Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 955

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Э.Э- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол овогт Энхчимэгийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201726021305 дугаартай хэргийг  2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдүүдийн хамт ......... дүүргийн ... дугаар хороо ...... -ын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Энхчимэгийн Э-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Э- нь бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хилийн цэргийн дээд сургуулий урд талын аж ахуйн хашаанд байсан хохирогч И.Пүрэвдоржийн эзэмшилийн цахилгаан үүсгүүр, цахилгаан утас, автомашины 6 ширхэг төмөр обуд, Sharp маркийн зурагт, Чингис хивс зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч И.Пүрэвдоржид 8.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Э- мэдүүлэхдээ: “Батсуурь хашаанд хамт амьдръя гэхээр нь очсон. 1 сарын дараа эгч нь хөдөөнөөс ирээд тэр айлаас юм авъя, тэгээд нийтийн байранд бүгдээрээ хамт амьдаръя гэсэн. Би тухайн үед хэрэггүй гэж хэлж байсан. Тэгэхэд зүгээрээ гээд авсан” гэв.

 

Шүүгдэгч Э.Э- нь бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хилийн цэргийн дээд сургуулий урд талын аж ахуйн хашаанд байсан хохирогч И.Пүрэвдоржийн эзэмшилийн цахилгаан үүсгүүр, цахилгаан утас, автомашины 6 ширхэг төмөр обуд, Sharp маркийн зурагт, Чингис хивс зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч И.Пүрэвдоржид 8.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 4-6 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 17-19 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ.  /хэргийн 1 дүгээр хавтас, 20 дугаар хуудас/

 

Хохирогч И.Пүрэвдоржийн “Манайх Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилийн цэргийн  дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд талд нь аж ахуйн зориулалтаар буюу техник хэрэгсэл тавьдаг хашаа байдаг юм. Тэгээд тэр хашаагаа Батсуурь гэх хүнээр мануулдаг байсан ба би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аж ахуйн хашаандаа 19 цагийн үед очиход манай манаач Батсуурь эхнэр, хүүхэд болон эгчийнхээ хамт байсан ба манай хашааны эд зүйлс зүгээр бүрэн бүтэн байсан юм. Тэгээд би маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 11 цагт аж ахуйн хашаан дээрээ иртэл манай хашааны хаалга онгорхой, граш контейнерууд цоожтой, манай манаач Батсуурь болон эхнэр, хүүхэд, эгч нь байхгүй байсан юм. Тухайн үед би тэд нарыг ойрхон гарсан юм байх гэж бодчихоод гарч яваад орой 16 цагийн үед аж ахуйн хашаан дээрээ буцаад очиход мөн манаач байхгүй байхаар нь харуулын сууц болон граш, контейнеруудыг онгойлгон үзэхэд харуулын сууцанд байсан 2016 оны 09 дүгээр сард 190.000 төгрөгөөр Хархорин худалдааны төвөөс худалдан авч байсан Sharp маркийн 19 инчийн LED зурагт, контейнер дотор байсан 2015 онд 7.700.000 төгрөгөөр худалдан авч байсан Yanmar маркийн цахилгаан үүсгүүр, грашид байсан 2013 онд 80.000 төгрөгөөр худалдан авч байсан 1х1,5 м хэмжээтэй хивс, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 метрийг 2800 төгрөгөөр худалдан авсан 100 метр гэрлийн утас, грашийн ард байсан нэг бүр нь 250.000 төгрөгний үнэтэй 6 ширхэг Билаз автомашины төмөр обуд алдагдсан байсан юм.

...Надад болон Батсуурьт л байдаг. Өөр хүнд түлхүүр байхгүй. Хулгайд алдсан эд зүйлүүдээ олж авмаар байна. Алдагдсан зүйлээ олоод авчихвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 22-23 дугаар хуудас/

“...Манай найз Батбаатарын эхнэр нь Батсуурийн төрсөн эгч нь байгаа юм. Тэгээд Батбаатарын эхнэр нь надтай уулзаад Батсуурийг ажил оруулъя гэж 2016 оны 08 дугаар сард хэлсэн юм. Тэгээд би Батсуурийг өөрийн эзэмшлийн аж ахуйн хашаагаа сарын 500.000 төгрөгөөр цалинжуулж мануулахаар амаар тохиролцоод ажилд авч хашаагаа мануулсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 24-25 дугаар хуудас/

