Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 961

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч М.Б-,

иргэний нэхэмжлэгч З.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Харсүрэг овогт Мэндбаярын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1903005190283 дугаартай хэргийг  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .........аймгийн ......... гудамжны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харсүрэг овогт Мэндбаярын Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө 02 цаг 19 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энканто хотхоны баруун урд уулзварт Toyota Premio маркийн 00-07 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна” 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг, 8.18-д заасан “Гэрэл ...хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно” гэсэн  заалтыг зөрчсөний улмаас Lexus RX 450 маркийн 71-64 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Toyota Premio маркийн 00-07 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Hyundai Vernа маркийн 76-73 УБУ улсын дугаартай тээврийг хэрэгслийг мөргөж, Toyota Premio маркийн 00-07 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Оюунсувд гэмтэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Мөн 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 13 дугаар байрны 97 тоотод иргэн Г.Мөнгөнхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: “Би зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Харин Мөнгөнхуяг гэх хүн намайг гүтгэсэн. Оюунсувд гэх эмэгтэйг дарамтлаагүй. Намайг машинаас гарч ирээд нулимж, доромжилсон. Мөн намайг хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед би ийм хэрэг болно гэж мэдээгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй. Миний биед тухайн үед гэмтэл учирсан байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч З.Ганболд мэдүүлэхдээ: “Тухайн орой би ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй хамт нэг газар сууж байгаад шөнө 02 цагийн үед дуудлагын жолооч дуудаад Энкантогийн гудамжаар явж байтал цагаан жижиг машин орж ирээд осол болсон. Тухайн үед би эрүүл байсан. Шүүгдэгч тухайн үед 3 машин мөргөсөн. Нэг машинаас нь хүүхэн гарч ирээд шүүгдэгчийг улаан гэрлээр орлоо гээд байж байтал ард талд нь нэг хүүхэн ухаан алдсан байдалтай байж байсан. Тэр үед шүүгдэгч эмнэлэг, цагдаа дуудаад үзлэг шалгалт хийлгэсэн. Хохирлын мөнгийг эхний байдлаар нэг үнэлгээний газраар үнэлүүлсэн. Гэтэл шүүгдэгчийн даатгуулсан газар хоорондоо зөрүүтэй байна гээд дахиад өөр үнэлгээний газраар үнэлүүлсэн. Улмаар хоёр удаагийн үнэлгээ хийлгэхэд 580.000 төгрөг болсон. Миний машинд 7.256.600 төгрөгийн хохирол учирсан. Үүн дээр үнэлгээний 580.000 төгрөг нэмээд нийт 7.836.600 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Б- 780.000 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7.056.600 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна” гэв.

 

1. Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө 02 цаг 19 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энканто хотхоны баруун урд уулзварт Toyota Premio маркийн 00-07 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна” 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг, 8.18-д заасан “Гэрэл ...хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно” гэсэн  заалтыг зөрчсөний улмаас Lexus RX 450 маркийн 71-64 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Toyota Premio маркийн 00-07 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Hyundai Vernа маркийн 76-73 УБУ улсын дугаартай тээврийг хэрэгслийг мөргөж, Toyota Premio маркийн 00-07 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Оюунсувд гэмтэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 4-5 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 6-12 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Оюунсувдын “2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орой 23 цагийн орчим ажлаа тараад найз Мөнгөнхуягтай хамт Сансарт кафе орж хоёр, хоёр пиво уугаад сууж байтал 00 цаг өнгөрч байхад санагдаж байна, танил М.Б- залгахаар нь би найзтайгаа Сансарт ажлынхаа  ойролцоо байна, өнөөдөр машины дугаар явдаггүй, машингүй яваа гэрт хүргээд өгөөч гэж хэлэхэд М.Б- 1 цаг орчимын дараа ирсэн ба Сансарын байрнууд дунд М.Б-гийн машинд Мөнгөнхуяг, Б- бид гурав ойр зуурын юм ярьж сууж байгаад 02 цагийн орчим М.Б-гаар гэр лүүгээ хүргүүлэхээр Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энканто хотхоны баруун урд гэрлэн дохиотой уулзвар дээр машинтай мөргөлдсөн. Осолд орсоны дараа ухаан алдчихсан байсан ба нэг мэдсэн манай найз Мөнгөнхуяг сэрээрэй гээд орилж байсан ба түргэний машинд ухаан орж Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэн хүзүү, нурууны тасагт хэвтэн эмчлүүлж 5 хоногийн дараа хүзүүний С-3 үений бэхэлгээний хагалгаанд орж эмчлэгдэж байгаад 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан. Осол гарах үед Би М.Б-гийн машины зүүн хойд суудалд суучихсан хамгаалах бүс зүүгээгүй зорчиж байсан.

