Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 960

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Э.Э- түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Хиад овогт Энхболдын Э-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905030521010 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......... дүүрэг .... дугаар хороо ...... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хиад овогт Энхболдын Э-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Coco cola kebab нэртэй хоолны газрын орчим иргэн Д.О-ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь өшиглөж, түүний биед их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйтэл, зүүн гайморовын хөндийн урд ханын хугарал, дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э- мэдүүлэхдээ: “Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “Би энэ хүмүүст их гомдолтой байна. Дүүг минь зодоод зугтаасан хэрнээ ар гэрийнхэн рүү нь нэг ч удаа асууж залгаагүй, уулзаагүй. Ээж нь нэг удаа ярьсан ч манайх мөнгөний боломжгүй учраас төлбөр төлөх боломжгүй гэх утгатай зүйл ярьсан. Энэ хэргээс болоод ээж маань даралт нь ихсээд шүүх хуралд ирж чадаагүй. Хэрэг гарснаас хойш манай ээж гурван удаа даралт нь ихэссэн. Эрүүл мэнд нь хүнд байгаа. Шүүгдэгчийн ар гэрийнхнээс эмчилгээний төлбөр гэж нэг ч төгрөг өгөөгүй. Сая л 100.000 төгрөг гаргаж өгч байна. Шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримт болох 5.500.000 төгрөг бол биднээс гарсан зардлын тал мөнгө. Тухайн үедээ О-ыг эмчлүүлэх гээд баримт цуглуулаад явах боломж байгаагүй. Зарим байгууллагууд баримт гаргаж өгөөгүй учраас байгаа баримтаа гаргаж өгсөн. Миний хөдөө байдаг дүү О-ыг асрахын тулд ажлаасаа гараад Улаанбаатарт ирсэн. Тэр хүнд бас хохирол учраад байна. О-ын биеийн байдал маш муу байгаа. Ууртай, сэтгэцийн өөрчлөлттэй, биеэ барих чадваргүй болсон. Өвчин нь цаашдаа хүндрэх магадлалтай гэж эмч хэлсэн. Эмчилгээ цаашдаа хийлгэх шаардлагатай байгаа ч эдийн засгийн боломжгүй учраас дахин эмчилгээ хийлгэх боломжгүй болсон. Эм тариаг нь зээлээр авч аргацааж байна. Тийм учраас маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Coco cola kebab нэртэй хоолны газрын орчим иргэн Д.О-ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь өшиглөж, түүний биед их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйтэл, зүүн гайморовын хөндийн урд ханын хугарал, дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаагийн “Дамдин овогтой О- нь миний төрсөн дүү бөгөөд айлын 7 дахь хүүхэд. О- нь Булган аймгийн Баяннуур сумын сургуульд 8 дугаар анги төгссөн.

...Би Америкийн нэгдсэн улсад  ажиллаж байсан ба манай дүү Содномдорж, Пүрэвсамбуу нар надад О-ыг хүнд зодуулчихсан Гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байна гэсэн. Тэгээд би энэ асуудлаас болж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. О- нь өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Өмнө нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн өвчин  болон аваар осолд орж байгаагүй. Эрүүл саруул байсан.

...О- Булган аймаг Баяннуур суманд гэртээ аав, ээж дээрээ байгаа. О-ын биеийн байдал сайнгүй байгаа. Байнга толгойны өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Шөнө нойр муутай хонож байгаа. Хааяа учир нь ойлгогдохгүй юм ярьдаг. Ганцааранг нь үлдээхээр ийшээ тийшээ алга болчих гээд байгаа. Одоо байнгын асаргаанд байгаа.

