Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 567

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 20-2 тоотод оршин суух Уран мянхан овогт Батаагийн Золзаяагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг төв гудамж 51 тоотод оршин суух Алтангэрэлийн Лхагвасүрэнгээс 224000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн А.Лхагвасүрэн нь манай гар утас худалдааны Мишээлт төвөөс Samsung note-1 маркийн 160000 төгрөгний үнэ бүхий гар утсыг зээлээр авч 14 хоногийн дотор мөнгийг нь өгнө гэсэн боловч одоог хүртэл мөнгийг нь өгөхгүй байна. Иймд А.Лхагвасүрэнгээс үндсэн мөнгө 160000 төгрөг, сарын 5%-ийн алданги 64000 төгрөг нийт 224000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Золзаяагийн нэхэмжилсэн 224000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Золзаяагийн шүүхэд гаргасан А.Лхагвасүрэнгээс 224000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагч А.Лхагвасүрэн нь Б.Золзаяагаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Samsung note-1 марк бүхий гар утсыг зээлээр худалдан авч 224000 төгрөгийг төлөхгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. ХариуцагчА.Лхагвасүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлага 224000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар  хариуцагч А.Лхагвасүрэн нь нэхэмжлэгч Б.Золзаяагийн нэхэмжилсэн 224000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.Лхагвасүрэнгээс 3685 төгрөгийг, орон нутгийн орлогын Хаан банкны / 5540607728 тоот/ данснаас 3685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Золзаяад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7370төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА