодлогыг төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулах, 5-р зорилтын хүрээнд гадаад харилцаа хамтын ажиллагааны бодлогыг төлөвлөх, боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангах, гадаадын болон олон улсын байгууллагатай хамтарч ажиллах, үйл ажиллагааг удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавьснаар гадаад хамтын ажиллагаа өргөжсөн байна” гэж заасан.
Гэтэл М.Цд сахилгын арга хэмжээ авах үндэслэл болсон “БНХАУ- ын ӨМӨЗО-ны Баяннуур хот хоорондын 2019 онд байгуулсан “Харилцан ойлголцлын Санамж бичиг’’-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаагүй, тайлагнаагүй” нь хавтаст хэргийн материалд авагдсан Гадаад харилцааны яамны 2020.10.14-ний өдрийн 09/4705 тоот “Тайлан ирүүлээгүй гэх” албан бичгээр баримтаар нотлогдож байхад шүүх “нэхэмжлэгч М.Ц аймгийн 2019 онд гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажил болон Санамж бичгийн 2019 оны 7 дугаар сараас хойших хугацааны тайланг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр и-мэйлээр хүргүүлсэн гэх тайлбарыг үндэслэж тушаалын үндэслэлийг няцааж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. М.Цгийн тайлбар нь нотлох баримт болохгүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 11-нд энэхүү Санамж бичгийн хэрэгжилтийн тайланг хүргүүлсэн болох нь нотлогдоогүй. Ийм байхад шүүх үнэлэх ёсгүй баримтыг үнэлж, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн.
Энэхүү “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, Байгууллага хоорондын гэрээ байгуулах журмын 8.1.1-8.1.4-т заасан холбогдох баримт, гэрээний төслийн талаар хэлэлцээ хийсэн уулзалтуудын тэмдэглэл, бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүнгийн тайланг Гадаад харилцааны яаманд хүргүүлэх үүрэг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалтан болох М.Цд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хүрээнд хариуцуулсан ажил бөгөөд үүнийг М.Ц хэрэгжүүлээгүйгээс холбогдох баримтыг бид Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дугаар 21-ний өдрийн 2/616 тоот албан бичгээр шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Гаргаж өгөх материал байгаагүй. Холбогдох материал байхгүй байгаа нь М.Цгийн буруутай үйл ажиллагаатай холбоотой юм. Шүүх үүнд дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийг буруутгаж, мөн нэхэмжлэгчийн ажиллах нөхцөлийг хангахгүй байсан мэтээр аман тайлбарт үндэслэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн тул Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 27-ны өдрийн 117/ШШ2021/0053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Цгаас “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, 2020 оны 10,11,12 дугаар сарын цалингийн 20% болох 653,196 төгрөг, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн 20% болох 653,196 төгрөг, нийт 1,306,392 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10-р сарын 27-ны өдрийн Б/98 тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.3, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албан зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.5.2, 1.6, 5.1 дэх заалт, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 09/4705 тоот албан бичиг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 4.6 дахь хэсгийн 1, 3, 5 дахь заалтыг үндэслэн “албан тушаалын тодорхойлолт болон 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан аймгийн гадаад харилцааны бодлогыг төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг удирдах, зохион байгуулах чиг үүргээ үл биелүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот хоорондын 2019 онд байгуулсан “Харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаагүй, тайлагнаагүй, Найрамдалт харилцаа тогтоох томоохон арга хэмжээг тасалдуулсан, хугацаа алдсан ноцтой зөрчил, дутагдал гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.Цд албан тушаалын цалингийн хэмжээг 6 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хот болон Монгол Улсын Дундговь аймаг хоорондын “Харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг[2] 2019 оны 07 дугаар сард байгуулж, уг Санамж бичгийг Гадаад харилцааны яаманд бүртгүүлэхээр хүргүүлсний дагуу Гадаад харилцааны яамнаас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 09/4611 дугаар албан бичгээр[3] байгууллага хоорондын гэрээний бүртгэлд бүртгэж, бүртгэлийн дугаар олгож, гэрээний хэрэгжилтийн тайланг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 57 дугаар тогтоолын хавсралтын 6.2-т заасны дагуу ирүүлэхийг сануулсан, уг албан бичигт Тамгын газрын даргаас нэхэмжлэгч М.Цд “Санамж бичигт гарын үсэг зурах уулзалтад оролцогчдын бэлтгэлийг хангах, тайланг хугацаанд хүргүүлэх” үүргийг[4] 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн, М.Ц нь Н.М-д мөн адил үүргийг өгчээ.
Уг Санамж бичгийн хэрэгжилтийн тайланг тусад нь бичиж Гадаад харилцааны яаманд хүргүүлээгүй харин Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны тайланд уг Санамж бичгийн хэрэгжилтийн талаар тусгаж Засгийн газрын 2017 оны 57 дугаар тогтоолын хавсралтын 6.2-т заасан буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хугацаанд хүргүүлсэнтэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлт[5] үндэслэлтэй.
Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлээ “Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09/4705 албан бичгийг үндэслэж нэхэмжлэгчийг Санамж бичгийн тайланг хугацаанд хүргүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны тайланд уг Санамж бичгийн хэрэгжилтийн талаар тусгаж Засгийн газрын 2017 оны 57 дугаар тогтоолын хавсралтын 6.2-т заасан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн байхад нэхэмжлэгчийг зохих байгууллагад гэрээний хэрэгжилтийн тайлан хүргүүлээгүй, цаашлаад тухайн Санамж бичигт дурдсан ажлыг зохион байгуулаагүй, найрамдалт харилцаа тогтоох томоохон арга хэмжээг нэхэмжлэгч тасалдуулсан, хугацааг алдуулсан гэж үзэхээргүй байна.
Дээрхээс гадна нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл болсон Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09/4705 албан бичигт[6] нэхэмжлэгчийг буруутгаж байгаа Санамж бичгийн хэрэгжилтийг зохион байгуулаагүй, тайлагнаагүй, арга хэмжээг тасалдуулсан, хугацаа алдсан үндэслэлээр гэрээний төслийг дэмжээгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин “Баяннуур хот Дундговь аймаг хоорондын харилцааг улам өргөжүүлэх гэрээний төслийг 2019 онд байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичгийн агуулгатай давхардсан, гэрээ байгуулах журмын заалтыг хангаагүй” гэсэн 2 үндэслэлээр гэрээний төслийг дэмжээгүй байх тул нэхэмжлэгчийг Санамж бичгийн хэрэгжилтийг зохион байгуулаагүй, арга хэмжээг тасалдуулсан, хугацаа алдсан үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09/4705 албан бичигт “Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүн тодорхойгүй байна” гэсэн нөхцөл байдалд нэхэмжлэгчээс “БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотод айлчилсан удаа дараагийн арга хэмжээнд оролцоогүй, оролцсон хүмүүс нь арга хэмжээний талаарх илтгэх хуудас, тайланг өгөөгүй, Санамж бичгийн хэрэгжилтийг ханган, тайланг гарган ажиллах боломжийг бүрдүүлээгүй” гэсэн тайлбарыг өгсөн байгаагаас үзэхэд үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын 2-т Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэгт албан тушаалын зорилгыг тодорхойлохдоо “...нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнана.” гэж заасан, харин тодорхойлолтод Дундговь аймгийг, аймгийн Засаг даргыг болон аймгийн Засаг даргын Тамгын газрыг төрийн бусад байгууллагатай харилцах харилцаанд төлөөлөх талаар заагаагүй байна.
Иймд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь Дундговь аймгийг, аймгийн Засаг даргыг болон аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхгүй тул түүнийг төрийн захиргааны төв байгууллагатай харилцаанд орж, Санамж бичгийн тайланг тогтоосон хугацаанд хүргүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байгааг мөн дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэсэн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулсан маргаан бүхий акт хуульд нийцээгүй улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэх зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