“...Сүүлд нь цагдаагаас Sharp маркийн зурагт, Чингис хивс, автомашины 6 ширхэг  обудыг эргүүлэн авч надад өгсөн. Цахилгаан үүсгэвэрийг би өөрөө Мөнгөнтуулаас очиж авсан байгаа. 100 метр цахилгааны утасны хохирол болох 280.000 төгрөгийн хохирол барагдаагүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 10-11 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Батсүхийн “Манайх Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-200 тоотод Гүн нуур ХХК-ний 1 дүгээр давхарт “Шинэ тэргүүн чансаа” гэсэн нэртэй ломбард ажиллуулдаг юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагт 2 эмэгтэй нэг жижиг биетэй эрэгтэй манай ломбарданд орж ирээд мөнгөний хэрэг гарчихлаа, Sharp маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, Чингис хивс нийлүүлээд 100.000 төгрөгөөр барьцаанд тавья гэж орж ирсэн юм. Тэгээд би хивс зурагтыг нь голоод авахгүй гэсэн чинь нөгөө хүмүүс манай аавын дүү нас барчихаад байгаа юм, хөдөө явах гэсэн юм гэхээр би хивс, зурагт хоёрыг нь нийлүүлээд 80.000 төгрөгний барьцаанд авсан юм.

...Молорцэнд гэх эмэгтэй нь өнгөрсөн жил болон өнгөрсөн хавар нөхөртэйгээ  ирээд 2 удаа гар утсаа ломбарданд тавиад буцаагаад авч байсан юм. Би Молорцэндийг нь утас тавьж байсан болохоор зүс танина. Бусдаар бол таньж мэдэхгүй. 80.000 төгрөгөөр авчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар хуудас/

“...Хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 13 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Т.Мөнгөнтуулын “Би 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан төмөрлөг ХХК-ны хашааны урд талд хоёрдогч түүхий эд  худалдаа авч үнэ нэмж борлуулдаг юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цаг өнгөрч байхад 20 гаран насны бор өнгийн хувцастай эмэгтэй, цэнхэр өнгийн куртиктэй эрэгтэй хоёр хүн ирээд автомашины 6 ширхэг обуд өгөх гэсэн юм, та очоод авах уу гэсэн юм, тэгээд хаягаар төмөр очиж авдаг Porter  машинаа Баяраа гэх дүүгээр унуулаад уг хоёр хүнтэй хамт явуулсан юм. Тэгээд нөгөө хоёр хүн хэсэг хугацааны дараа том ачааны машины 6 ширхэг төмөр обудыг ачаад аваад ирсэн юм. Тэгээд обудыг нь хэлэлж үзэхэд нэг обуд нь 100 кг болж байсан ба би нэг килограммыг нь 120 төгрөгөөр бодоод тэр хүмүүст 72.000 төгрөг өгсөн юм. Тэгтэл нөгөө залуу цахилгаан үүсгэвэр 300.000 төгрөгөөр зарна та авах уу гэхээр нь дахин дүү Баярааг уг хоёр хүнтэй явуулаад маркийг нь мэдэхгүй байна, улаан хүрэн өнгөтэй цахилгаан үүсгэвэр аваад ирэхээр нь би 300.000 төгрөгөөр худалдан аваад хашаандаа тавьсан юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хашаанд байсан төмрийн хогон дээрээс бутлуурын шарик үзээд явж байсан танихгүй 3 залуу манай хашаанд байсан уг цахилгаан үүсгэвэрийг харчихаад хэдээр зарах юм гэхээр нь би 500.000 төгрөгөөр зарна гээд зарчихсан юм. Би 6 ширхэг төмөр обудыг цагдаагийн байгууллагад хураалгасан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас  29 дүгээр хуудас/

“... Сүүлд нь нөгөө цахилгаан үүсгэвэрийг худалдан авсан хүн нь эвдэрчихлээ  гээд наймаагаа буцаасан. Наймаа буцсаны дараа он сарыг нь санахгүй байна, хохирогч нь гээд эрэгтэй ирээд надаас уг цахилгаан үүсгэврийг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 15 дугаар хуудас/

 