... Осол болоход би гар утсаа оролдож байсан болохоор яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Нэг их хурдтай явж байгаагүй байх.

... Эмчилгээний зардлыг М.Б- гаргаж өгнө гэсэн. Миний зүгээс эмчилгээнд гарсан төлбөрөө гаргуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 17-19 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч  З.Ганболдын “... Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энканто хотхоны баруун урд талын уулзвараар хойноосоо урагшаа нэвтрэх үед уг уулзварын  зүүнээс баруун чиглэлд цагаан өнгийн суудлын автомашин хажуугаас гарч ирэхэд миний машиныг жолоодож явсан дуудлагын жолооч залуу тоормос гишгэн рулиэ баруун тийш буюу буруу тал руугаа дарж урдуур хөндлөн орж ирээд цагаан суудлын автомашиныг мөргөсөн. Тэгээд би машинаас буугаад ирэхэд баруун зүүн чиглэлд явахаар зогсож байсан жижиг суудлын автомашиныг, цагаан суудлын автомашин мөргөсөн байсан. Тухайн үед цагаан өнгийн суудлын автомашины хойд суудалд нэг эмэгтэй гэмтсэн гээд босож чадахгүй байсан. Тэгтэл уг автомашинд хамт явсан бололтой эмэгтэй жолоочийгоо улаан гэрлээр орсоноос болж ийм аваар осол боллоо гээд загнаад байсан. Тэр үед цагаан өнгийн суудлын автомашиныг жолоодож явсан жолооч ахаа уучлаарай би гар утсаа оролдож яваад улаан гэрэл дохиогоор орчихсон гэж ярьж байсан.

... Автомашины урд тал бүгд эвдэрч хэмхэрсэн. Делта сервис дээр очиж автомашины явах эд ангийн оношлогоо болон Тэнцвэр эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 7.426.600 төгрөгний хохирол учирсан. Тийм болохоор уг хохирлыг түргэн шуурхай барагдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 21-22 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Л.Барцэрэнгийн “... Энканто хотхоны баруун урд талын уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээнд уулзварын зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохио хүлээгээд улаан гэрэл дохион дээр зогсож байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байсан цагаан өнгийн  суудлын автомашин 2 дугаар эгнээнээс улаан гэрэл дохиогоор уулзвар нэвтрэхдээ маш хурдтай орж ирсэнийг би хараад автомашиныхаа рулийн хүрднээс хүчтэй бариад зогсож байтал ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байсан бараан өнгийн Lexus Lx-450 маркийн автомашин уулзварын дунд гэрэл дохио зөрчиж орж ирсэн. Цагаан өнийн суудлын автомашины жолооч талаас буюу зөв талаас мөргөж түрж явсаар байгаад миний автомашины зөв талын урд хэсэг рүү хүчтэй мөргөж зогссон. Миний автомашин руу хүчтэй мөргөсөн учраас зүүн урагшаа чиглэлтай хагас хөндөлдсөн байдалтай байсан.

... Автомашинаа хурдан засуулж хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх шаардлагатай байгаа учраас учирсан хохирлыг түргэн шуурхай барагдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 24-25 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бямбасүрэнгийн “2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шөнө БНХАУ-ын Өвөрмонголоос Улаанбаатар хотод автобусаар ирсэн. Тухайн шөнө манай хүргэн ах Барцэрэн өөрийнхөө  эзэмшилийн 76-73 УБУ улсын дугаартай Hyundai Verna маркийн автомашинтайгаа Хан-Уул дүүрэг Лавай авто вокзал дээрээс тосч аваад Жуков руу очихоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энканто хотхоны баруун урд талын уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээнд уулзварын ногоон гэрэл дохио хүлээгээд улаан гэрэл дохио дээр зогсож байтал нүд ирмэхийн зуур автомашины гэрэл гялс гэж харагдаад хүргэн ахын маань автомашины зөв талын урд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Тэр үед ирж мөргөсөн цагаан өнгийн суудлын автомашин дотор эмэгтэй хүн орилоод  байсан.

