Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 565

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 22-05 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Гурван гэлэн овгийн Сангидоржийн Бямбасүрэнгийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Бямбасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1972 оны 06 дугар сарын 10-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Үйлдвэрлэл туршлагын станцад” ногоочноор, 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Тарагт сумын “Үйлдвэрлэл туршлагын станцад” жолоочоор, 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор тус тус   ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Бямбасүрэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

С.Бямбасүрэн нь 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 525 тоот лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Тогтох, П.Оюунгэрэл, С.Гомбо нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Харин 1972 оны 06 дугар сарын 10-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Үйлдвэрлэл туршлагын станцад” ногоочноор, 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Тарагт сумын “Үйлдвэрлэл туршлагын станцад” жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх  тул хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбасүрэн “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарГурван гэлэн овгийн Сангидоржийн Бямбасүрэнг 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангид /Төгрөг сумын Хоолт ББХК/ жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА