Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 949

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас С овогт Н-ийн Б-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905000001150 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн,  эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүргийн ...  дүгээр хороо ....... гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Н-ийн Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Paris” баарны орчим иргэн М.Шинэцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, дээд, доод уруул, эрүүнд цус хуралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Paris” баарны орчим иргэн М.Шинэцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, дээд, доод уруул, эрүүнд цус хуралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.Шинэцэцэгийн “Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай 10 жилийн ангийн охин Төгсгэрэлийн хурим болсон юм. Ингээд манай 10 жилийн ангийнхан цуглаад 19 цагт Тусгаар тогтнолын ордонд болсон хуриманд очсон. Тэнд очоод ширээнд сууж байсан хүмүүстэй хувааж 1 шил архи, 1 шил виски хувааж уусан. Тэгээд хуримнаас 00 цаг өнгөрч байхад Модны хоёрт байрлах Paris нэртэй бааранд орсон. Бааранд Чинбат, Одгэрэл, Одонтуяа, Оюунгэрэл, Нямдаваа, Уянга, Өлзиймөнх бид нар орсон. Ороод 1 шил архи 3 шил пиво авсан. Би авсан пивоноосоо 1 шилийг л уусан. Шөнийн 04 цагийн үед би явах гэтэл хамт сууж басан хүмүүс явуулахгүй гээд цүнх, гар утсыг маань аваад үлдчихсэн. Ингээд би Одонтуяа гэх найз хүүхэнтэйгээ гарсан. Тэгээд баарны үүдэнд хаалганы хажууд зогсож байтал дотроос нэг залуу хаалга савж гарч ирэхдээ хаалгаар миний толгойны баруун дагз хэсэгт цохисон. Одонтуяа намайг хаалгаар цохиулаагүй гараараа цохисон гэж андуурч харсан байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд өмнөөс нь явж очоод бариад автал хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Маргалдаж байсан хүмүүс дотор манай ангийн Чинбат байсан. Тэгснээ чи муу юу гээд байгаа юм бэ гэж хэлээд нүүр хэсэгт цохиод авсан. Би газар унаад хамарнаас цус гарсан байсан. Ингээд дахиж босч очих гэтэл хүмүүс намайг барьчихаад тэр залуу руу ойртуулахгүй байсан. Тэгээд би намайг барьсан хүмүүсээс салаад дахиад тэр Б- гээд байгаа залуу руу очтол миний нүүр хэсэгт гарынхаа алгаар мангасдах маягтай цохисон. Би дахиж тэр залуу руу ойртоогүй. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Би Б-ыг цагдаад хэлээд бариулаад найзуудтайгаа хамт зочид буудал руу орсон.

... Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээ хийлгэхээр гэмтэл байхгүй байгаа. Надад ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б- гэх залуутай эвлэрсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Б.Эрдэнэбилэгийн “2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний өдөр шилжих шөнө 2 залуу, 6 хүүхэн манай бааранд 01 цагийн үед орж ирсэн. ... Тэгээд үйлчлүүлж байгаад шөнийн 03 цаг 40 минутын үед гарцгааж эхэлсэн. Тэр үед манай бааранд үйлчлүүлж байсан 6 хүүхний нэгэнтэй нь юм яриад 2 давхарын шатан дээр зогсож байхад хүүхнүүдтэй цуг явсан залуу нь тэр залуугийн зүүн шанаанд цохиод авсан. Тэгээд тэр хоёр залуу муудалцахаар нь салгаад гадаа гаргасан. Тэр хоёр залуу гадаа гараад заамдалцаад зогсож байтал нэг хүүхэн ирээд ганцаараа явж байсан залуугийн хажуу талаас очоод бариад авсан. Тэгтэл ганцаараа явж байсан залуу нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Хүүхэн өвдгөн дээрээ сөхөрч суугаад унахад хамт явсан найзууд нь босгоод авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Чинбатын “... Бааранд ороход Шинэцэцэг нилээн муудсан байсан. Ингээд бааранд бүжиглэж сууж байгаад шөнийн 03 цаг өнгөрч байхад уг газраас гарахаар болоод шатаар буутал нэг залуу 2 давхарын шатан дээр ангийн охинтой юм яриад хоргоогоод байсан. Би очоод яагаад байгаа юм гэж хэлээд маргалдаад 2 давхарын шатан дээр заамдалцаж аваад байж байтал хамгаалагч ирээд салгасан. Тэгээд гадаа гараад нөгөө залуутай заамдалцаад зогсож байтал хажуу талаас Шинэцэцэг ирээд чи намайг цохичихлоо, цагдаа дуудаж өгнө гээд гарнаас нь бариад автал нүүр лүү нь тэр залуу цохиод авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

 

Гэрч Д.Одонтуяагийн “... Араас нь гартал манай ангийн Чинбат гэж залуутай Шинэцэцэгийг цохидог залуу заамдалцсан байсан. Шинэцэцэг очоод чи намайг цохичихлоо гээд гарнаас нь татсан чинь Шинэцэцэгийн нүүр лүү цохисон. Шинэцэцэг газар унаад хамарнаас нь цус гарсан байсан. Хамгаалагч  ирээд нөгөө бондгор залууг Чинбатаас салгаад холдуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12700 дугаартай:

“1. М.Шинэцэцэгт баруун дээд зовхи, дээд, доод уруул, эрүүнд цус хуралтууд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Н.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би гарах гэж байхад Шинэцэцэгтэй хамт явж байсан нэг залуу нь миний шилэн хүзүүн дээр тоншоод авсан. Би яаж байнаа гэтэл баарны зөөгч нь ахаа наад хүн чинь согтуу байнаа гэж хэлсэн. Тэгээд би шатаар буугаад доош явж байгаад нэг эмэгтэйтэй таараад мэндэлсэн. Тэгтэл миний шилэн хүзүүн дээр тоншиж цохисон залуу хүрч ирээд баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа хальт цохиод авсан. Тэгэхээр нь би тэр залуутай маргалдаад заамдалцаад зууралдаад доошоо буусан.

... Тэгээд тэр хүмүүстэй зууралдаад байж байхад нэг хүүхэн /Шинэцэцэг/ хүрч ирээд хажуу талаас зуураад цохиж аваад байхаар нь “та нар намайг яагаад цохиж аваад байгаа юм бэ гэж хэлж анхааруулсан.  Тэгтэл тоохгүй байхаар нь нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд босч ирээд дахиад дайраад байхаар нь мангасдаад ширүүхэн түлхсэн. Өөрөөр цохиж зодсон зүйл бол болоогүй. Ингээд байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн үйлдэлдээ  гэмшиж байна. Шинэцэцэг бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Надад хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-26 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Шинэцэцэгийн “...Б-аас нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй, сайн дурын үндсэн дээрээс эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хэргийн 00 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

        

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.Б- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Н.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Б- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                А.АЛТАНХУЯГ