Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 928

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.С- нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас М овогт Д-ийнС-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905024230874 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  мал малладаг гэх, ам бүл 2, эхийн хамт ........... дүүрэг ...... хороо .......... дугаар гудамж ...  тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, М овогт Д-ийнС-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.С- нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tedy-2” худалдааны төвийн 3 дугаар номерын лангуунаас Э.Болортуяагийн эзэмшилийн зарж байсан  “Samsung S-8, Samsung S-7 edge, LG G-6” загварын гар утаснуудыг хулгайлж 930.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.С- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.С- нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tedy-2” худалдааны төвийн 3 дугаар номерын лангуунаас Э.Болортуяагийн эзэмшилийн зарж байсан  “Samsung S-8, Samsung S-7 edge, LG G-6” загварын гар утаснуудыг хулгайлж 930.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.Болортуяагаас гаргаж өгсөн флаш дискэнд үзлэг хийсэн “...2019-05-27 09-00-00-09-20-59 цаг хугацаа бүхий бичлэгийг нээж оролцогч нарын хамтаар үзэхэд уг бичлэгт нийт 20 минут 59 секундын бичлэг байв. Цааш бичлэгийг үзэхэд гар утас худалдааны төвийн дотор талд байрлах гар утас засварын хэсэгт хар өнгийн саравчтай малгайтай, бараан өнгийн хувцас өмссөн, цагаан ултай пүүз өмссөн гэрч Д.С- нь 09 цаг 13 минут 21 секундэнд лангуун дээр ирээд буцаад цаашаа яваад өгч байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийг цааш үзэхэд ач холбогдолтой зүйл илрээгүй.

2019-05-27 09-00-00-09-20-59 цаг хугацаа бүхий бичлэгийг нээж оролцогч нарын хамтаар үзэхэд худалдааны төвийн лангуу түрээслэгч нарын лангууг бүхэлд нь харуулсан байдал бүхий нийт 20 минут 59 секундын бичлэг байв. Уг бичлэгт хар саравчтай малгайтай, бараан өнгийн хувцас өмссөн, бараан өнгийн цагаан ултай пүүзтэй 35 орчим насны эрэгтэй хүн лангууны дундуур чигээрээ явж байгаа 5 секундын дүрс бичигдсэн байв. Уг бичлэг нь 09 цаг 13 минут 11 секундээс 09 цаг 13 минут 16 секундын хооронд үргэлжилж байсан бөгөөд гэрч Д.С- нь худалдааны төвийн дотор талаар эзэнгүй байх гар утас тавьсан лангуунуудын дундуур ганцаараа алхан өнгөрч буй дүрс бичигдсэн байв. Хэсэг хугацааны дараа буюу 14 минут 19 секундэнд худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах эзэнгүй лангууны араар орж доош сууж лангуу ухаж байгаа байдалтай үйлдэл хийж байгаад 16 минут 06 секундэнд лангууны араас гараад явж буй дүрс бичигдсэн байв.

2019-05-27 09-00-00-09-20-59 цаг хугацаа бүхий бичлэгийг нээж оролцогч нарын хамтаар үзэхэд худалдааны төвийн гадна талыг харуулсан хяналтын камерын бичлэг байх бөгөөд уг бичлэгт 09 цаг 13 минутанд хар өнгийн саравчтай малгайтай, бараан өнгийн хувцас өмссөн 35 орчим насны эрэгтэй хүний дүрс бүхий гэрч Д.С- нь ертөнцийн зүгээр баруун талаасаа ирээд худалдааны төвийн нээлттэй байсан хаалгаар шууд дотогш орж буй дүрс бичигдсэн байв. Хэсэг хугацааны дараа буюу 16 минут 11 секундэнд гэрч Д. С- нь худалдааны төв дотроос гарч ирж буй дүрч бичигдсэн бөгөөд шууд ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж харахгүй. ...” тэмдэглэл. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Хохирогч Э.Болортуяагийн “Би хорооллын Tedy 2 төвийн зүүн талын гар утасны төвд 3 номерын лангууг хувиараа түрээслэн ажиллуулж гар утас зардаг юм. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өглөө би ажилдаа ирээгүй. Өдөр 14 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирсэн. Ингээд би лангуугаа нээсэн чинь хүний гар орох хэмжээтэй зай гарчихсан байсан. Би гайхаад нээгээд харсан чинь миний лангуун дээр тавьсан гар утаснуудын байр хөдөлчихсөн, гар утас бүтээгээд тавьсан байсан бүтээлэг сөхөгдчихсөн байсан. Тэгээд би шууд худалдааны төвийн дотор талын хяналтын камерыг шүүж үзсэн чинь тэр өглөөний 09 цаг 10 минутын үед нэг залуу гаднаас орж ирээд дотуур явж байгаад гарахдаа миний хүнгүй байсан лангууны араар ороод ард талд сууж байгаад гар утаснууд хулгайлаад авч гарч байгаа бичлэг байсан. Тэгээд би тухайн үедээ цагдаад хандаагүй байж байсан чинь миний зарж байсан гар утаснуудыг хулгайлан авсан хүн маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин орж ирсэн. Тэгэхээр нь таниад цагдаад хандсан. Миний зарж байсан гар утаснуудыг хулгайлан авсан хүн мөн байсан. Лангуун дээр зарж байсан “Samsung S-8, Samsung S-7 edge, LG G-6” маркийн өмнө нь Хонгконгод ашиглаж байсан гар утаснууд байсан.

...Тэр хүн 30 гаран насны бор царайтай, 165 орчим см өндөртэй, хар бараан өнгийн хувцас өмссөн, эрэгтэй хүн байсан. Тэр эрэгтэй согтуу байх шиг байсан.

...Би хохирлоо барагдуулаад авчихвал ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

  

Дамно ХХК-ны Samsung S-8, Samsung S-7 edge, LG G-6 маркийн гар утаснуудыг нийт 930.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

Д.С-гийн яллагдагчаар өгсөн “... Би өмгөөлөгч аваагүй. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад хорооллын гар утас зардаг Tedy-2 худалдааны төв рүү орж танил Даамиаг хайж орсон юм. Тухайн өдөр өглөө эрт байсан учраас гар утас зардаг дэлгүүр дөнгөж онгойсон байсан. Тэгээд худалдааны төв рүү Даамиатай уулзах гэж ороход байхгүй, тэндээсээ гарчихсан байсан. Тухайн үед би хэн нэгнээс Даамиаг асуугаагүй. Түүнийг дэлгүүр дотор ороол хайхад байхгүй болохоор нь буцаж гарах гэж яваад эзэнгүй лангуу байхаар нь би лангууны араар ороод хаалга нь нээлттэй байхаар нь дотроос нь 3 ширхэг гар утас аваад гарсан. Тэгээд тэр өдрөө хулгайлан авсан гар утсаа хороололд явж байгаад явуулын хүнд тус бүрийг нь 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд дараа нь тэр хавиар согтуу явж байгаад баригдсан. Надтай хамаатан садны холбоо байхгүй. Миний мал малладаг айлын хүргэн байгаа юм. Бүтэн нэрийг нь Дамдин гэдэг юм. Дамдин уг нь хорооллын Tedy-2 худалдааны төв дотор гар утас засдаг байсан юм. Одоо засахаа больчихсон. Би тухайн LG, мөн S-7edge, S-8 маркийн гар утаснууд хулгай хийж авсан. Өөртөө хувцас, эд зүйл, хоол унд авч идээд дуусгасан.

 ... Би ганцаараа явж байсан. Би уучихсан байсан. Доогуураа цагаан ултай пүүзтэй, хар өмдтэй, дээгүүрээ хар бараан өнгийн ноосон цамцтай, саравчтай хар малгайтай явж байсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж архи уухгүй. Надад бага ял оногдуулж өгнө үү. Би хэргээ хурдан шийдүүлмээр байна. Би хулгай хийж авсан гар утасныхаа хохирлыг ажил хийж байгаад авсан цалингаараа бүгдийг нь төлсөн. Би дахиж хулгай хийхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч  Д.С- нь Э.Болортуяагийн эзэмшилийн зарж байсан  “Samsung S-8, Samsung S-7 edge, LG A-6” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Болортуяад үнэлгээгээр нийт 930.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд  хохирогчоос “Энхжаргал овогтой миний бие Болортуяа нь хохирлын мөнгөө бүрэн барагдуулж хүлээн авсан. Надад цаашдаа ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн баримт /хэргийн 59 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С-гийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс энэ өдөр хүртлэх цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д хорих ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  түүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д-ийнС-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Д.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар Д.С-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ түүний эдлэх ял оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Д.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.С- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Д.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