...Ослын улмаас миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар хуудас/

 

Гэрч Б.Баттулгын “... миний явж байсан урсгалын гэрэл дохио ногоон асчихсан байсан байхаар нь 50 гаран км/цагийн хурдтай 1 дүгээр эгнээгээр явж байтал 2 дугаар эгнээгээр зорчиж явсан ачааны Howo маркийн автомашиныг гүйцэж түрүүлээд уулзвар руу ортол ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 2 дугаар эгнээнээс цагаан өнгийн суудлын автомашин их хурдтай орж ирэхээр нь би унаж явсан автомашинаа зогсоохоор тоормос гишгэсэн боловч гулсаж хальтираад цагаан өнгийн суудлын автомашины буруу талын хоёр хаалга руу голлож мөргөөд цааш гулсаж байгаад баруунаас зүүн чиглэлд явдаг урсгалд 2 дугаар эгнээнд зогсож байсан Hyundai Verna маркийн автомашиныг очиж мөргөөд зогссон. Машинаас буухад цагаан өнгийн суудлын автомашины хойд талын суудалд нэг эмэгтэй зорчиж явсан ба гэмтсэн гээд хөдлөхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6011 дугаартай:

“1. Б.Оюунсувдын биед хүзүүний гуравдугаар нугалмын их биеийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 41 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №244 дугаартай:

“1. Toyota Premio маркийн 00-07 БУЛ дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Мэндбаярын Б- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна” 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно” гэсэн  заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Lexus RX450 маркийн 71-64 УБУ улсын дугаартай автомашины жолооч Батзоригийн Баттулга нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Hyundai Verna  маркийн 76-73 УБУ улсын дугаартай автомашины жолооч Лхамсүрэнгийн Барцэрэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна”  гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 60-61 дүгээр хуудас/

 

Тэнцвэр эстимэйт ХХК-ны Lexus RX450h маркийн 71-64 УБУ улсын дугаартай автомашиныг 7.426.600 төгрөгөөр үнэлсэн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 69-70 дугаар хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ны Hyundai Verna маркийн 7673 УБУ улсын дугаартай автомашиныг 793.000 төгрөгөөр үнэлсэн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 87-89 дүгээр хуудас/

 

Иргэний хариуцагч А.Отгонбаатарын “... 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр М.Б- надтай утсаар яриад эхнэр эмнэлэгт төрөхөөр хэвтсэн машин хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн эзэмшилийн Toyota Premio маркийн 00-07 БУЛ улсын дугаартай автомашинаа өгсөн. Миний автомашины буруу талын хоёр хаалга, багана, босго, буруу талын крило чихэгдэж хонхойсон. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгээгүй. Учир нь автомашиныг М.Б- засаж янзлуулж өгсөн. Тийм учраас миний зүгээс цаашид М.Б-гаас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эзэмшлийн автомашинтай М.Б- явж байгаад аваар осол хийсэн учраас М.Б- төлж барагдуулах ёстой. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 126-127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 13 дугаар байрны 97 тоотод иргэн Г.Мөнгөнхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Мөнгөнхуягийн “Би 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед өөрийн найз Оюунсувдын Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололд байдаг гэрт нь очсон. Тэгээд намайг найзындаа ороход манай найз Оюунсувдын хүзүүг гэмтээсэн гээд Б- гээд залуу байсан. Тэгээд бид гурав Оюунсувдын гэрт жоохон юм ярьж байгаад Хүнсний 4 дүгээр дэлгүүр орохоор болж Б- гэдэг залуу Оюунсувдын машиныг бариад бид гурав явсан. Тэгээд Хүнсний 4 дүгээр дэлгүүр ороод бид гурав Оюунсувдын ажил дээр 2-3 цаг болоод буцаад Оюунсувдын гэр лүү явсан. Тэгээд бид гурав 19 цагийн үед Оюунсувдын гэрт очоод нэг хоол идчихээд Оюунсувдын гэрт байсан тал хүртэл нь уусан хагас шилтэй Ballantines нэртэй виски боло Kirkland нэртэй тал шил вискиг Оюунсувд бид хоёр хуваан уусан. Тэгээд байж байтал нөгөө Б- гэх залуу манай найз Оюунсувдыг цагдаад гаргасан өргөдлөө буцаагаад авчих гээд жоохон дарамтлах маягтай яриад байхаар нь би тэр хоёрын дундуур орон маргасан. Тэгээд би тэр Б- гэх залуутай маргаад байж байтал тэр залуу намайг муу гичий минь гэх зэргээр доромжлоод байхаар нь би тэр залууд чи адилхан гичийнээс гараагүй гэх зэргээр маргаж байтал тэр залуу миний зүүн нүд, хацар орчим болон нүүрэнд баруун гараа зангидаж байгаад нилээн олон удаа цохисон. Тэгээд тэр залуу намайг зодож байгаад өөрөө больсон даруй би найз Оюунсувдын гэрээс гараад гэртээ харьсан.

... Миний биед учирсан гэмтлийг манай найзын гэрт байсан Б- гэх залуу гараараа цохиж зодон учруулсан байгаа.

... Миний хувьд гомдолтой байна. Өөрийн биед учирсан гэмтлийн улмаас гарч байгаа зардлуудаа гаргуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 197-198 дугаар хуудас/

           

Гэрч Б.Оюунсувдын “... Мөнгөнхуяг, Б- хоёр тоглож байгаад сүүлдээ уурлаад байхаар нь Б- босоод жижиг өрөөнд орчихсон. Тэгтэл Мөнгөнхуяг араас нь Б-гийн өрөөнд орох шиг болсон. Тэгтэл Мөнгөнхуяг Б- хоёр чанга чанга дугараад байхаар нь би жижиг өрөөнд ороход Мөнгөнхуяг, Б- хоёр босоод зогсчихсон Б- чи миний толгой руу цохидог хэн бэ гэж хэлээд маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгахад миний үгэнд ороод хэсэг чимээгүй болоод байхад Мөнгөнхуяг элдвээр Б-г доромжлоод байсан учир Б-, Мөнгөнхуягийг барьж аваад тэгээд хоёулаа хамт газарт унасан. Тэгээд би болиоч гэхэд Б- босоод гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд араас нь Мөнгөнхуяг гарсан. Гадаа юу болсон эсэхийг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 203-204 дүгээр хуудас/

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9081 дугаартай:

“1. Г.Мөнгөнхуяг-н биед зүүн нүдний зовхи, уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 209 дүгээр хуудас/

 

М.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би хохирогч Г.Мөнгөнхуягийг түлхээд унагаасан. Тэгээд босч ирэхдээ амнаас нь цус гарсан байсан. Тухайн үед унахдаа уг гэмтлийг авсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би тухайн үед хохирогч Мөнгөнхуягаас уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 215-216 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч М.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан  гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Б- нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэм хэргийг гэм буруугийн болгоомжгүй, харин  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч З.Ганболдод нийт 7.836.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирчээ. Энэ хохирлоос шүүгдэгч М.Б- нь 780.000 төгрөг төлсөн бөгөөд уг мөнгийг хасч үлдэх 7.056.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж З.Ганболдод олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч М.Оюунсувд “гомдол санал байхгүй болно” гэсэн тайлбар, иргэний нэхэмжлэгч А.Отгонбаатар нь “автомашиныг М.Б- засаж янзлуулж өгсөн. Тийм учраас миний зүгээс цаашид М.Б-гаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Барцэрэнгийн “хохирол бүрэн төлж барагдуулсан, санал хүсэлт байхгүй” гэсэн тайлбар зэрэг байдлуудыг үндэслэн шүүгдэгч М.Б-гаас нэмж гаргуулах төлбөргүй байна.

Хохирогч Г.Мөнгөнхуяг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа гаргаж хэрэгт хавсаргаагүй тул түүний иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдав.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Харсүрэг овогт Мэндбаярын Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар М.Б-гаас 7.056.600 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Ганболдод олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Мөнгөнхуяг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М.Б-гийн жолоочийн В ангилалын 712278 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