...О- бусдад зодуулж эрүүл мэндээрээ хохирсонд нь гомдолтой байгаа. Эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Гэрч С.Аззаяагийн “2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө би Баянгол дүүргийн 18 дугаар хороо Соёл караоке дээр ажлаа хийгээд байж байгаад  Эрдэнэ-Очир луу утсаар залгасан чинь Эрдэнэ-Очир би найзуудтайгаа байна, танай караоке дээр очоод ганц хоёр цаг сууя гэхээр нь би хүрээд ир гэсэн. Тэгээд удалгүй Эрдэнэ-Очир, Тулгаа, Эрка бас нэг танихгүй залуутай дөрвүүлээ ирэхээр нь  би 1 номерын өрөөнд оруулсан. Тэгээд 1 цаг 30 минут дуулж байгаад цаг дуусаад тэд нар гараад явсан ба намайг тарахыг хүлээж байсан. Тэгээд би цэвэрлэгээ хийчихээд гарсан чинь гадаа нөгөө хэд зодолдож байсан. Тэгэхээр нь  би очоод Эрдэнэ-Очир, Тулгаа, Эрка /Э-/ нарыг салгасан. Тэр үед нөгөө  талын зодолдож байсан залуучууд чулуу шидээд байсан. Тэр үед Э- нэг залууг хөлөөрөө өшиглөхөөр нь би очиж болиулаад бүгдийг нь салгаад таксинд суулгаад аваад бид нар суугаад 7 буудал ороод гэр гэр лүүгээ харьсан.

... Нэг хар цагаантай срочкин цамцтай залуу ба өндөр цагаан фудволктой залуу хоёртой зодолдож байсан ба би очоод салгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Гэрч Д.Гантулгын “2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө манай найз нар  болох Энхмөнх, Э-, Эрдэнэ-Очир нартай 7 буудлын эцэс дээр уулзаад Хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй, 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж ууцгаасан. ... Тэр үед би жаахан согтчихсон байсан. Нэг мэдсэн чинь хэдэн залуучуудтай зодолдоод зарим нь цохиод байсан. Тэгээд манай найз нар нэг мэдсэн чинь намайг таксинд суулгаад бүгдээрээ гэр лүүгээ харьсан. ...Тэр үед би саарал цамц, цэнхэр жинсэн өмд, хар гуталтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 267-28 дугаар хуудас/

 

Гэрч С.Эрдэнэ-Очирын “... Тэгээд караоке орох болоод Баянгол дүүргийн 18 дугаар хороо Соёл нэртэй караокед очоод нэг өрөөнд цаг авч ороод сууцгаасан. Тэгээд дуулж байгаад 1 цаг 30 минут орчим сууж байгаад 03 цаг 40 минутын орчим караокеноос гарсан. Тэгээд гараад би утсаар ярьж байсан чинь Э- нэг залуутай муудалцаад байсан. Тэр үед цаанаас нь хамт явсан гурван залуу нь ирсэн. Тэр үед Э- маргалдаж байсан залууг нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь нөгөө залуу нь Э-ыг бас цохиод дайрсан. Тэгсэн чинь хамт явсан залуучууд нь юм шидээд байсан ба би зөрүүлээд ундааны сав шидсэн. Тэгсэн чинь тэд нар өөдөөс дайраад би шорттой, хар цамцтай залуутай барьцалдаж аваад муудалцаад байж байгаад эргээд харсан чинь Э- нэг залууг автомашины зогсоолын орчим толгой руу хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэр үед Гантулга зам дээр унасан чинь гурван залуу зодож байсан. Тэр үед Энхмөнх орж ирээд би нэг залуутай зодолдоод байж байсан чинь Аззаяа хүрч ирээд бид нарыг аваад замын цаад талд гараад бид нар такси бариад явцгаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

“... Тухайн үед Э- л хохирогч О-ыг өшиглөөд зодсон. Миний  харсанаар өөр хохирогчийн биед гар хүрсэн хүн байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 155 дугаар хуудас

 

Гэрч Х.Энхмөнхийн “... Тэр үед нэг намхан залууг Э- машины зогсоолын орчим чирээд нүүр толгой руу нь өшиглөөд зодоод байсан. Тэр үед би Гантулгыг аваад салгаад цааш нь зогссон чинь нөгөө гурван залуу нь Эрдэнэ-Очирыг хөөгөөд Эрдэнэ-Очир зугтаасан. ... Э-ын өшиглөж зодсон хүн зодуулсан газраасаа босож ирээгүй зам дээр хэвтээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

