Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 944

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Г-,

хохирогч Д.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Т овогт Б-ийн Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905025201007 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо ....... гудамжны ... тоотод оршин суух, ........ дүүрэг ... дугаар хороо .... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Т овогт Б-ийн Г-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын орчим байрлах Хаан банкны салбараар иргэн Д.Болдбаатар нь “төмөр хаалганы төлбөрийг төлөх зорилгоор” иргэн Б.Дөлгөөн, Б.Билгүүн нараар дамжуулан Хаан банкны 5017354309 дугаартай данс руу нийт 700.000 төгрөгийг андуурч шилжүүлсэнийг буюу алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Болдбаатар мэдүүлэхдээ: “Би Б.Гантулгын дансруу андуурч 700.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй хаалга хийсэн хүн маань надаас мөнгөө нэхэхээр нь би өөр хүний данс руу мөнгө шилжүүлсэн талаараа мэдсэн. Б.Гантулгын хувьд манай ахын найз, бид хоёр гайгүй харилцаатай байдаг. Мөн миний хохирлоос 150.000 төгрөг төлөгдөөгүй дутуу байгааг нэхэмжлэхгүй” гэв

 

          Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын орчим байрлах Хаан банкны салбараар иргэн Д.Болдбаатар нь “төмөр хаалганы төлбөрийг төлөх зорилгоор” иргэн Б.Дөлгөөн, Б.Билгүүн нараар дамжуулан Хаан банкны 5017354309 дугаартай данс руу нийт 700.000 төгрөгийг андуурч шилжүүлсэнийг буюу алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Д.Болдбаатарын “Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний гудамжны 32б тоотод Кода ХХК-ны хашаандаа төмөр хаалга Батдорж гэх хүнээр хийлгэж байсан юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хашаанд хаалгыг суурилуулсаны дараа ажлын хөлсийг нь өгөхөөр миний гар утас руу дансны дугаараа явуулчих гэж хэлээд авсан юм. Тэгтэл миний гар утсанд нэг дугаараас Хаан банкны данс ирчихсэн байхаар нь тухайн данс руу тэр өдөртөө 400.000 төгрөг, мөн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн юм. Тэгтэл З.Батдорж надаас хаалга хийлгэсэн үйлчилгээний хөлсөө өг гэж хэлэхээр нь би явуулчихсан гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд над руу мессеж явуулсан гар утасны дугаар луу залгахад надтай үе үе цуг ажил хийдэг Г- гэх хүний эхнэрийнх нь гар утасны дугаар болж таарсан юм. Тэгээд би Г- руу утсаар холбогдож мөнгөө нэхэхэд би хөдөө ажлаар явж байна, миний дансанд чиний мөнгө байгаа, Улаанбаатар хотод орж ирэхээрээ даруйхандаа буцаагаад хийчихнэ гэж хэлээд түүнээс хойш одоог хүртэл өгөхгүй яваад байгаа учраас цагдаад хандсан юм. Тухайн үедээ хүнээр ажил хийлгээд яг дуусч байсан. Тэр үедээ тухайн хүнд дансны дугаараа мессежээр явуулаарай гэж хэлсэн. Тэгтэл мессеж ирэхээр нь шилжүүлчихсэн юм.

          ...Би өөрийн охин Б.Дөлгөөний данснаас мөн хүргэн Б.Билгүүний данснаас тус тус шилжүүлсэн юм. Би охиндоо хэлээд мөнгө шилжүүлэхэд миний охин Богд-Арын Хаан банкны АТМ-аас шилжүүлсэн гэж байсан. Мөн хамгийн сүүлд би өөрөө шилжүүлэхдээ 400.000 төгрөгийг хүргэн хүүгийнхээ картыг авч яваад мөнгө шилжүүлсэн.

          ...Г- надад 270.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо Г- нь надад 430.000 төгрөгийг төлөх ёстой. Г-д надаас авах ёстой ямар нэгэн өр авлага байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

          Хаан банкны 5017354309 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 18 дугаар хуудас/

 

          Б.Гантулгын яллагдагчаар өгсөн “... Би Хаан банкны 5017354309 дансны дугаарыг эзэмшдэг юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 400.000 төгрөгийг Хаан банкны 5033410060 дугаартай данснаас, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөгийг Хаан банкны 5063428073 дугаартай данснаас тус тус нийт 700.000 төгрөгийг шилжүүлсэн байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр миний эхнэр Гантогтох над руу яриад Болбаатар чам руу мөнгө андуураад хийчихсэн байна, тэрийгээ авъя гэж ярьсан байсан бөгөөд түүнийг над руу дамжуулж хэлэхээр нь би тухайн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ар гүнтэд барилгын ажил хийж байсан юм. Тэгээд тэр өдөр цас орохоор нь би шөнө уулнаас буугаад Улаанбаатар хотод орж ирээд АТМ-ээс 400.000 төгрөг авч мөрийтэй тоглож алдаад тухайн өдрийнхөө маргааш буцаад Ар гүнтийн зуслангийн газар луу очоод 3 хоногийн дараа буцаж Улаанбаатарт хотод ирээд 100.000 төгрөг, 190.000 төгрөгөөр тус тус АТМ-ээс аваад түүгээрээ дахиж мөрийтэй хөзөр тоглоод мөнгөө алдчихсан юм.

          ...Би нийт 270.000 төгрөгийг нөхөн төлсөн. Би учруулсан хохирлыг бүгдийг нь нөхөн төлнө. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа учраас надад хөнгөн ял оноож өгөөч. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Гантулгын үйлдэл нь “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.Г- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах явцад хохирогч Д.Болдбаатар “... Г- надад 270.000 төгрөгийг буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-11 дүгээр хуудас/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Болдбаатар мэдүүлэхдээ “...Б.Гантулгын хувьд манай ахын найз, бид хоёр гайгүй харилцаатай байдаг. Миний хохирлоос 150.000 төгрөг төлөгдөөгүй дутуу байгааг нэхэмжлэхгүй” гэcэн тул шүүгдэгч Б.Г- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн  шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдал, харгалзан торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Гантулгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г- нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г- торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                А.АЛТАНХУЯГ