Н.Батсуурийн яллагдагчаар өгсөн “... Э- манай эгч Молорцэнд хоёр Пүрэвдоржийн хашаанд байгаа юмыг нь хулгайлж зараад нийтийн байр түрээсэлж амьдаръя гээд байхаар нь би зөвшөөрөөд Э- бид хоёр Энхжин худалдааны төвийн баруун талд байдаг хаягдал төмөр авдаг цэгийн хүнтэй уулзаад та нар машинаараа очиж төмөр авдаг уу гэхэд авч болно гэсэн юм. Тэгээд уг хүний машинтай аж ахуйн хашаан дээрээ ирээд грашийн ард байсан Билаз машины 6 ширхэг төмөр обудыг ачаад байж байтал манай эгч Молорцэнд нэг мөсөн моторыг нь авчихъя гэхээр нь би үгүй гээд нөгөө машинтай нь яваад обудаа 1 килограммыг нь 120 төгрөгөөр бодоод 6 обудаа нийлүүлээд 75.000 төгрөгөөр  өгчихөөд ирсэн юм. Тэгсэн чинь манай эгч нэг мөсөн мотороо ачуулчихгүй яасан юм, хоёулаа явж тэр обуд зарсан хүнтэй чинь очиж мотор авах уу гэж уулзая гээд эгч бид хоёр буцаж очоод нөгөө обуд зарсан хүнтэй уулзаад мотороо 300.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд буцан аж ахуйн хашаандаа очоод надад Пүрэвдоржийн үлдээсэн байсан түлхүүрээр грашийн хаалгыг нь онгойлгон цахилгааны утас, Чингис хивсийг, мөн харуулын байранд байсан Sharp маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад такси бариад Чингэлтэй дүүргийн 6 буудалд очоод дэн буудалд хоночихоод маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 5-н буудалд байдаг ломбарданд эгч Молорцэндийн бичиг баримтаар хивс зурагт хоёроо нийлүүлээд 80.000 төгрөгөөр тавьчихаад тэндээсээ 100 айлын барилгын материалын дэлгүүрт цахилгааны утсаар нэг метрийг нь 1000 төгрөгөөр бодоод 100.000 төгрөгөөр зарсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 62-63 дугаар хуудас/

“...Бид нар хулгайлан авсан цахилгааны утсыг 100 айлд цахилгаан утасны дэлгүүрт зарсан ба яг хаана зарсан, ямар хүнд зарсанаа мэдэхгүй байна. Одоо яваад цахилгаан утас зарсан газраа зааж өгч чадахгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 145-146 дугаар хууас/

 

Н.Молорцэндийн яллагдагчаар өгсөн “... Би дүү Батсуурийнхаа манаж байсан байранд хэрэг гардаг өдрийн урд орой нь ирэхэд Э- хоол унд гэрэл тоггүй байна, энэ хашаанд байгаа эд зүйлийг хулгайлан аваад нийлээд хэдүүлээ нийтийн байр түрээслэн амьдаръя гэсэн юм. Тэгээд л Батсуурь бид гурав хулгай хийсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 76 дугаар хуудас/

 

Э.Э-гийн яллагдагчаар өгсөн “Нийтийн байр хөлслөн амьдрах гээд л мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Анх хулгай хийх санааг би гаргаад Батсуурь, Молорцэнд хоёрт хэлээд тэр хоёр зөвшөөрөөд хулгай хийсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 70-71 дүгээр хуудас/

“Хулгай хийж олсон мөнгөөрөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх нийтийн байр хөлслөн амьдарч байгаад цагдаад баригдсан. Хорих ял шийтгүүлчих байж айгаад оргон зайлсан юм. Оргосноосоо хойш Улаанбаатар хотод найзуудынхаараа болон Эрдэнэт хот руу ирэн очин амьдарч байсан. 2019 оны 01 дүгээр сараас хойш Энхтүвшин гэх хүнтэй хамтран амьдрах болсон. 1 ой 11 сартай охиныхоо хамтаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо АОС-39 тоотод байх гэрт нь амьдарч байгаа. Хохирол нөхөн төлөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 26-27 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Э- нь бусадтай бүлэглэн И.Пүрэвдоржийн эзэмшилийн цахилгаан үүсгүүр, цахилгаан утас, автомашины 6 ширхэг төмөр обуд, Sharp маркийн зурагт, Чингис хивс зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч И.Пүрэвдоржид 8.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч И.Пүрэвдоржид 8.400.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд тэрээр цахилгаан үүсгүүр, автомашины 6 ширхэг төмөр обуд, Sharp маркийн зурагт, Чингис хивс зэргийг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч И.Пүрэвдорж, иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнтуул нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул төлөгдөөгүй эд зүйлсийн үнэ 280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнтуулд учруулсан 372.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батсүхэд учруулсан 80.000 төгрөгнөөс хувьд ноогдох төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Тодруулбал шүүгдэгч Э.Э-гаас 93.333 төгрөг гаргуулж хохирогч И.Пүрэвдоржид, 124.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнтуул, 26.666 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Батсүхэд олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э- нь жирэмсэн болох нь хэрэгт  авагдсан эмчийн үзлэг, шинжилгээний баримтуудаар /хэргийн 2 дугаар хавтас, 28-51 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Энхчимэгийг бусдтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510  дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-гаас 93.333 төгрөг гаргуулж хохирогч И.Пүрэвдоржид, 26.666 төгрөг гаргуулж  иргэний нэхэмжлэгч Б.Батсүхэд, 124.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнтуулд тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан  ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд Э.Э-д хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