Гэрч А.Ганбилэгийн “2019 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө би найз Шинэбаяр түүний ахын хамт явж байсан чинь Сайнбаяр над руу утсаар залгаад хороололд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би ганцаараа 02 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Enjoy бааранд очсон чинь О-, Чингүүнбаяр, Сайнбаяр нар хамт байсан ба бүгдээрээ нийлж 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол архи хувааж ууцгаасан. Тэгээд бүгдээрээ баарнаас гараад хоолонд оръё гээд зам хөндлөн урагшаагаа гараад Баянгол дүүргийн 18 дугаар хороо Алтантөгрөг дэлгүүрийн хойд талын явган хүний замаар баруунаас зүүн тийш алхаад явж байсан ба би Чингүүнбаяртай нөгөөдүүлийнхээ арай урд алхаж байсан чинь Coco cola kebab хоолны газрын үүдний орчим 4 залуу зогсож байсан ба хажуугар нь зөрж гарч байсан чинь миний ар талд явж байсан О-, Сайнбаяр хоёрыг нөгөө залуучууд мөрөлсөнөө хоорондоо яагаад байгаа юм гээд маргалдсан. Тэгэхээр нь би эргээд харсан чинь нэг залуу нь Сайнбаярыг цохиод унагаачихсан. Тэгсэнээ Сайнбаяр цохиулчихаад босож ирээд нөгөө цохисон залуутай зодолдсон. Тэр үед хажууд нь байсан залуучууд орж ирээд О- ах тэнд бас зодолдоод эхэлсэн. Тэр үед нэг залуу миний урдуур гүйхээр нь би ардаас нь татаж унагаагаад өшиглөөд цохих гэсэн чинь цаанаас нь залуучууд гүйгээд ирэхээр нь би цаашаагаа гадна асарын тийшээ зугтаасан. ...Тэгээд О- ахыг хайгаад явсан чинь Сoco cola kimbab-ын урд талын автомашины зогсоол орчим дээшээгээ харчихсан дух нь халцарчихсан, ам нь цус болчихсон ухаан алдчихсан юм шиг хэвтэж байхаар нь түргэн дуудсан. Тэгээд 103-н  түргэн ирээд бид Чингүүнбаяр, О-ыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” гэсэн мэдүүлэг ./хэргийн 35-38 дугаар хуудас/

 

Гэрч Г.Сайнбаярын “... Тэгсэн чинь нөгөө залуу яагаад мөрлөж байгаа юм гээд маргалдаад байж байсан чинь намайг нөгөө залуу нүүр лүү нэг удаа цохисон чинь миний хамарнаас цус гарчихсан. Тэгэхээр нь би зөрүүлээд 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Тэгсэн чинь цаанаас бас хэдэн залуучууд гүйж ирээд зодолдоод эхэлсэн. Би нэг залуутай нь ноцолдоод ухраад зугтаасан чинь өөдөөс Ганбилэг гарч ирэхээр нь хамт буцаад нөгөө залуучууд руу дайраад зодолдсон. Тэгсэн чинь нэг харсан чинь нөгөө залуучуудын нэг нь шил барьчихсан явж байсан ба өөдөөс нь дайрсан чинь нөгөө залуучууд такси бариад яваад өгсөн. Тэгсэн чинь О- Coco cola kebab хоолны газры харалдаа урд талд автомашины зогсоолын хажууд хэвтэж байсан. Тэгээд очсон чинь О- газар дээшээгээ харчихсан хэвтэж байсан ба уруул ам нь цус болчихсон байсан. Тэр үед 103 дуудсан. Удалгүй 103-ны түргэн тусламж ирээд О- ахыг аваад явсан. Тэр үед Чингүүнбаяр, О- ахтай хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Удалгүй 08 цагийн орчим Ганбилэг, Чингүүнбаяр хоёр О- ахыг аваад хүрээд ирсэн ба би О- ахаас бие нь яаж байна гэсэн чинь гайгүй гээд байсан. Тэгээд би ажилдаа яваад өгсөн. Өдөр 03 цагийн орчим залгасан чинь Ганбилэг, О- ахыг унтаж байна гэсэн. Тэгээд би ажлаа тараад очсон чинь Гансүх гээд манай нутгийн ах манай гэрт ирсэн байсан ба О- өмдөндөө шээчихсэн байсан.  Тэгээд Чингүүнбаяр, Гансүх нар О-ыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явчихсан.  ..Бид нар хоорондоо огт маргалдаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 989 дугаартай:

“1. Д.О- нь урд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин Д.О- нь 2019.07.19-нөөс 20-нд шилжих шөнө толгойд гэмтэл авсаны улмаас тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон байна.

2. Д.О- сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Д.О-ын дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно.

4. Д.О- нь үнэн зөв мэдүүлэх өгөх чадваргүй байна.

5. Д.О- нь одоогоор хэрэг хариуцах чадваргүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 51-53 дугаар хуудас/

 

Шинжээч Я.Ганхүүгийн “...Д.О-ын хувьд тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил эмгэгтэй бөгөөд хэсэгчилсэн ойгүйдэл үүссэн байна.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээрс арын 07-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1115 дугаарай:

“1.2. Д.О-ын биед их тархины хоёр бөмбөлгийн духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, аалзан хальсны доорх цус хуралт, тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл, зүүн гайморовын хөндийн урд ханын хугарал, дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ. Уг тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэг нь гэмтлийн дараах үлдэц уршиг тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 60 дугаар хуудас/

 

Шинжээч Г.Ханхүүгийн “... Дээрх дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдээс тархины эдийн няцрал цус харвалтын улмаас үүссэн тархины эмгэгшил хэсэгчилсэн ойгүйдэл гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. ... Дээрх гавал тархины хүнд гэмтлийг авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийгээд явах боломжгүй. Уг гэмтлийг авсан даруйдаа ухаан алдан, ухаан балартах шинж тэмдэг илэрч болно. ...Толгой нүүр лүү цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 159-161 дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  өвчний № 09899 дугаартай түү.х /хэргийн 96-104 дүгээр хуудас/

 

Бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тухай “...20190723_175145 дугаартай бичлэгийг тодруулахад: ...Э- араас нь гүйгээд камерны хэсгээс гарахад цагаан Prius машины ар талд Э- О-ыг чирч гаргаж ирж байх бөгөөд зуурч газар унагаагаад 5 удаа нүүр толгойны орчим руу нь өшиглөхөд цаанаас Энхмөнх гүйж ирээд О-ын араас нэг удаа өшиглөөд хажуу тийшээ холдоход Э- О-ыг дахин эргэж очоод хоёр удаа өшиглөөд нэг удаа дэвсэхэд Аззаяа ирж болиулахад дахин  эргэж очоод хоёр удаа өшиглөж байх ба Аззаяа дахин болиулж байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 169-172 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн “...1.Эрүүгийн 1905030521010 дугаартай хэрэгт Соёл караокеноос хуулбарлан авсан 1 дугаартай цагаан өнгийн СД-1 ширхэг, 2 дугаартай бор саарал өнгийн СД-1 ширхэг, 3 дугаартай бор саарал өнгийн СД-1 ширхэг нийт 3 ширхэг СД-н хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий байх тул эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 173 дугаар хуудас/

 

Э.Э-ын яллагдагчаар өгсөн “Би Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019.09.07-ны өдөр гаргасан нэмэлт шинжилгээний дүгнэлттэй уншиж танилцсан. Хохирогч Д.О-ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан байна. Тухайн хохирогч О-ын биед учирсан хүнд гэмтлийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би  хохирогч О-ыг 8 удаа хөлөөрөө толгой руу нь өшиглөж учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 139-141 дүгээр хуудас/

“...Одоогоор хохирлын мөнгө эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй байгаа. Цаашид төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 142-145 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Э- нь иргэн Д.О-ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Гэм хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-т учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан /хэргийн 105-113 дугаар хуудас/ эмчилгээний зүйлс худалдан авсан баримтууд, ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нийт 1.523.341 төгрөг тогтоогдож байх ба шүүгдэгч шүүх хурлын өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 100.000 төгрөгийг хасч үлдэх 1.423.341 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “байр хөлсөлсөн хугацааны төлбөрийг гаргуулж өгнө үү”, “сэтгэл санааны хохирол 10.000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжилжээ.

Байр хөлсөлсөн нөхцөл байдал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй мөн сэтгэл санааны буюу эдийн бус гэм хорыг гаргуулах хууль зүйн зохицуулалт байхгүй тул гаргуулах боломжгүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх байдлуудыг энэ гэмт хэргийн улмаас учирсан гэдгийг нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгч Э.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

          Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хиад овогт Энхболдын Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ыг 4 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Э.Э-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Э.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  Э.Э-аас 1.423.341 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаад олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